Он цагийн тооллыг хүний настай зүйрлэвэл хүн бүрт өөрийн бодол сэтгэлгээний нэгэн дүр буух биз. Тэгвэл 90 настай хүнийг та ямраар төсөөлж байна вэ. Өчигдөрхөн 90 насны төрсөн өдрөө тэмдэглэж басхүү ажилтан албан хаагчид нь урлагийн авъяасаараа өрсөлдсөн АПУ ХК-ийн “Хамаг Монгол” язгуур урлагийн наадамд зочилсон юм. Үүх түүх, ёс заншлаа таньж бас түгээсэн нэгэн өдөр.
“Мэнд амур”
Би уг нь Халх угсаатан. (Хуучин бид ястан гэж нэрлэдэг байсныг угсаатан зүйч, эрдэмтэд угсаатны бүлэг гэх нь зүйтэй хэмээн үзсэн юм билээ) Таньдаг хүнтэйгээ таарахдаа “Сайн уу, юу байна” гээд зөрөөд өнгөрдөг энэ үеийн хүн. Миний хувьд Монголын олон угсаатны бүлгүүдээс таньж мэдэх нь цөөхөн. Буриад, Казак хоёрыг л хэлний аялга, хувцас, дуу бүжгээр нь багахан гадарладаг мэт. Энэ нь Наурызын баяр, Алтаргана наадмыг сүр дуулиантай тэмдэглэдэгтэй холбоотой байх гэж бодлоо. Гэтэл Монголд хорь гаруй угсаатны бүлэг байх бөгөөд бүгд өөрсдийн гэсэн ёс заншил, тоглоом наадгай, өмсгөл зүүтгэл, эд хэрэглэлтэй болохыг АПУ компанийн “Хамаг Монгол” язгуур урлагийн наадмаас харлаа.
Ардын уран зохиолч Т.Галсан гуай нээлтийн үгэндээ 1967 онд телевиз байгуулагдан, АСК тэмцээний анхны дугаарт АПУ компани болон Цаг уурын хүрээлэнгийн хамт олон оролцоод АПУ компани ялж байсныг дурсан хэлсэн юм. Тэрээр нэгэн цаг үеийн гэрч билээ. “Шингэн хүнс бизнес” группын арван нэгэн баг хамт олон Баяд, Буриад, Дархад, Дөрвөд, Захчин, Казак, Торгууд, Урианхай, Халх, Хотгойд, Хотон угсаатны онцлог, ёс заншил, тоглоом наадгай, соёлыг танилцуулахаар бэлджээ.
Хамгийн түрүүн Дархад угсаатны баг бидэнд бөө болох зан үйл, алаг мэлхийн наадгайг жүжигчилсэн байдлаар танилцуулсан юм. Бөөгийн бүжгийг үзэж суухад онгод тэнгэрүүд тэрхүү тайзанд залран ирж, нартын үрс бидэндээ уг учигаа тайлан өгөх шиг санагдав. Дархад угсаатан бөөгийн заншлаа хамгийн сайн хадгалан үлдсэн гэнэ. Түүнчлэн Захчин угсаатны хүүхэн мордуулах ёсон үзэгчдийн анхаарлыг ихэд татсан. Учир нь гэрлэх насанд хүрсэн залуугийн гэрийхэн жил мэнгэ нь таарсан сэвгэрийг (бүсгүй) бэр гуйж үүнээс хойш гурван жил хүлээнэ. Хадаг сүй тавихаар ирэх үед сэвгэр гэртээ байдаггүй бөгөөд ирээдүйн нөхрөө нэг ч удаа хараагүй байх нь элбэг байсан аж. Ингээд гурван жилийн хойно хоёр тал гэрлэх хүсэлтэй хэвээр байвал тэдний хуримыг хийдэг байна. Өөрийгөө оронд нь тавьж үзлээ. Өмнө нь уулзаж байгаагүй хүнтэй гэрлэж чадах болов уу. Та ч бас бодоод үзээрэй. Урлагийн наадамдаа ихээхэн зүтгэл гаргаж бэлдсэн тухайгаа оролцогчид нь даруухан өгүүлж байлаа. Жишээ нь Хотон угсаатны хувцас хэрэглэл ховор байдаг тул дээл, малгайгаа өөрсдөө оёж, ээмэг зүүлт, шүр сувдаа хэлхжээ. Түүнчлэн тоглолтондоо хэрэглэх уул овоо, хадуур, оньсон тоглоом, үхэр тэрэг юугаан өөрсдөө хийсэн гэж багш нар нь бахархан ярьж байсан юм. Ажлынхаа хажуугаар юм юм амжуулсан, бас сурсан, мэдсэн гэж өөрсдийгөө дүгнэж байлаа. Монголоо таньж мэдэхээр ирсэн үзэгч, хөгжөөн дэмжигчид нь угсаатнуудынхаа хувцас хэрэглэлээр ижилссэн нь тун ч зохион байгуулалттай бас сүрлэг сайхан харагдана. Цагаан сар наадмаас бусад үед дээл өмсөх нь ховор бидэнд бас л сайхан завшаан. Яагаад ч юм угсаатнуудын хэлний аялга цаанаа л нэг чихэнд гоёхон. “За бүгдээрээ найраан эхлэе ээ, идээгээн зоогло”, “эжы, аба” гэхийг нь сонсоод аялгатай яримаар санагдав. Өөрөө ярьж чадахгүй ч аялгыг ойлгож байгаадаа баярлан ямар нэгэн сайхан зүйлийн үзүүрээс нь атгаад авсан юм шиг санагдаж байв. Завсарлага болох зуур багуудын хөтөлбөрийг уншихад сонирхол татсан үгс үзэгдэнэ. Бух ноолдоон, тэмээ түлхэх, бөмбөг намнах гээд л ямар тоглоом наадгай, зан заншил болохыг нь үзэхээр амьсгаа даран хүлээнэ. Хүлээлтийг минь ч давж нүд тайлж өгөв. Бух ноолдоон гэдэг нь бөх барилдах, тэмээ түлхэх гэдэг ан хийх үедээ тэмээний хажууд нуугдан ан агнахыг хэлэх жишээтэй. Монголчууд бидний бас нэгэн наадгай нум сум харвахыг газар газар өөрөөр нэрлэж бас өөр ёс дэгтэй байдгийг мэдэж авсан. Бөмбөг намнах, саранпай харвах гэх мэт. Монголчууд дуу бүжигтээ авъяастайн баталгаа бол АПУ ХК-ийн ажилтнууд арван дөрөв хоног бэлдээд л угсаатны хэл аялгаар дуулж, жүжиглэж, ерөөж, магтаж сурсан байлаа. Урианхай түмний “Алтайн магтаал”-ыг бүгд даган хайлж байх жишээтэй. Энэ нь нэг багийн ард нэг үйлдвэр, компани мөн тэдний гэр бүл угсаатны соёлоор амьсгалж буйг илэрхийлэх биз. Үзүүлбэрүүдийн явцад багуудыг бэлдсэн багш нар шавь нарынхаа өмнөөс өндөлзөж буйг ажлаа. Болдог бол тэд нар өөрсдөө тайзан дээр гарчихмаар л байсан байх. Үзүүлбэр дуусч хөшиг хаахад тэд сая нэг юм амьсгаа авч хувцасны өрөө лүү яаран гүйнэ. Мөн завсарлагын үеэр тайзны хоёр талын дэлгэцэнд багуудын бэлтгэл хийж буй дүрс гарах ажээ. Бэлтгэл гэдэг багшийн чанга хатуу дэг, дуулж байгаад гэнэт солгойрох, хөгжимдөж байгаад нотоо мартах, бүжгийн хөдөлгөөнөө сольж холих зэргээр хөвөрнө. Гэхдээ тэр бүхэн хүмүүст инээд бэлэглэдэг нь хамгийн сайхан.
Энэхүү наадмын шүүгчээр ажилласан СУИС-ийн Тайз, Кино урлагийн сургуулийн захирал Ж.Долгорсүрэн ажилчдын идэвх, оролцоог өндрөөр үнэлсэн юм. Бид бүхэн гадаадын шинэ соёл, урлагийг ихээхэн сонирхох болсон. Гэхдээ бид хажуугаар нь өв соёлоо хадгалан үлдэх зайлшгүй хэрэгтэйг сануулсан.
Ингээд наадам өндөр үүдээ хаах цаг болж шилдгүүдээ тодруулахад
- Мэндчилгээний төрөлд Торгууд угсаатны “Агсалын хийморь” баг,
- Зан үйлийн төрөлд Халх угсаатны “Үлэмжийн чанар” баг
- Тоглоом наадгайн төрөлд Халх угсаатны “Үлэмжийн чанар” баг
- Бүжгийн төрөлд Буриад угсаатны “Хоридой” баг
- Дууны төрөлд Торгууд угсаатны “Агсалын хийморь” баг,
- Шилдэг үзүүлбэрээр Казак угсаатны “Алтайн бүргэд” багийн хөх ямааны тулам булуулдах үзүүлбэр
- Шилдэг багаар Торгууд угсаатны “Агсалын хийморь” баг тэргүүлсэн. Дашрамд дурдахад багууд багахан тооны зөрүүтэй түрүү магнайг булаалдсан юм.