Курилын арлын маргааныг шийдэхээр яарч байна

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Курилын арлын маргааныг шийдэхээр яарч байна

Хүн төрөлхтний түүхэнд эд баялаг, газар нутгийн төлөөх тэмцлээс үүдэлтэй олон дайн болж байв. Үүнийг хэн ч тодорхой хэлж чадахгүй биз. Дайны үед эд баялгаас илүү эзэлж авсан газар нутгийн хэмжээг чухалчилдаг байсан. Мон­голчууд биднийг “Миний Мон­голын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж өвөг дээдэс сануулсан байдаг нь ч учиртай.

Түүхэн хуудсыг сөхөж харъя. XIII зууны үед Монголын эзэнт гүрэн  дэлхийн талыг  эзэлсэн гэж түүх судлаачид үздэг. Харин дараа нь Кристофер Колумб Америк тивийг нээснээр хүмүүсийн амьдарч болох хуурай газрын хэмжээг нэмсэн юм. Америк тивд англичууд газар нутаг олж авахын төлөө колончилолоо тогтоож түүнийхээ төлөө байлдаж байв. Хожим XX зуунд А.Гитлер еврейчүүдээс улс орноо цэвэрлэх нэрийдлээр Орос руу дайрч газар нутгийг нь булааж авахаар оролдоод бүтэлгүйтсэн. Дэлхийн II дайны үед Гитлерийн гол зорилго нь “Цэвэр ариун Ари үндэстэн энэ дэлхий дээр байж, улс орон нь маш том хэмжээний газар нутагтай байх ёстой” гэсэн зарчмыг баримталж байв. Зөнч Ванга хүртэл “Газар нутгийн дайны дараа шашин шүтлэгийн дайн болно” гэж таа­магласан байдаг нь хачирхалтай.

Өнөөдрийг хүртэл Оросын хувьд  газар нутгийн  маргаанаас салаагүй хэвээрээ л байна. Уг нь их гүрнүүдэд байдаг л жижигхэн асуу­дал. Түүхийн хуудаснаа “Аливаа нэг  агуу гүрэн хэзээ нэгэн цагт мөхөж, дараагийн шинэ гүрэн гарч ирдэг нь хорвоогийн жам” гэсэн байдаг. Дараа дараагийн үедээ залгамжлан үлдээх цорын ганц өв бол газар нутаг. 

Курилын аралтай холбоотой Орос, Японы маргаан Дэлхийн II дайн дуусах үед буюу 1945 оноос эхэлсэн. Тэр үед хоёр улс энхийн гэрээ хийсэн боловч Курилын арлын учрыг олж чадаагүй. Өнгөрсөн ням гарагт  Оросын хэсэг албаны хүмүүс маргаантай байгаа арлууд дээр айлчилсан нь Япон Оросын харилцааг дахин хурцатгав. Оросын зүгээс иймэрхүү айлчлал үе, үе хийж байгаа нь Курилын арлын маргааныг ойрын хугацаанд шийдвэрлэх сонирхолтой байгаа бололтой. 

Японы Засгийн газар 2010 оны есдүгээр сарын 29-нд Оросын талд Курилын арлуудад нэвтрэхийг хатуу хориглосон. Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Курилын арлуудад айлчлал хийсэн нь япончуудын уурыг хүргэсэн. Олон улсын мэргэжилтнүүд “Эдгээр арал эхнээсээ  л маргаантай байсан. Гэтэл одоо болтол маргаантай байгаа энэ бүсэд Оросууд үе, үе зочлох болсон нь япончуудын санааг давхар зовоож байгаа” гэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг нэлээд татжээ.

Магадгүй ОХУ-ын хувьд  баримталж байгаа стратегийн ач холбогдолтой газар учраас ингэж сүржигнэж байгаа байх. Өнгөрсөн гуравдугаар сард Японд аймшигт газар хөдлөлт болж олон зуун хүн амь насаа алдсан. Харин үүний дараа атомын цахилгаан станцуудад нь гал гарч, Номхон далайн болон Ази тивийн орнуудыг сандаргасан билээ.
Ямартай ч ОХУ, Япон хоёрын хооронд оршдог Курилын ар­луудыг Оросын тал “Манайх” гэсээр байгаа. Харин Олон улсын эрхийн дагуу Япончууд бичиг баримт батламжтайгаар нь “Бидний газар. Та нар манай арлууд руу нэвтрээд өөрийн юм шиг авирлах нь бидэнд эвгүй сэтгэгдэл төрүүлж байна. Энэ арлуудыг Олон улсын байгууллагаас Японы газар нутаг гээд тодотгож өгсөн” хэмээн гэдийж байна. Үнэхээр Японы тал өөрийн гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа энэхүү Курилын арлуудын цаагуур улсынх нь хил зураастай байдаг. Харин оросууд дураараа ороод нутгийн ард иргэдтэй уулзаад байгаа нь мэдээж хэний ч уурыг хүргэнэ. Тэр тусмаа сүүлийн 10 жилд Оросын газар нутаг нь мэдэгдэхүйц багасч байгаа. Тэдний хувьд “Атга газрын төлөө амиа өгөхөд”  бэлэн байгаа. Энэ арлууд нь ОХУ-ын Камчатк болон Японы Хоккайдо хоёрын дунд оршдог билээ. Харин Хоккайдо талын дөрвөн арлын харьяалал одоо хэр нь тодорхойгүй хэвээр байгаа юм. 1945 онд эдгээр дөрвөн арлуудыг багтаагаад ЗХУ-ын хил хэмээн заасан бол 1855 онд эдгээр дөрвөн арлуудыг япончууд өөрийн хилийн дотор оруулж заасан билээ. Кунашир, Шикотан, Хабомай бо­лон Итуруп гэсэн дөрвөн арлын нэрийг япончууд өгсөн аж.

Ажиглагчид энэ маргааны та­лаар янз бүрийн тайлбар хийгээд байгаа. Жишээ нь “Орос энэ газрыг Японых гэж мэдсээр байж иймэрхүү маргаан хийгээд байгаа нь цаанаа ямар нэгэн зорилготой биз. Энэ нь газарзүйн хувьд стратегийн ач холбогдолтой ч байж мэднэ” гэсэн дүгнэлт хийж байна. Зарим нь “Японыг газаргүй болж байгааг мэдсээр байж ийнхүү дарамталж байгаа нь өөрсдийн зарим газрыг түрээслэх, эсвэл зарах санаа ч байж мэднэ. Гэхдээ оросууд япончуудыг Аляскад амьдарч болно гэж мэдэгдсэн шүү дээ. Газар хөдөлж, цацрагт идэвхт бодис тархаад удаагүй байхад нь япончууд угаасаа тэр хүйтэнд амьдарч чадахгүй гэдэг нь тодорхой. Магадгүй басамжилсан ч байж мэднэ гэсэн таамаглалыг  BBC-гийн сэтгүүлчид нийтэлж байсан. 

Оросын Гадаад хэргийн сайдын төлөөлөгч Японд хандан “Бид танай оронтой сайн харилцаа холбоотой билээ. Хойд болон өмнөд Курилын арлуудын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх гэж хүлээцтэй хандаж байгаа та бүхэнд баярлалаа. Энэ бүх асуудал аль болох хурдан нэг тийш болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн нь япончуудад таагүй сэтгэгдэл төрүүлсэн юм. япончуудын хувьд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн байдлаар оросуудад хандаж буй. Атга газар аминаас үнэтэй гэдгийг япончууд дэлхийд харууллаа. Хэдий тус улсад газар хөдөлж арлууд нь жилээс жилд живсээр байгаа боловч,  хүнд хэцүү байдлаасаа гарахаар тэд хичээсээр байна.

Б.БААТАР

Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж