УИХ-ын намрын чуулган эхэлтэл Төрийн ордон нам гүм байна.
Өнгөрөгч долоо хоногт намын бүлгүүд хуралдах болов уу гэсэн хүлээлт байсан ч аль ч намын бүлгээс мэдээлэл хийсэнгүй. Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралджээ. Тус зөвлөлийнхөн УИХ-ын чуулганыг аравдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэх, чуулганаар хэлэлцэх зарим төслийн талаар хэлэлцсэн байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ-ын хаврын чуулганаар эцэслэн шийдэлгүй үлдээсэн төмөр замын царигийн асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Төмөр замын царигийн хувьд нарийн бүдүүн гэсэн дотоодын маргааныг шийдэх нэг гарц нь транзит тээврийн талаар БНХАУ-ын дарга Си Зиньпиний шийдвэр байсан. Тиймээс УИХ-ын намрын чуулганаар хамгийн түрүүн төмөр замын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь бололтой.
Түүнчлэн олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээрийн төсөл, Галт зэвсгийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ. Олон хүний чих тавин хүлээж буй Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх эсэх асуудал ч намрын чуулганы халуухан сэдвийн нэг байх нь гарцаагүй.
Д.ЦЭЭНЭ