Орон сууцны ханш хямд байх боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Орон сууцны ханш хямд байх боломжтой

Үнэгүй газарт барьсан орон сууцны ханш хямд байх боломжтой

Их тэнгэр, Яармаг, Гачууртыг зүглэхэд энд тэнд томоос том хашаа хатгасан нь харагддаг. Дэргэдүүр нь өнгөрөх хүмүүсийн дийлэнх нь тэр хашаануудыг “Хэн гэдэг мөнгөтэй хүн нь энэ газрын авсан байдаг юм бол доо” хэмээн хэлнэ. Харин нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас авсан мэдээллээр дээрх газруудын дийлэнх нь орон сууц барихаар зөвшөөрөл авсан байршил болж таарав. Гэтэл Газрын тухай хуулийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жилийн хугацаанд  ашиглаагүй тохиолдолд улсын мэдэлд эргүүлэн авна хэмээсэн нь бий. Харин дээрх том хашаанууд хоёр байтугай жилийн хугацаанд бидний нүдэнд торж байгаа. “Хоёр жи­лийнх нь хугацаа өнгөр­чихөөд байхад дээрх газруудыг улсын мэдэлд эргүүлэн татвал яасан юм бэ” хэмээсээр нийс­лэлийн Газрын албаар орвол “Хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр… гэсэн үг бий” хэмээн тайлбарлаж байна. Харин  хуульд хүндэтгэх шалтгаан гэдгийг юу гэж ойлгож болох талаар тайлбарлаагүй тул өнөөдөр нийслэл хот ашиглах хугацаа нь тодорхойгүй том хашаануудад дарагдаад байна.

Олны мэдэхээр Усан спорт, сургалтын төвийн дэргэд байсан цэцэрлэгт хүрээлэнг тойруулж хашаа хатгаад хоёр, гурван жилийн  хугацаа өнгөрлөө. Гэтэл хүндэтгэх шалтгаантай байгаа тул одоо болтол тэнд салхинд нурсан хашаа, манаач айлаас өөр зүйл харагдахгүй. Хүндэтгэх шалтгаан нь юу байсныг нийслэлийн Газрын албаныхнаас тайлбарлах хүн олдсонгүй. Уг нь хотын төвийн энэ газрыг тордоход ядах зүйл үгүй баймаар. Ус, дулаан бүгд л холбогдсон газар шүү дээ.

Яармаг орох зам дагуу байрлах том хашаанууд тэр хавийн айлуудын хэлж буйгаар наад тал нь таван жил болж байгаа гэх. Мөн ам метр нь 10 мянган төгрөгийн ханштай материалаар хааш хаашаа 300 метр орчим үргэлжлэх том хашаа барьчихсан байна. Магадгүй эдгээр хашааг хатгагчид дэд бүтцээ улсаар шийдүүлэх хүртлээ барилга барина л гэж үгүй байх.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөв­лөл­тийн газрын Хан-Уул дүү­рэг хариуцсан архитектор Л.Даваажаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Газрын тухай хуульд эзэмшсэн газраа хоёр жил дараалан  ашиглаагүй тохиолдолд улсын мэдэлд эргүүлэн авна гэсэн заалт байдаг. Гэтэл танай хариуцаж буй дүүрэгт том, том хашаа хатгасан байдал харагдаад удаж байна?

-Бид тэр газрыг олгох үед ерөнхий төлөвлөгөө хийсэн. Тэр төлөвлөгөөг хийсний дагуу барилгажих ёстой. Гэхдээ нөгөө талаас манай Хот байгуулалт, төлөвлөлтийн газар үүрэг хүлээдэг. Нэгэнт төлөвлөгөө хийсэн бол тэр газар руу инженерийн шугам сүлжээ татаж өгөх ёстой. Энэ тохиолдолд хэдийгээр зураг төсөл нь гарсан ч инженерийн шугам сүлжээг нь татах ажилд хөрөнгө мөнгө байхгүйгээс хойшлогдоод байгаа юм.

-Хүндэтгэх шалтгаан гэдэгт нь үүнийг оруулдаг уу?

-Тийм. Ийм шалтгаан байгаа. Яагаад гэхээр тухайн үедээ хотын төсөвт зураг тэр зүгт татах инженерийн шугам сүлжээнийх нь зардлыг тусгасан байсан.

-Тэр хашаануудад хэзээнээс барилга барих бол?

-Эхний ээлжинд Буянт-Ухаагийн дэнжээр байгаа том хашаануудад 1900 айлын орон сууц барина. Тэр хэмжээнийх  нь шугам сүлжээнийх нь ажлыг хийнэ гэхээр нэг л болж өгөхгүй байна. Орон сууц санхүүжилтийн корпорациас энэ ажлыг хийж байгаа. Гэхдээ шугам сүлжээг нь шийдэхгүй бол хэчнээн барилга бариад яах юм бэ.
“Шинэ бүтээн байгуулалт” төс­лийн хүрээнд 2016 он хүртэлх хугацаанд 36 байршилд 75 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Ингэхдээ үндсэн долоон чиглэлээр уг ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд шинэ хотхон хороолол барих замаар 20 мянга, нягтрал сайжруулах чиглэлээр 17 мянга, гэр хорооллыг барилгажуулж 21 мянга, хуучин барил­га байгууламж, агуулахуудыг буул­гаж 6600 айлын орон сууц бари­хаар болсон. Тиймээс дээрх шиг хашаалсан том талбайнуудад арга хэмжээ авахгүй бол 20 мянган айлын орон сууц барих газар олдохгүйд хүрч болзошгүй. Барилгын салбарынхан ч үүнийг хүлээн зөвшөөрч буй.

Нийслэлийн Газ­рын албаны Газрын менежмент төлөв­лөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баатаржаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Орон сууцны үнийг хямд байлгахын тулд барилга барих газар үнэгүй байх шаардлагатай. Тиймээс Газрыг улсын мэдэлд эргүүлэн татах хууль бидэнд хэрэгтэй гэж барилгын салбарынхан ярьж байна?

-Энэ хуулийн төслийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас санаачилан, боловсруулсан. Хууль хэдийд батлагдахыг хэлж мэдэхгүй байна. Одоо ийм хууль байхгүй бол бусдын эзэмшлийн газрыг шууд очоод улсын хэрэгцээнд авчихаж болохгүй байна.

-Газрын тухай хуулиар үүнийг зохицуулж чадахгүй байгаа гэсэн үг үү?

-Газрын тухай хуулийг 2002 онд баталсан. Түүнээс хойш есөн жил өнгөрлөө. Энэ хугацаанд газрын харилцаа, өмчлөлийн асуудал өөрчлөгдлөө шүү дээ. Улсын хэрэгцээнд зайлшгүй эргүүлэн татах шаардлагатай газар гарч ирж байна.

-Улсын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай газар гэдгийг тодруулахгүй юу?

-Дэд бүтэц, шугам сүлжээ, зам харгуй тавих, сургууль, цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатай газрууд юм.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж