Хар тамхи терроризмтэй тэмцэхээс хэцүү

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Хар тамхи терроризмтэй тэмцэхээс хэцүү

Хар тамхины наймааг зогсоох нь терроризмтэй тэмцэхээс хэцүү

Афганистан улсыг дэлхийн хар тамхины эзэнт гүрний нийслэл хэмээн цоллодог. “Аль-Кайда” бүлэглэл хар тамхины ургамал тариалах боломжтой Афганистаны бүс нутгийг мэдэлдээ авсны хүчинд санхүүгийн хувьд хөл дээрээ зогсож чадсан гэх баримт бий. Ямартай ч Афганистан улсад олон улсад худалдагддаг героины 90 хувийг үйлдвэрлэж, марихуан их хэмжээгээр тариалдаг билээ. Үүнийг ажиглагчид дуу нэгтэйгээр баталж байна. Гэхдээ бодит байдал дээр дэлхийн олон орон хэдийнэ хар тамхины үүр уурхай болсон тухай саяхны нэгэн судалгаа харуулжээ.

Хар тамхийг ихэвчлэн чинээлэг орнуудын иргэд хэрэглэдэг. Харин ядуу буурай орнуудад үйлдвэрлэдэг аж. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр хөгжиж буй орнуудад мансууруулах боди­сыг хэтрүүлэн хэрэглэх хандлага түгээмэл ажиглагдах болжээ. Түүнчлэн зүүн Африкийн орнуудад героины хэрэглээ маш богино хугацаанд асар их өссөн байна. Африкийн баруун хэсэг, Өмнөд Америкийн орнуудад кокайны хэрэглээ нэмэгдсэн бол Ойрхи Дорнод, Зүүн, өмнөд Азид хар тамхины үйлдвэрлэл өсчээ.  НҮБ-ын салбар хариуцсан гүйцэтгэх захирал Антонио Мария Коста “Өмнө нь хар тамхины хэрэглээ хөгжингүй орнуудад их байсан. Харин одоо хөгжиж буй орнууд дахь хэрэглээ ихэсч байгаа нь  хар тамхины тархалт хүчтэй байгаагийн илрэл” гэсэн байна. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд Афганистанд хар тамхины үйлдвэрлэл 28 хувиар буурсан гэх мэдээлэл байгаа юм. Харин хөгжингүй орнуудын хувьд хэрэглээ нь тогтвортой, байнгын болжээ.

НҮБ-аас гаргасан судалгаагаар Афганистан улс 2009 онд 6900 тонн героин үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн онд энэ хэмжээ 48  хувиар буурчээ. Үүний шалтгаан нь цаг уурын өөрчлөлтөөс болж хар тамхины ургамлын тариалалт багассан явдал юм. Гэхдээ НҮБ-ын шинжээчдийн тооцоогоор дэлхийн зах зээлийг дахиад 2.5 жил бүрэн хангахуйц буюу 12 мянган тонн героины нөөц Афганистанд бий. Энэ нь тус улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Олон улсын зүгээс хар тамхины хэрэглээг бууруулахын тулд дорвитой алхам хийх, үйлдвэрлэгчдэд нь дарамт шахалт үзүүлэх зэргээр олон арга хэмжээ авж байгаа. Гэвч байгалийн бус хүчин зүйлээс хамаарч үйлдвэрлэл нь буурахгүй байгаагийн шалтгаан юу вэ. Үүнийг ажиглагчид янз бүрээр тайлбарладаг. Юун түрүүнд, Афганистан бол “Аль-Кайда” тэр­гүүтэй террорист бүлэглэлүүдийн “эх орон”. АНУ “Есдүгээр сарын 1”-ний хэргээс хойш терроризмын эсрэг тууштай тэмцэж, үүнд олон тэрбум ам.доллар зарцуулж байгаа билээ. Тиймээс тэдний эсрэг хөдлөхийн тулд алан хядах бүлэглэлүүд хар тамхины үйлдвэрлэлээс сан­хүүжилтээ олж авдаг аж. Түүнээс гадна хар тамхины ургамал тариалж байгаа талбайнуудыг устгах ажилд терроризмтэй тэмцэхээс ч  илүү зардал шаардагдах нь тодорхой болжээ.

Хар тамхины ургамал жирийн улаан буудайн талбайд ургадаг явдал нь мөн л энэхүү аймшигт бодистой тэмцэх замд саад болж байна. Хэрэв мансууруулах бодисын талбайг сүйтгэвэл фермерүүд хүнд байдалд орох аж. Зөвхөн Афганистаны хувьд гэхэд улаан буудайн   бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл рүү гаргахад фермерүүдэд төдийлөн ашиг авчирдаггүй байна. ЗХУ-ын цэргүүд 1989 онд тус улсыг орхин явах үеэс Афганистаны дэд бүтэц хөгжихөө больсон гэх дүгнэлт цөөнгүй бий. Учир нь тухайн үед гарч байсан зэвсэгт мөргөлдөөн, ширүүн тэмцлээс болж тус улсын авто болон төмөр зам сүйджээ. Харин Засгийн газарт нь дэд бүтцээ хөгжүүлэх хөрөнгө байгаагүй юм. Хар тамхины үйлдвэрлэлээр Афганистаны дараа Мянмар, Колумби, Мексик улс орж байна.
Олон улсад гаргаж буй хар тамхины нийлүүлэлтийн тал хувийг манай хойд хөрш болон баруун Европын орнуудын иргэд хэрэглэх болж. Их Британи, Итали, Франц, Герман зэрэг Евро бүсийн эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлж буй гүрнүүд хэрэглээгээрээ тэргүүлж байна. Албан бус судалгаагаар ОХУ-д хар тамхи хэрэглэгчдийн тоо 1.6-1.8 саяд хүрчээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд мансууруулах бодист донтдог орос иргэдийн тоо 10 дахин нэмэгдэж, жил бүр 30-40 мянган хүн энэ зуршлаас болж нас барж байгаа. Хар тамхины зах зээлийн нийт өртөг ойролцоогоор 65 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. НҮБ-аас гаргасан баримтаар Европын хар тамхины гол зах зээл нь 3.1 сая герион хэрэглэгчээс бүрддэг гэнэ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Талибан хөдөлгөөнийхөн хар тамхины төрлийн намуу цэцгийн боловсруулалтын татвараас жил бүр 75-100 сая долларын ашиг олдог байжээ. Харин 2005 оноос Афганистаны террорист бүлэглэлүүд намуу цэцгийн үйлдвэрлэл болон худалдааны татвараас жилд 90-160 сая долларын орлого олдог болжээ. Афганистаны хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх ажиллагаа нь Төв Азийн оронд мансууруулах бодист донтох, хэрэглээг улам нэмж, элдэв төрлийн өвчин дэгдээхэд гол нөлөө үзүүлж байна гэж НҮБ-ын тайланд дурьджээ. Ямартай ч хар тамхины худалдаа хурдацтай нэмэгдсээр байгаа нь үнэн билээ.

Т.ЭЛИСА

Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж