Архидалттай тэмцэхэд тусгай сан хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Архидалттай тэмцэхэд тусгай сан хэрэгтэй

Архидалттай тэмцэхэд санхүүжилтийн тусгай сан хэрэгтэй

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг хэлцийг Ерөнхийлөгч амьдрал дээр хэрэг­жүүлж эхэлсэн. Тэрбээр УИХ-ын гишүүдэд “УИХ хууль батлахдаа мэр­гэжлийнхний зөвлөгөөг тусгадаггүй. Баярын үеэр далимдуулж, бөөндөж баталдаг” гэдэг шүүмжлэлийг хэрхэн үгүй хийх тухай практик хичээл зааж байгаа гэхэд болно. Үүнийхээ ээлжит жишээ болгон өчигдөр Иргэний танхимд Архидан согтуурахтай тэм­цэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад мэргэжлийн хүмүүсийн саналыг  тусгахаар “Ар­­хидан согтуурахтай тэмцэх эрх зүйн орчныг шинэчлэх нь” сэдэвт уулзалтыг зорхион бай­гуулсан юм. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн үйлчлэх хүрээ өнөө­гийн нийгмийн шаардлагыг хан­гахгүй байгаа. Тиймээс учир энэхүү хуулийг улам боловсронгуй болгон Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх тухай хуулийн төсөл боловс­руулж байгаа юм. Уулзалтад сал­ба­рын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, хуу­лийн шинэчилсэн төсөлд зайлшгүй тусгах шаард­лагатай гэсэн саналаа илэрхийлсэн юм.  Зарим тө­лөөлөгчөөс хуульд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэхийг асуусан юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц-Аддиктологийн их эмч С.МӨНХТУЯА:

 -Манай улсад архи, мансууруулах бодист донтох өвчтэй болсон хүмүүсийг эмчилдэг гурван газар бий. Эдгээр нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,Норкологийн үндэсний төв, Албадан эмчлэх газар юм. Гэхдээ дээрх байгууллагууд өөр өөр удирдлагатай учир тийм ч үр дүнтэй ажилладаггүй. Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Эрүүл мэндийн яаманд, Норкологийн үндэсний төв нийслэлийн Эрүүл мэндийн газарт, Албадан эмчлэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяалагддаг. Тусдаа удирдлагатай байснаас нэг удирдлагад орж, үйл ажиллагаагаа явуулах нь илүү үр дүнтэй. Дэлхий нийтийн жишгээр энэ төрлийн эмчилгээг сайн дурын, албадан гэж шат дарааллан хийдэг. Энэ жишигт хүргэхийн тулд дээрх саналыг тавьсан юм. Мөн манай улсад л байдаг гэж хэлж болох эрүүлжүүлэх байрны стандартыг дэлхийн жишигт хүргэх ёстой. Эрүүлжүүлэх байрыг хордлого тайлах газар хэлбэрээр ажиллуулж дээрх төвүүдтэй уялдаа холбоотой байлгах шаардлага тулгараад байна.

Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Ж.ЭНХТУЯА:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2003-2010 оны хооронд  архины 90, спиртийн дөрвөн үйлдвэрийн эрхийг цуцлуулах арга хэмжээ авсан. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн стандарт болон бүтээгдэхүүний чанарт шалгалт явуулахад ганцхан хөндлөнгийн хяналт байх ёстой гэж туйлшралгүйгээр байнгын хяналт шалгалт явуулах хэрэгтэй байна. Байнгын хяналтгүйгээс зөрчил гарч байгааг үгүйсгэхгүй. Тиймээс ганцхан төрийн байгууллага архи, спирт үйлдвэрлэх ажлыг хянаж, зөрчлийг илрүүлнэ гэдэг учир дутагдалтай юм. Тэгэхээр энэ ажилд төрийн бус, сайн дурын, олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулах нь зүйтэй гэсэн саналыг бидний зүгээс хуулийн төсөлд тусгуулахаар хөндөж байна.  

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийн төлөө газрын дарга Ж.ЭРДЭНЭЦОГТ:

-Хуулийн шинэчилсэн найруулгад архины эсрэг зар сурталчилгаатай холбоотой хэсгийг Зар сурталчилгааны тухай хуульд оруулахаар болсон байсан. Нэгэнт хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол техникийн шинж чанартай биш агуулгын шинжтэй өөрчлөлтүүдийг хийгээч гэсэн саналыг нэгдүгээрт тавьж байгаа. Мөн зарим байгууллагын чиг үүрэг их ойлгомжгүй байгааг тодорхой болгооч гэсэн саналыг тавьсан. Тухайлбал, архи, согтууруулах ундаатай холбоотой зар сурталчилгааны асуудлыг Оюуны өмчийн газар болон манай байгууллага хамтарч хариуцдаг. Гэтэл хариуцлага тооцохдоо аль байгууллага нь хэрэгжүүлэх ёстой нь тодорхой биш байна. Зар сурталчилгаа өнөөдөр дээд цэгтээ хүртэл хөгжсөн байхад үүнийг зохицуулах хууль хоцрогдолтой байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг өөрчлөх шаардлагатай. Тухайлбал, хууль зөрчигчдөд оногдуулах торгуулийг өндөр тавих хэрэгтэй. Одоо бол хууль зөрчсөн тохиолдолд 250 мянган төгрөгөөр л торгож байна. Үүнийг өндөр тогтоох хэрэгтэй. Энэ нь торгохдоо бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэсэн үг. Тэгэхгүй бол хууль зөрччихөөд 250 мянган төгрөгөөр торгуулаад явах нь харин ч ашигтай болж хувираад байгаа юм. Ингэж чадвал бизнес эрхлэгчид хуулийн дагуу өрсөлдөх боломжтой.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.СОСОРМАА:

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамтай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн зөвлөх энэ асуудлаар туршлага солилцож байгаа нь бидэнд маш чухал. Архидалт глобалчлагдаж, олон улсад тулгамдсан асуудал болж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлсэн. Энэ уулзалтаар архидалтын асуудлыг үгүй хийхийн тулд салбар хоорондын уялдаа холбоог хангасан төрийн цогц бодлого байх шаардлага тулгарсан нь харагдаж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх механизм байх ёстой. Үүний дараа энэ үйл ажиллагааг санхүүжүүлэх нэгдсэн сан байгуулмаар байна. Бусад улс орны жишгээс харахад санхүүжилтээ ямар нэгэн яамны харьяанд биш бие даасан санд төвлөрүүлж шийддэг юм билээ. Уулзалтаас гаргасан санал, санаачилгуудыг  Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх тухай хуулийн төсөлд тусгахаар ажиллана хэмээв.

Р.САРАНГОО

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж