Нурангинд дарагдаж мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2014.09.27-нд нийтлэгдсэн

Нурангинд дарагдаж мэдэх нь

Нийслэлийн Боловсролын газраас энэ жил нийслэлд нийт 73 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилга барихаар болсон талаар оны эхэнд сүртэйхэн мэдэгдэж байсан. Харин эдийн засаг хүндэрснээс үүдэн үүний цөөнгүй хэсгийнх нь хөрөнгө оруулалт шийдэгдээгүй талаар эх сурвалжууд мэдэгдэж байна. Захын хороололд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас нэг ангид 45-50 хүүхэд шахцалдаж, хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд эцэг, эхчүүд хонон өнөжин, майхан савтайгаа дугаарлах болсон.

Гэтэл одоогийн сургуулиудаас цөөнгүй нь чанарын шаардлага хангахгүй бол засч, сайжруулахгүй л бол үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд байгааг мэргэжлийн хяналтынхан дуулгалаа. МХЕГ-аас хийсэн шалгалтаар энэ бүхэн тодорхой болсон байна. 

Шалгалтанд хамрагдсан төрийн өмчит 656 сургуулийн 242 нь аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд мэргэжлийнхэн хүрсэн байна. Урдаа барьдаг Гадаад хэлний дээд сургууль, ШУТИС-ийн II байр, МУИС-ийн "Г" байрны үйл ажиллагааг зогсоон, СУИС-ийн төв байранд засвар шинэчлэл хийх шаардлага тавьжээ.

Тэгвэл нийт 686 цэцэрлэг уг шалгалтад хамрагдсанаас 251 нь ашиглалтын шаардлага хангаагүй гэсэн дүн авчээ.

Эмнэлэг сургууль ч гэлтгүй нийслэл, орон нутгийн 532 эмнэлгийн 161 нь эмчилгээ үйлчилгээ авч буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадахгүй байгаа нь тогтоогджээ.
Бидний оюуны цангааг тайлж байдаг Соёл урлагийн байгууллагын 401 барилга байгууламжаас 194 нь иргэдэд үйлчлэх боломжгүйг тогтоосон байна. Дуурь бүжгийн эрдэмийн театр (1950 он), Улсын драмын Эрдэмийн театр (1958 он), Цэргийн дуу бүжгийн эрдэмийн чуулга (1937 он), Спортын төв ордон (1958 он) хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй жагсаалтанд нэмэгдэх нь.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж