Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн 60 хүүхэд хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдүүд халуурч, суулган хандаж, одоогийн байдлаар 25 хүүхэд эмнэлэгт, 35 хүүхэд гэрээр хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хүүхдүүдийг гэдэсний хурц халдварт өвчин туссан болохыг урьдчилсан байдлаар оношилсон байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн цэцэрлэгийн өглөө, өдрийн хоол болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байгаа аж/шинжилгээний хариу эцэслэн гармагц эргэн мэдээлэх болно/.
Хичээлийн шинэ жил гарснаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд цэцэрлэгийн 69 хүүхэд, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд сургуулийн дотуур байрны 130 хүүхэд хүүхэд хордсон юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумын цэцэрдлэгийн 69 хүүхэд энэ сарын 04-нд хордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед мөн л хүүхдүүд суулгаж, халуурч байсан юм. Хүүхдүүдийг ямар шалтгаанаар ийнхүү өвчилснийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалган үзэхэд цэцэрлэгийн хүүхдүүд багш нараас халдварт өвчин халдсан байх өндөр магадлалтай нь тогтоогдсон юм. Шинжилгээгээр Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрсэн.
Мөн цэцэрлэгийн багш, ажилчид хэдийгээр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл гэсэн бичигтэй байгаа ч танил талаараа дамжуулж тамга, тэмдэг даруулсан байгааг мөн тогтоож байсан юм.
Д.ЖАРГАЛ