Шуудан хүргэгчээр ажиллаж байсан Английн 52 настай Пол Мейсон өдөрт 20 мянган калори буюу хүний ердийн хэрэглээнээс 15 дахин их хоол идсээр 445 кг жинтэй болжээ. Тэрээр хувь заяатайгаа эвлэрээд байсан боловч нэг өдөр түүнтэй “Facebook”-ээр АНУ-ын Массачусетсийн Ребекка Маунтин гэх 40 настай ганц бие эмэгтэй захидал бичжээ. Ребекка Маунтин телевизээр хэт тарган англи эрийн тухай баримтат кино үзсэнийхээ дараа түүнд асрагч олоход нь туслах гэж ийн хандсан аж.
Гэвч тэр хоёр “Skype”-аар анхны удаа холбогдохдоо л нэг нэгэндээ татагдан 4.5 цаг дотно яриа өрнүүлжээ. Яван явсаар тэр хоёрын дотно харилцаа жинхэнэ хайр дурлал болон хувирсан гэнэ. Пол Мейсон дурласныхаа дараа турахаар хатуу шийдэж богино хугацаанд 305 кг-аар турж, одоо “ердөө” 140 кг жинтэй болжээ.
Тун удахгүй хайрт эмэгтэй Ребекка Маунтин нь түүн рүү нүүж ирэх гэнэ. Пол Мейсон сэтгүүлчдэд ярихдаа, “Би хайрт бүсгүйгээ тэсэн ядан хүлээж байна. Бид хоёр үлдэж буй амьдралаа хамтдаа өнгөрөөхөөр шийдсэн” гэжээ.
Б.ШАРХҮҮ
Эх сурвалж: www.polit.mn