Өгөөжөө өгдөггүй өсөлт

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Өгөөжөө өгдөггүй өсөлт


Өгөөжөө өгдөггүй өсөлт буюу хэмжиж, дэмжихийн алдаа

Энэ оны эхний дөрвөн сарын байд­лаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 9.7 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос саяхан мэдээлсэн. Энэ нь сүүлийн гурван жилд гараагүй том амжилт. Үүнтэй зэрэгцээд инфляци “дан дугуйндаа” орсон нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч буй хэрэг хэмээн улстөрчид сайрхан ярьж байгаа. Үнэхээр иргэдийн орлого нэмэгдэж, худалдан авах чадвар нь дээшилж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ мон­голчуудын сарын дундаж цалин нэ­мэгдээд нэмэгдээд өнөөдөр 400 мянган төгрөг хүрэхтэй, үгүйтэй л байна. Ойролцоогоор 395 мянган төг­рөг гэсэн тоо байдаг. Цалин, тэт­гэв­рийн хэмжээг тодорхой ху­виар нэмэхтэй зэрэгцээд өргөн хэрэг­лээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. Тэгэхээр худалдан авах чад­вар дээшилсэн гэдэг нь тийм ч үн­дэслэлтэй санагдахгүй байгаа юм.

Энэ бол наад захын асуудал. Үүнээс өөр анхаарал татаж буй нэг зүйл нь үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ хэмээх ойлголт. Эдийн зас­гийн өсөлт, бууралтыг хэмжих үүрэг бүхий байгууллага ДНБ-д ямар өөрчлөлт гарч буйг сар, улирал, жилээр гаргаад байдаг ч ҮНБ-ийг сүүлийн жилүүдэд бараг л ор тас мартсан гэхэд болно. Манай улсын ҮНБ сүүлийн арваад жилд хэрхэн өөрчлөгдсөнийг дотоодын эх үүсвэрээс хайгаад үл олдоно. Харин эдийн засгийн мэдээллээр дагнадаг гадаадын зарим цахим хуудаст Монгол Улсын ҮНБ-ий үзүүлэлтийн талаар зарим нэг тоо баримт байгаа юм.

Товчхондоо бол улсын хил хязгаа­раас үл хамааран Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд тухайн жи­лийн хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийлбэрийг ҮНБ гэдэг. Харин ДНБ нь зөвхөн тухайн улсын хил хязгаарын дотор үйлдвэрлэсэн нэмүү өртгийн хэмжээг илэрхийлдэг. Гэхдээ гадаад, дотоодын эзэмшил хамаа­рахгүй. Үүнд л хамаг учир байгаа юм. Манай улсын эдийн засгийн голлох салбаруудад гадаадын аж ахуйн нэгжүүд томоохон байр суурь эзэлдэг болсон. Ялангуяа, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг уул уурхайн салбарт үндэсний компаниуд жижигдэж, гадныхан орон зайг нь эзлэх хандлага хамгийн түгээмэл. Мөн худал­даа, үйлчилгээний салбарт гадныхан л зонхилдог. Тиймээс ДНБ өсөлттэй гарлаа ч монголчуудын хүртэх ашиг 100 хувь байж чадахгүй нь ойлгомжтой. Манайхан нэг жилийн дотор бий болгосон нэмүү өртгийн чухам хэдэн хувь нь дотоо­дын зах зээлд шингэж, эдийн засагт ямар өгөөж өгч буй талаар нарийвчилсан судалгаа гаргадаггүй. Тэгэхээр өсөлтийн өгөөжийг хэн хүртэж байгааг яг таг хэлэх боломж одоохондоо алга. Гэхдээ эдийн засаг өсөлттэй гарлаа ч бодит байдал дээр үр дүн нь мэдрэгдэхгүй байгаагийн гол шалтгаан энэ гэдгийг зарим эдийн засагч хэлж байгаа юм. Мөн манай улс эдийн засгийн хэмжүүрээ буруу тодорхойлоод байна гэж шүүмжлэх хүн ч олон бий. Түүнчлэн “Монгол Улс бусдад баяжих боломж олгодог маш чухал газар буюу мөнгө бий болгох бааз болсон” гэх агуулгатай мэдээлэл дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга цацагддаг болоод байгаа. Үүнийг үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэвэл ийн тайлбарлах хангалттай үндэслэл бий. Наад захын жишээ нь, уул уурхайн салбарт ажиллаж буй гадаадын иргэд сард хамгийн багадаа 600-800 мянган төгрөг буюу монгол ажилчдаас хоёр дахин их цалин авч байгаа юм. Албан тушаал, мэргэжлийн онцлогоос хамаараад хоёр сая төгрөг хүртэл цалин авдаг хүн ч олон бий. Харин монгол хүн ийм хэмжээний цалин авахын тулд харь орныг зорьж, хатуу хөтүүг нь хийж байгаа гэдгийг бүгд л мэднэ. 

Энэ бүхнээс “Монголчууд Мон­гол­доо сайхан амьдрахын тулд ДНБ бус, ҮНБ-ээ өсгөхийг чухалчлах шаард­лагатай” гэсэн товч бөгөөд тодор­хой шийдэл харагдаж байна. Гэхдээ ҮНБ-ээ яаж өсгөх арга замыг бас тодорхой болгох шаардлагатай юм. Чухамдаа ҮНБ-ээр эдийн засгаа хэмжиж, дэмжиж чадсан улс орнууд өнөөдөр дэлхийд гайхуулж байна. АНУ, Хятад гэсэн хоёр их гүрэн “Өсөл­тийн өгөөж манай улсын иргэнд л наалдах ёстой” гэсэн аминч­хан үзлээр асуудалд ханддаг. Бас тэргүүлдэг. Харин манай улсад яаж байна. Эдийн засаг өсч, инфляци буу­раад байна л гэдэг. Гэвч иргэд нь хоёр талхны мөнгөөр нэг талх худалдан авч байх жишээтэй. Мөн ядуурал, ажилгүйдлийн түвшин буурдаггүй. Ийм харьцангуй “үр дүн”-гүүд нь яах аргагүй ҮНБ-ээ үл тоож, ДНБ-д дэмийрсний шинж гэлтэй.   

Монгол Улсад орж ирж буй орло­го, бүтээж буй баялгийг монгол хүний сайн сайхны төлөө зарцуулъя гэвэл эхлээд ядаж эдийн засгаа зөв хэмждэг болох хэрэгтэй байна. Мөн ҮНБ-ий өсөлтийг дэмжихийн тулд юун түрүүнд зээлийн хүүг бууруулж, дотоодын бизнес эрхлэлтийг нэмэг­дүүлэх учиртай гэдгийг эдийн засаг­чид хэлж байна.

Ч.ДАШДЭЛЭГ
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж