ордыг ажилд оруулах алхмаас түрүүлээд алаагүй баавгайн арьсыг хуваах
аян хүчтэй өрнөж байх шиг. Хувь хүнд үнэгүй өгөх хувьцааны тоог голж
чамлаж ч байх шиг, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр хувьцаагаа өгч
байгаа юм чинь бид бас авах ёстой гэж төрийн бус байгууллагууд барьцаж ч
байх шиг. Ашгийн бус байх ёстой гэж тунхагладаг төрийн бус
байгууллагынхан ч барьцаж эхэлнэ гэдэг ёстой л алаагүй баавгайн арьсны
үлгэрийг санагдуулам. Хүний амьдралд төдийгүй улс, үндэстний түүхэнд
ганцхан тохиох, магадгүй дэлхийд ч ховорхон алтан боломж болохоор арга
ч үгүй юм. Одоо зарим нь шилжилтийн гэгдэж байсан тэр түйвээнт үед
сэрж, сэхээрч бүр муугаар нь хэлбэл, луйвардаад ч болох нь ээ “хөл”-тэй
болох минь яалаа гэж амаа барин халагладаг шиг Тавантолгойн хувьцаа бол
алдаж боломгүй баялаг гэж адгаж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ яагаад аж
ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь хувьцаа олгоно гэхээр уурлаж
бухимдаад байгаа юм бол? Хэн нэг нь тухайлбал, одоо компанитай өөрөөр
хэлбэл, хөрөнгө чинээтэй байгаа хэдхэн хүн нэмээд хөлжчих вий гэсэн
мөчөөрхүү адгал энд бас харагдаж л байгаа. Хэдийгээр Монголд 50 гаруй
мянган аж ахуйн нэгж байгаа гэдэг ч эдгээр нь зөвхөн 2700 гэр бүлийн өмч
гэж нэг ухаантан нь тооцоо гаргаж. Магадгүй юм.
Тэгээд тэр
хэдхэн гэр бүл хөлжиж, жирийн бид хохирч үлдэх вий гэж аймаар байна уу?
Үүнд бол иргэдэд хувьцаа үнэгүй өгнө гэсэн хариулт бий. Харин тэртэй
тэргүй баячуудад илүү боломж олгож хэдэн мянган хувьцаа нэрлэсэн гэх
хямдарсан үнээр нь өгнө гэсэн хийрхүү омог бас нэмэр болж байх шиг.
Ер нь бол компани нэртэй үйл ажиллагаа явуулдаггүй, хэн нэгний
халаасанд тамга нь бөмбөрч явдаг хэсэг ч бий, хувьцааны сургаар
гэнэт “амилсан” амьгүй албатууд ч бас бий л байх. Басхүү төдийгөөс
өдий хүртэл бор зүрхээрээ зүтгэж, цөөн ч гэсэн хүмүүсийг цалинжуулж
ажиллуулдаг жижигчүүд ч, охин компанийнхаа тоог мэдэхээ байсан шахуу
томчууд ч бий. Гэхдээ ямар ч аж ахуй нэгж байлаа төрийн албатууд шиг
төсвөөс цалин хүлээж, эсвэл амьдрал ядуу гэж хишиг горьдогсдоос тэс
ондоо. Тэд хэнээс ч гуйхгүйгээр өөрсдийнхөө амьдралыг болгоож, бүр
цэцэглүүлж, өрөөлийн амьдралыг ч бас залгуулж яваа, ажилчдаа
цалинжуулж бас татвараа төлж. Нэг үгээр хэлбэл, аж ахуйн нэгж гэдэг
хуучны гэмээр нэртэй тэр эд эс болгон баялаг бүтээгчид. Тэд бол талх
барьж, газар хагалж, үйлдвэр босгогчид. Тэд бас хуушуур хийж, хүний үс
засч, гутлын ул тахалж, үйлчилгээ эрхлэгсэд. Тэд бас хаммер жийп
хөлөглөж, хамгаалагч, туслагч хөлслөгчид, хүүхдүүд нь тансаглалын
дээдийг эдлэгч гэж шар хэвлэлийн хуудаснаа гоочлуулагсад. Гэхдээ яагаад
хүн өөрийнхөө бүтээсэн хөрөнгөөрөө хүссэнээ хийж, өөрөөр хэлбэл,
тансаглаж, аархаж, ямбалж болохгүй гэж… Дээрээс нь Тавантолгойн
хувьцаанаас яагаад худалдаж авч болохгүй гэж. Нэг хэсэг Монголын баялаг
200-хан гэр бүлийн гарт байна гэж асан бол 2700 гэдэг бас ч том тоо
сонсогдож байна. Монголд 2700 манлайлагч байна гэдэг гоё тоо биш үү?
Угаас
нийгмийг оюун санааны хувьд ч санхүүгийн хувьд ч чирж явдаг хэсэг нь
цөөхөн хүмүүс байдаг. Хүн болгон сансрын нисэгч болдоггүй. Тэр тусмаа
хүн болгон компанийн захирал болж бусдын өмнөөс үүрэг хариуцлага үүрэн,
удирдан манлайлагч байж чаддаггүй. Тэр тусмаа тэнэг хүн мөнгө
“хийдэггүй”, мөнгөтэй хүн залхуурч суудаггүй. Тэд баялаг бүтээж, татвар
төлж, бусдыгаа цалинжуулж байгаагийнхаа төлөө үгүйдээ л компани
байгуулж чадсан “бяр”-ынхаа хүчинд нэрлэсэн үнээр хувьцаа авах эрхтэй.
Тэгээд ч ямар зүгээр авах гэж байгаа биш. Хамгийн гол нь тэд нэрлэсэн
үнээр хувьцаа худалдаж авах чадалтай, басхүү зүгээр өгсөн хишиг гээд
балгалзаад өлбөлзөөд өнгөрөх тэнэгүүд биш. Ер нь ингэхэд нэрлэсэн
үнээр авсан хувьцааг идээд уугаад дуусгачихна, хэдхэн гэр бүлийн хоол
болно гэж хэн хэлээд байгаа юм бэ? Харин төдийгөөс өдий хүртэл авч
явсан компаниа өөдөлж дэвжээхэд зарцуулах хүсэл үндэсний компаниудад
маань буцалж байгаа гэж итгэж байна. Нэрлэсэн үнээр авсан хувьцааны
үнэ өсөөд ирэхийн цагт зарж борлуулаад компанидаа хөрөнгө оруулалт хийх,
эсвэл Тавантолгойн их бүтээн байгуулалтад ч хүчээ өргөх хүсэл бий гэж
найдаж байна, үндэсний аж ахуйн нэгжүүдэд маань.
Энд төрөөс
төрсөн тэрбумтнууд хийгээд, луйвар хулгай аргаар хөлжигсдийг огт
хэлээгүй юм шүү. Хэн нь шударга бус замаар хөрөнгөтэй өөрөөр хэлбэл, нь
шударга бус замаар хөрөнгөтэй компанитай болсон нь жичдээ хууль
хяналтынхны харж, хянах, шийдэх ёстой асуудал.. Харамсалтай нь тэд,
одоо ч мянга хашгираад ч луйврын мөнгөөр боссон, улстөрчдийн халаасанд
байдаг компаниудыг ялгаж салгаж чадахгүй. Одоо луйвар, хулгай хийж
байгааг нь ч илрүүлж чадахгүй байгаа юм чинь. Басхүү хувьцаа хуваах
сургаар хий компани байгуулсан эсэх тухай асуудлыг ч шалгадаг хянадаг
байгууллага нь бий. Тэр ч утгаараа зохих ёсоор татвараа төлж байсан
болон 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан гэх мэт цаг
хугацааны шалгуур ч тавьсан байгаа шүү дээ.