“Номын баяр”-т оролцож, номоо хямд үнээр зарж байгаа 20 орчим газрын цөөхөн хэд нь хуучин номын худалдаачид байх ажээ. Тэд бусад оролцогчдыг бодвол хамгийн олон номтой. Олон номоосоо лангуун дээр өрөхийг нь өрж, хайрцганд хийхийг нь хийжээ. Тэднээс “Хамгийн ховор, сонин ямар ном байна вэ. Олж, өгч туслаач” хэмээн гуйв. Гэсэн ч “энэ” гээд аваад өгөхийн оронд “Зөндөө олон ном байгаа. Хүссэн номоо олж авахын тулд сайн ухах хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг өгсөн юм. Үүнийг нь олон хүн дагаж байгаа харагдсан. Зөвлөгөөг нь дагаад хайрцаг, савтай номыг нь ухвал М.А.Шолоховын“Дөлгөөн дон”, Францын зохиолч Стендалийн “Улааныхан ба Харынхан” гээд олны мэдэх, шилдэг бүтээлүүд гарч ирсэн. Тэдгээрийн дотор сүүлийн жилүүдэд дэлхийн төдийгүй Монголын номын дэлгүүрүүдийн бестселлер номын жагсаалтад багтсан “Аннэ Франкийн өдрийн тэмдэглэл” номын Монгол хэлнээ хөрвүүлсэн анхны хувилбар нь ч байсан юм. Олонхи хүн мэддэггүй болохоос биш уг ном анх “Франкийн Аннагийн өдрийн тэмдэглэл” нэртэйгээр 1982 онд Монголд худалдаанд гарч байсан аж. Г.Сосорын Герман хэлнээс орчуулсан нимгэн цаасан хавтастай, хуучны ном тухайн үедээ хоёр төгрөг 70 мөнгөний үнэтэй байжээ. Харин одоо “Номын баяр”-т оролцож буй хуучин номын худалдаачин уг номыг 3000 төгрөгөөс хямдруулж 2000 төгрөгөөр өгч байна лээ. Гэхдээ өөр нэг лангуун дээр “8000 төгрөг. Хямдруулаад 5000 төгрөгөөр ав” гэх хариултыг өгч байсан. Тийм учраас сонирхсон ном тань өөр газар байгаа эсэхийг үзэхэд гэмгүй гэж зөвлөх байна.
Сүүлийн үед хүмүүс мөнгө, алдар, нэртэй болох, бусдын хайрыг татах, хүний сэтгэлзүйг танин мэдэх, амжилттай харилцаа үүсгэх аргыг номноос хайдаг болсон. Ийм номын борлуулалт ч харьцангуй сайн байдаг ажээ. “Номын баяр”-т амжилтад хүрэх зөвлөгөө, тухайн нэг хүний өөрийн туршлагын тухай бичсэн энэ төрлийн номыг худалдаалж буй хэд, хэдэн газар байсан юм. Тэд номоо дэлгүүрээр борлуулдаг үнээс нь 30-50 хувиар хямдруулан зарж байгаа ажээ.
Энэ үеэр иргэдтэй уулзахад олонхи нь “Нэг үеэ бодвол ном уншдаг хүмүүсийн тоо олон болсон. Ном унших нь төрөл бүрийн ач холбогдолтой гэдгийг хүмүүс ойлгодог болсонтой холбоотой. Тэр дундаа дэлхийн сонгодог, шилдэг гэсэн бүтээлийг сонгож уншдаг болсон байна. Ном хүнд мэдээлэл өгөхөөс гадна хүмүүжүүлэх үүрэгтэй. Тиймээс хүүхдүүдийг багаас нь ном уншдаг болгох хэрэгтэй” гэж байлаа. Ном борлуулж буй хүмүүс ч “Сүүлийн 2-3 жилийн хугацаанд ном худалдан авдаг хүмүүсийн тоо олширсон. Энэ хэрээр олон төрлийн ном хэвлэгдэж байгаа” хэмээсэн. “Хөгжингүй орнуудад хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх бодлого баримталдаг хэмээн зарим хүн онцолж байсан. Ерөнхийдөө хүүхдүүд мэдлэг, боловсролтой байх ёстой. Түүний хажуугаар хүн шиг хүн болж төлөвших ёстой гэсэн бодлогыг баримталдаг юм байна. Тиймээс ч сургалтын хөтөлбөртөө шилдэг зохиолчдын бүтээлүүдийг оруулдаг ажээ. “Номын баяр”-т хүүхдэд зориулсан номыг дагнан борлуулж буй хоёр, гурван газар байсан. Нэг нь Кембрижийн сургалтын хөтөлбөрт багтсан дэлхийн шилдэг зохиолч-дын хүүхдэд зориулан бичсэн зохиолыг дэлгэсэн байх жишээтэй. “Пиноккио”, “Аянгат даваа”, “Артур вангийн домог”, “Эрдэнэ нуусан арал” гээд хүүхдийн номыг сонирхож буй хүмүүс ч олон байлаа. Эдгээр номууд нь Англи, Франц, Америк гээд өндөр хөгжилтэй орнуудын сургалтын хөтөлбөрт орсон номууд юм байна. Л.Монтгомерийн “Ногоон давхарцгийн Анна” хэмээх номоос асрамжийн газар өссөн бяцхан охин хэрхэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн талаар уншиж болох ажээ. Хамгийн гол нь уг номноос өөртөө итгэлтэй байх, ёс зүйтэй байх, хүний нийгэмд хүнтэй харьцахын үнэ цэнийг ойлгож болно хэмээн номыг борлуулж байсан хүн нь онцолсон юм.
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин