Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж
Монгол Улсын шүүгч нар аа
Газпром банк нь Арилжааны болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хосолсон үйлчилгээ үзүүлдэг ОХУ-ын тэргүүлэгч банк ба 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Алтандорнод Монгол ХХК-тай Зээл барьцааны гэрээ байгуулж 30 сая ам.долларын зээлийг олгосон. Алтандорнод Монгол ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд 100 хувь санал нэгдэн энэхүү зээлийг 2007 оны 5 дугаар сард эргүүлэн төлөхөөр тохиролцож, тоног төхөөрөмж болон ашигт малтмалын 7 тусгай зөвшөөрлийг барьцаалсан. Гэвч Алтандорнод Монгол ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2012 он хүртэл биелүүлээгүй учир Газпром банк нь Зээлийн гэрээнд заасны дагуу ОХУ-ын Москва хотын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Арбитрын шүүх нь Зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги 47.710.039 сая ам.долларыг Алтандорнод Монгол ХХК-иар төлүүлэх шийдвэрийг 2012 оны 7-р сард гаргасан.
ОХУ-ын Арбитрийн шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр, заавал биелүүлэх шийдвэр юм. Гэвч Алтандорнод Монгол ХХК нь хүчин төгөлдөр Арбитрын шийдвэр болон Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийх арга замыг 2011 оноос хойш хайж Монгол Улсад хууль, шүүхийн ажиллагаануудыг эхлүүлсэн.
Бид та бүхнийг дараах зүйлүүдэд бүхнийг анхаарлаа хандуулахыг нээлттэйгээр хүсч байна. Үүнд:
Алтандорнод Монгол ХХК-ийн толгой компани болох Бэст Чариот компани Газпром банктай байгуулсан Зээлийн гэрээний Арбитрийн заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хуучнаар Хан-Уул дүүргийн шүүхэд гаргахад, шүүгч Оюунчимэг зээлдүүлэгч тал буюу Газпром банкийг оролцуулалгүй 2013 оны 9 сарын 18-нд шүүхийн шийдвэр гаргаж Зээлийн гэрээний заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
Зээлийн барьцаанд байгаа ашигт малтмалын 7 тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээний бүртгэл нь 1997 оны Ашигт малтмалын хуулиар зохицуулагдан хүчин төгөлдөр болсон байтал мөн л Алтандорнод Монгол ХХК-ийн толгой компани болох Бэст Чариот компани нэхэмжлэл гаргаж түүнийг нь Монгол Улсын захиргааны хэргийн шүүх хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэхдээ 2006 оны 7 сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг буцаан хэрэглэж Газпром банкны барьцааг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
Алтандорнод Монгол ХХК-ийн толгой компани болох Бэст чариот компани нь өөрийн охин компанийн эсрэг нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, аливаа гэрээний нэг талыг оролцуулалгүй гэрээг нь хүчингүй болгож байгаа болон тухайн хуулинд тусгайлан заагаагүй байхад хуулийг буцаан хэрэглэж шүүхийн шийдвэр гаргаж байгаа үйлдлүүд нь дэндүү шударга бус үйлдэл хэмээн Газпром банк үзэж байна.
Хэрвээ эдгээр илт шударга бус үйлдэл үргэлжилсээр байх аваас Газпром банк нь Монгол Улс болон ОХУ-ын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтыг хамтран хөхиүлэн дэмжих хэлэлцээрт заасны дагуу олон улсын Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргаж UNCITRAL-ын журмын дагуу шийдвэрлүүлэх болно гэдгийг мэдэгдэж байна.
Сайн хуулийн засаглал улс орныг хөгжөөн дэвжээнэ.
Хүндэтгэсэн,
Газпромбанк Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг