Монголын ард түмэн ардчилсан
тогтолцоог сонгосноос хойш зургаан
удаа, шинэ "эрх чөлөөт, ардчилсан" Үндсэн хуулиа баталснаас хойш таван удаа төрөө сонгон байгуулахдаа сонгуулийнхаа тогтолцоог дөрвөн удаа өөрчилж, гурван янзын сонгуулийн тогтолцоог хэрэглэжээ.
1990 оны анхны
ардчилсан сонгуульд АИХ-ыг үнэмлэхүй олонхийн
тогтолцоогоор, түүнтэй зэрэгцүүлэн УБХ-ыг хувь тэнцүүлсэн
тогтолцоогоор намуудын нэрээр санал хурааж, түүнд нь үндэслэн
АИХ-аас сонгон байгуулсан байна. УБХ-ыг яг ард түмэн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор,
ардчилсан сонгуулиар байгуулсан гэж үзэх нь бас учир
дутагдалтай. Нэг тийм хагас, хуурамч юм болсон байдаг. Үүнээс хойш
1992 онд УИХ-ын сонгуулийн хуулийг батлахдаа сонгуулийн олонхийн тогтолцооны хамгийн муу
хувилбар болох олон мандаттай тойргууд дахь харьцангуй (Баабар
саяхны нэг нийтлэлдээ үнэмлэхүй олонхитой сольж
будилсан байна билээ) олонхийн тогтолцоог хуульчилсан. Энэ сонгууль нилээд маргаан дагуулсан, сонгогчдын ихэнх хувийн
саналыг үнэгүйдүүлж, савалгаа үүсгэсэн гэсэн
шалтгаанаар өөрчилж, 1996, 2000, 2004 оны УИХ-ын сонгуулиудыг нэг мандаттай тойргууд дахь
харьцангуй олонхийн тогтолцоогоор явуулсан. Энэ маань бас л сонгогчдын ихээхэн
саналыг хөсөрдүүлж, төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байна
хэмээн сонгуулийн хуулийг
2005 онд өөрчлөхдөө харин ч дордуулж, хуучин Монголын нөхцөлд тохиромжгүй гээд хаясан 1992 оныхоо олон мандаттай тойргууд дахь
харьцангуй олонхийн тогтолцоог авсан. Энэ тогтолцоогоор 2008 онд УИХ-ын
сонгууль явагдаж, үр дүнд нь долдугаар
сарын 1-ний үйл явдал болж, өнөөгийн "шүүхийн
шийдвэрээр хууль бус гэдэг нь
нотлогдсон" УИХ бүрдсэн.
Одоо дахиад сонгуулийн хуулийн өөрчлөлт, түүний дотор сонгуулийн тогтолцооны өөрчлөлт ид яригдаж
байна
Эргээд харахад өнөөг хүртэл Монголын төр ч тогтворгүй, байнгын хямралтай,
сүүлдээ бүр Үндсэн хуулийн бус хэлбэрт орж, сонгуулийн тогтолцоо ч
байнгын өөрчлөлттэй тогтворгүй явж иржээ. Чухам шууд, дан ганц сонгуулийн
тогтолцооноос болоод улс төрийн тогтворгүй байдалтай байна
гэвэл мэдээж хэтрүүлсэн хэрэг болох ч, сонгуулийн тогтолцооны буруу сонголт голлох үүрэг гүйцэтгэснийг
яагаад ч үгүйсгэх аргагүй юм.
Яагаад тогтолцоо
чухал вэ?
Сонгуулийн
тогтолцоо нь бусад олон нийгэм, улс төрийн нөхцөл байдлуудтай
уялдан ардчилсан төрийг байгуулах суурь үйл ажиллагаа болох сонгуулийн үр дүнд, түүгээр дамжин
илрэх бүрэн эрхтэн болох ард түмний хүсэл зоригийн бодит илэрхийлэлд хүчтэй шууд нөлөө үзүүлдэг юм.
Цаашлаад тухайн нийгмийн улс төрийн тогтолцоо, улс төрийн намуудын
төлөвшил, ардчилсан ёс, парламентын үйл ажиллагааны чадамж, иргэдийн улс төрийн эрх, эрх
чөлөөний бодитой, үр нөлөөтэй хэрэгжилт зэрэг ардчилсан, эрх зүйт төр,
парламентат ёсны үндэс суурийг шууд хөндөн нөлөөлж байдаг
учир яах аргагүй амин чухал юм. Нөгөөтэйгүүр сонгуулийн
эрхийн асуудал нь шууд утгаараа хэн засгийн эрхийг авах вэ гэдгийг шийдвэрлэх асуудал байдаг тул улс төрийн оролцогчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг. Мөн ямар
тогтолцоог сонгосноос шалтгаалаад сонгуулийн эрхийн бусад зохицуулалтуудын
агуулга ямар байхыг хууль тогтоогч тодорхойлох боломж сая бүрддэг.
Ямар тогтолцоо
тохиромжтой вэ?
Монгол улсын Үндсэн хуулинд
УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг тухайлан зааж өгөөгүй бөгөөд сонгуулийн
тогтолцоог ердийн хуулиар сонгон тодорхойлох эрхийг Үндсэн хуулийн
21 дүгээр зүйлийн 4 дэх
хэсгээр хууль тогтоогчид
олгосон юм. Эдүгээгийн эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн
орон нутгийн феодал болчихсон, тойргууддаа улсын төсвийн олон тэрбумыг өөрсдийн
нэрээр тараан хахуульдчихсан, өөрсдийн "зохиосон" Үндсэн хуулийн зөрчлөөр далайлган хувь тэнцүүлсэн тогтолцоог үгүйсгэх гэсэн
далд зорилгтой улс төрчдийн эдүгээ мэдэн будилж "УИХ-ын гишүүнийг шууд
сонгоно гэдэг нь хүнийг сонгоно" гэсэн агуулгаар Үндсэн хуулийг
тогтоогч хуульчилсан хэмээн
сурталдаад байгаа нь огт ор үндэсгүй юм. Нэгд, Үндсэн хуулийг хэлэлцсэн УБХ-ын болон АИХ-ын хуралдааны тэмдэглэлүүдээс ийм
агуулгаар санал хурааж баталсан
ямар ч баримт олддоггүй. Хэрэв тийм баримт байдаг бол гаргаад, миний энэ үндэслэлийг
няцаагаад бичээрэй. Хоёрт, "Үндсэн хуулийн эх баригч" Б.Чимид номондоо сонгуулийн шууд байх зарчмыг
сонгогч төрөө ямар нэг төлөөлөлгүйгээр, шат дамжлагагүйгээр
сонгохыг хэлнэ хэмээн тодорхой өгүүлсэн байдаг. Гуравт, дэлхий нийтийн улс төрийн болон эрхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн, хэвшсэн ойлголтоор бол ардчилсан сонгуулийн шууд зарчмыг сонгогчийн
санал, сонгуулийн үр дүн хоёр дундаа ямар нэг байгууллага, этгээдээр дамжаагүй, шууд
холбогдсон байхыг л ойлгодог. Тэгэхээр хууль тогтоогчид ямар ч сонгуулийн тогтолцоог сонгон хуульчлах
боломж нь нээлттэй гэсэн үг.
Сонгуулийн
тогтолцооны өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэг өрнөх бүрт эрдэмтэн, судлаачид ч, улс төрчид ч байнга хувь тэнцүүлсэн эсвэл
холимог тогтолцоонуудын хувилбаруудыг санал болгосон байдаг. 2005 оны өөрчлөлтийн төслийг
боловсруулсан олон намын төлөөлөлтэй УИХ-ын ажлын хэсэг мөн 38:38 гэсэн холимог тогтолцоог санал болгосон. 2008 оны
сонгуулийн өмнөхөн С.Баяр "сонгуулийн төгөлдөршил"
гэгчдээ мөн хувь тэнцүүлсэн тогтолцоог шаардлагатай хэмээн үзсэнээр улс төрийн хүчнүүдийн дунд үндсэндээ
нэгдсэн байр суурь бүрэлдсэн. 2008 оны сонгуулийн өмнө З.Энхболд нарын хэсэг гишүүд цэвэр хувь
тэнцүүлсэн тогтолцоотой сонгуулийн хуулийн өөрчлөлтийг УИХ-д
оруулж байсан нь сонгуулийн тогтолцоог өөрчилчихье гэсэндээ биш олон нийтийн ийм сонирхлыг
нь ашиглан, ёстой "хошхируулсан" явдал болсон юм. Тэдний үнэн зорилго
нь тогтолцооны өөрчлөлт гэсэн нэрээр гул барьж, 2005 онд гэнэ алдан оруулсан эмэгтэй нэр дэвшигчдийн 30
хувийн квот (энэ
нь бодитой Үндсэн хуулийн зөрчлийг агуулж байсан
учраас) болон гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг (нэгд,
эрх баригчид гадаадад суугаа боловсролтой хэсгийнхний саналаас айсан, хоёрт,
тэдэнд энэ заалтаа хэрэгжүүлэх мэдлэг чадвар дутсан) хасах явдал байсан болов уу. Энэ зорилго нь
ч тогтолцоог өөрчлөлгүй хэвээр үлдээснээр илэрдэг. 2008 оны сонгуулийн дараа байгуулагдсан Д.Лүндээжанцан
тэргүүтэй ажлын хэсгийнхэн чөлөөт намын нэрсийн жагсаалттай нэг тойрог дахь цэвэр хувь
тэнцүүлсэн тогтолцоог, Лу.Болт тэргүүтэй гишүүд олон мандаттай тойргууд дахь хувь тэнцүүлсэн
тогтолцоог санал болгожээ. Энэ хоёр төслийг нэгтгэх үүрэгтэй
байгуулагдсан Н.Энхболд гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсгийнхэн энэ байр суурьнаас
жаахан ухраад 26 гишүүн нь тойргуудаас харьцангуй олонхиор сонгогдох, 50 гишүүн улс даяарх
нэг тойргоос хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдох гэсэн намуудын ерөнхий зөвшилцөлд үндэслэсэн
холимог тогтолцоог тусгасан төсөл боловсруулжээ. Гэтэл МАХН нэрээ сольж МАН болсноос хойш
энэ зөвшлийн байр сууриасаа илт буцах болж, аль болох олонхийн тогтолцоог хадгалж
үлдэх, үгүйдээ холимог тогтолцоонд олонхийн элементийг ахиу хадгалж үлдэхийг
хичээх болжээ. Энэ бүх хэлэлцүүлэг, зөвшлийн дараа
шууд хуучин нэг мандаттай харьцангуй олонхийн тогтолцоогоо авна гэхэд ичмээр
байгаа бололтой сүүлдээ аргаа ядаад Су.Батболдоор "52 гишүүн нь
харьцангуй олонхиор тойргуудаас, 24 гишүүн нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогддог байвал зүгээр байна"
гэсэн "бор шувуу" нисгэж сууна. Ичсэн хүн хүн ална гэж
ийм л юмыг хэлдэг байх даа.
Тэгвэл өнөөг хүртэл хэрэглэж
ирсэн харьцангуй олонхийн тогтолцооны юу нь болохгүй байгаа
тухай асуулт хариу нэхэх нь
ойгомжтой. Хэдийгээр энэ тухай хангалттай бичигдсэн боловч би дахиад нэг нуршин
сануулья.
-Тодорхой нөхцөлд сонгогчдын
саналын бараг тал хувь нь УИХ-д төлөөлөлгүй гээгдэн
үлддэг.
-Эрх мэдлийн
савалгаа маш хүчтэй явагдаж, сөрөг хүчингүй, хяналтгүй үнэмлэхүй олонхийг
ихэвчлэн бүрдүүлдэг.
-УИХ-ын гишүүд нь
тойргоосоо хэт хамааралтай тул нэгд, намууд зөвхөн тухайн орон нутагтаа нэр нөлөөтэй,
тойргуудыг худалдаад авчих, өөрсдийн аж ахуйн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх, улсын төсвөөс хулгай хийх
гэсэн бэл бэнчинтэй, популист
нөхдүүдийг нэр дэвшүүлдгээс,
мэдлэг чадвартай, зүтгэлтэй, мэргэшсэн улс төрчид,
залуучууд, эмэгтэйчүүд тоглоомын гадна үлддэг. Хоёрт,
сонгуулийн үеэр зөвхөн тойрогтоо хандсан, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй
нийцэхгүй популист амлалтууд өгч,
сонгогдсоныхоо дараа улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг ийш тийш нь зулгаалдаж, үрэн таран
хийдэг. Сүүлдээ тэрбумаар нь тараан цацаж, өөрсдийн
сонгуулийн сурталчилгаа болгож, Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгогдох эрхийн тэгш байдлыг
илтэд зөрчдөг гажиг тогтолцоог үүсгэсэн. Энэ
байдал нь улсын хэмжээний том хөрөнгө оруулалтыг бараг боломжгүй болгож, УИХ-ын болон Засгийн газрын үйл
ажиллагааны чадавхийг алдагдуулж, алсаараа улсын эдийн засгийн хөгжлийг
сааруулж байна. Гуравт, улс төрийн авилгыг
хөөрөгдөж, сонгуулийг улс төрийн үзэл баримтлал, бодлогоор бус илтээр
сонгогчдын саналыг худалдаж авах, сонгогчдыг хахуульдах гэх мэтийн хууль бус мөнгөний хүчин зүйлээр шийддэг
болтол хөгжсөн.
-Харьцангуй
олонхийн тогтолцоо нь хүчтэй хоёр намын систем бүрэлдэхэд хүргэдэг учраас улс төрийн намуудын
төлөвшлийг сааруулж, судлаач С.Тамирийн онож тодорхойлсноор Монголд МАН ба
бусад гэсэн 1,5 намын тогтолцоо бүрэлдэхэд хүргэсэн. Эрх баригчдын тунхаглах дуртай МАН, АН ба бусад гэсэн 2,5 намын тогтолцоо
гэгч нь үнэндээ
бүрэлдэж чадаагүй бөгөөд эдүгээ МАНАН гэх нэршил болон АН доторхи түншилдээн нь үүний тодорхой
баталгаа болно. Ардчилалд шилжих үед МАХН-ыг тараалгүй авч үлдэхэд би их
хувь нэмэр оруулсан гэх ардчиллын "Баатарын" баатарлал нь олон намын
тогтолцоо жинхэнэ ёсоор
нийгмийнхээ сонирхлын бүлгүүдийн зөрчлийн шугамуудаар (social
cleavages) үүсэн бүрэлдэх үйл явцыг үр хөврөлийнх нь
шатанд устгаж, гарааны тэгш
бус байдлыг үүсгэсэн
бөгөөд дарангуй нийгмийн үед хуримтлуулсан хөрөнгө, нийгмийн бүх шатанд бэхжүүлсэн номенклатурын бүтэц, нөлөөгөө хадгалан үлдсэн МАХН нь бусад эрх чөлөөт, ардчилсан
тогтолцоог хүссэн улс төрийн хүчнүүдийн хувьд давагдашгүй хатуу хүч хэвээр үлдсэн байна. МАХН-ы доторхи олон ардчилсан үзэлтнүүд ч өдийг хүртэл ардчилсан хувьсгалын ялалтад итгээгүй тул айдастаа хүлэгдэн, хэлээ хазсаар үлдсэн. Тэдний энэ алхам зөв байсан нь
одоогийн феодалын дарангуй нийгэм тогтсон байдлаас тодорхой харагдаж байна.
Ингээд ардчилсан гэгдэх намууд үзэл баримтлалаа харгалзалгүйгээр, энэ их
хүчнийг даван гарахын тулд зохиомол
төвлөрлийг үүсгэн хүчээр
нэгдэцгээсэн ба өнөөдөр ч нэгдсээр байна. Ийнхүү нэгдсэн
намууд нь тогтвортой, суурьтай улс төрийн хүчин болж
чадахгүй, хавсрага байдлаар оршиж байна. Арай том гэгдэх АН-ын хүчийг эртнээс
шургалуулсан "Алтан гудасаараа" бусниулан сарниах ажиллагааг ч МАН эдүгээ амжилттай
хэрэгжүүлж байна. Жижиг намууд сонгуулийн
харьцангуй олонхийн тогтолцооны үед парламентад орж ирэх боломжгүй болдог тул гудамжны
улс төр, жагсаал цуглаан, улс төрийн тогтворгүй байдал үүсэхэд хүргэж байна. Харин жижиг улс төрийн намуудтай зэрэгцэн "Нутгийн зөвлөлүүд"
гэгдэх улс төрийн авилга, төрөл садан,тойрон хүрээлэгчдийн эдийн засагт тулгуурласан тэднээс хавгүй илүү хүч нөлөөтэй, хорт
"улс төрийн хүчнүүдийг" энэ сонгуулийн тогтолцоо үүсгэжээ.
-Ийнхүү Монголд олон намын тогтолцоо хараахан бүрэлдэж чадаагүй явдал болон
ардчилсан хүчнүүдийн зохиомол
төвлөрлөөс шалтгаалан
Монголын парламентын түүхэнд Засгийн
эрхийг МАН де факто ямар ч сөрөг хүчингүйгээр тасралтгүй барьсаар иржээ гэж
дүгнэж болно. 1996 онд
Ардчилсан хүчин сонгуульд ялсан боловч тэдний дотоод зөрчил, хуулин дахь чуулганы ирцийн квотоор
дамжуулан хэрэг дээрээ МАХН засгийг барьж байсан гэдгийг ардчилсан хүчнийхэн ч үгүйсгэдэггүй. 2004 онд
сонгуулийн үр дүнгээр, 2008 оноос Үндсэн хуулийн бус,
зохиомол их эвслийн Засгийн
газрууд байгуулагдаж байсан тул парламентад эрх баригчдийг хянах олигтой сөрөг хүчин үлдээгүй. Эдгээр их эвслийн Засгийн газруудаа манай
эрх баригчид Германы 2005 оны их эвслийн Засгийн газрыг жишээ татаж ирээд л зөвтгөдөг юм. Гэвч
сонгуулийн тогтолцооныхоо
ачаар Бундестаг таван намын парламент болсон бөгөөд энэ их
эвслийн засгийн газрын үед парламентын бүлэг байгуулах хэмжээний гурван ч нам хангалттай хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж
байсныг харин ярьдаггүй юм. Ийм ч учраас Германд улс төрийн
тогтвортой байдалтай, эрүүл улс төрийн
тогтолцоотой, эдийн засгийн хөгжилтэй байгаа билээ.
-Тэртэй тэргүй саналыг нь худалдаад эсвэл айлгаад авчихдаг,
элдэв булхай хэрэглэн саналын дүнг нь луйвардчихдаг, луйварыг нь гардан гүйцэтгэгчид нь
хариуцлага хүлээхийн оронд албан тушаал ахиад, эд мөнгөөр цалгиад
явдаг, сонгогчдын хүсэл зоригийг огоорон сонгуулийн үр дүнгээр бус "стандарт бус" гэгдэх
Засгийн газар байгуулчихдаг болохоор энэ сонгуулийн тогтолцооны олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх шинж нь
алдагдсан байна. Үүний нэг нотолгоо нь 95,6 хувиас сонгууль бүрт буурсаар 76,4 хувьд хүрсэн иргэдийн
сонгуулийн оролцооны дүн юм. Энэ бол
харин Монголын ардчилалд
учирч буй хамгийн том хохирол болно. Мөн энэ гудамжнаас
санаатай шинээр төрж болзошгүй улс төрийн хүчийг
саринулах гэсэндээ болон
аргагүйдсэндээ "төрийн эрхийг хүчээр булаан
авна", "хүчтэй ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй" хэмээн мэдэгдэх болсон улс төрийн хүчнүүд, иргэдийн
дуу хоолой ч нэг талаар энэ тогтолцооны үр дагавар.
-Энэ тогтолцоог
парламентат ёсны уламжлал нь дундад зууны феодалын нийгмээс эхлэлтэй,
парламентыг орчин цагийн ардчиллын онол лугаа "ард түмний хүсэл зоригийн бүрдэл"
гэж үздэггүй харин "үйл ажиллагааны бүрдэл"
гэж үздэг англи маягийн парламент, тус улсын колони байсан орнуудын
парламентуудыг бүрдүүлэхэд хэрэглэдэг байна. Гэвч сүүлийн үед Англи
улсад болон түүний колони
байсан орнуудад ч хувь тэнцүүлсэн тогтолцоог хэрэгжүүлэх тухай
хэлэлцүүлэг өрнөдөг болжээ. Үүний нэг жишээ нь Шинэ Зеланд улс холимог тогтолцоотой болсон явдал юм. Нөгөө талаар эдүгээ ардчилсан
нийгмийн шилжилтээ амжилттай
хийж, улс төрийн тогтолцооны хувьд тогтворжин төлөвшсөн хуучин социалист ситемийн орнууд дандаа нэг
бол хувь тэнцүүлсэн эсвэл холимог тогтолцоог авч хэрэглэсэн байдаг.
Тэгэхээр
харьцангуй олонхийн тогтолцоо ардчиласан парламентат ёсыг төлөвшүүлэх гэж буй монголийн нийгмийн нөхцөлд тун
тохиромжгүй байгаа юм.
Германы энэ
салбарын тэргүүлэх эрдэмтэн Дийтэр Ноолен гэдэг профессорыг урьж
судалгааны дүгнэлт гаргуулахад тэрбээр хоёр янзын холимог тогтолцоог,
тэгэхдээ харьцангуй олонхиор сонгогдох мандатын тоо нь 38-аас хэтрэхгүй байхыг зөвлөсөн байна. Мөн Австрали, АНУ-ын тэргүүлэх эрдэмтэн, профессор Бенжамин Райли НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй төслийн хүрээнд гаргасан
зөвлөмждөө мөн л Лу.Болд нарын төслийг
зохих өөрчлөлттэйгөөр
дэмжээд, 26 мажоритараар сонгогдох, 50 пропорционалаар сонгогдах мандаттай холимог
тогтолцоог санал болгосон байна. Монголын эрдэмтэд, судалгааны байгууллагууд ч
мөн холимог тогтолцоог, тэр дундаа 38:38 гэсэн тогтолцоог санал болгосон
байдаг.
Адгийн судлаач би
хувьдаа мөн энэ
38:38 гэсэн тогтолцоог дэмждэг билээ. Учир нь цэвэр пропорционал тогтолцоо нь
улс төрийн намууд төлөвшөөгүй, улс төрийн тогтолцоо тогтворгүй, сонгогчдын
улс төр, эрх зүйн боловсрол ч зохих түвшиндээ хүрч соёл болон хөгжөөгүй, сонгогчид
нь төрийг хүнчлэн төсөөлдөг уламжлалт ойлголттой, этатист хандлагатай өнөөгийн нөхцөлд хэт олон жижиг
намууд, ёстой нөгөө нутгийн зөвлөлүүд, компаний захирлын гэгдэх намууд парламентад орж
ирснээр парламентын олонхийн дэмжлэгтэй Засгийн газар байгуулах боломж хомсдож,
төрийн үйл ажиллагааны чадавхи сулрах, цаашилбал үндэсний эв
нэгдэл, аюулгүй байдалд ч
хор хүргэж болзошгүй юм. Тэгэхээр энэ хоёр тогтолцооны аль альных нь давуу
талуудыг тусгадагаар нь холимог тогтолцоог, гэхдээ улс төрийн намуудынхаа төлөвшлийг дэмжих, гудамжны улс төрөө парламентдаа
оруулж ирэхийн тулд аль болох хувь тэнцүүлсэн элемент нь давамгайлсан тогтолцоо л тохиромжтой байна.
Ямар тогтолцоог
сонгох бол?
Энэ асуултын
хариу ерөнхйи дөө тодорхой болж байх шиг байна. МАН нэрээ сольж, Энхбаяртангууд МАХН байгуулахаар оролдож
эхэлснээр болон МАНАН-гийн засгийн үрээр энэ хоёр "том" гэгдэх намууд
хэрэг дээрээ нэг ашиг сонирхолтой юм байна гэсэн олон нийтийн ойлголтод
тулгуурласан эрх баригчдын (гол нь МАН) нэр хүндийн огцом уналт, улс төрийн
гуравдагч хүчнүүдийн нэр хүндийн өсөлт, парламентад шинэ намууд орж ирэх боломжийн нэмэгдэлт зэргийг ажигласан эрх баригчид
маань хулгаж, буцаж, "хөгөө хөлдөө чирч" байна.
Дээр өгүүлсэнчлэн
болвол хуучин жижиг 76 тойрогтой харьцангуй олонхийн тогтолцоо руугаа орох, үгүйдээ л
мажоритарын элементүүдийг холимог тогтолцоонд ахиу оруулж, нэр төдий өөрчлөлт хийхийг
эрх баригч МАН туйлаас хүсэж, олон олон муу зальнууд хэрэглэж байна.
Заль №1: МАН-ын
голдуу гишүүд тогтолцоогоо тохироогүй байгаа тул
хуулийнхаа хэлэлцүүлэгийг түргэвчлэхийн тулд эхлээд сонгууль явуулах журам гэх мэт
бусад заалтуудаа хэлэлцээд
дуусгаж байгаад энэ хооронд тогтолцоон дээрээ саналаа нэгтгээд хэлэлцэе хэмээн
урьдийн залиа гаргав. Гэтэл ямар сонгуулийн тогтолцоо сонгосоноос шалтгаалаад
сонгох, сонгогдох эрхийг хангах бусад эрхийн баталгаа, зохицуулалт нь ямар
байхыг тодорхойлдог. Ингэж хөлөөрөө толгой хийж болохгүй юм.
Заль №2: Энэ бол
дээр тодорхой өгүүлсэн Үндсэн хуульд "УИХ-ын гишүүнийг…шууд…
сонгоно" гэсэн заалтыг Үндсэн хууль тогтоогч хүнийг сонгоно
гэсэн агуулгаар оруулсан хэмээн гөрддөг заль юм. Германы Үндсэн хууль дээр ч гэсэн Бундестагийн гишүүнийг сонгоно
л гэсэн байдаг юм. Гэвч Германд бас л холимог тогтолцоогоор сонгууль явуулдаг.
Сонгуулийн шууд байх зарчмийг
манай улс төрчдийн гөрдсөн мулгуу агуулгаар ойлгох юм бол холимог болон
пропорционал тогтолцоотой улсууд
бүгд ардчилсан бус, Үндсэн хуулийн бус төртэй болж таарах нь.
Эндээс дараагийн зал ургана.
Заль №3: Д.Лүндээжанцан
нарын төсөлд цэвэр пропорционал тогтолцоог санал болгосон боловч тухайн намын нэрсийн жагсаалтаас нэг хүний нэрийг
дугуйлахаар оруулж ирсэн
байдаг. Үүнийгээ дээрх "зохиомол" Үндсэн
хуулийнхаа зөрчлөөр хаацайлаж,
аргагүйдлээ хэмээн "бурхны" царай гаргана. Одоо холимог дээр олон
нийтийн шахалтаар тогтох байдал руу оронгуут пропорционалаар сонгогдох хэсэг
дээр намын жагсаалтаас мөн дэмжсэн нэр дэвшигчийг сонгогчид тэмдэглээд, тэр нь намд өгсөн санал
болохоор хуульчлахыг шаардаж эхэлсэн. Энэ бол парламентад олон жил суусан
"хашир бурхи"-нуудын нэр хүндээрээ гарч ирэх,
болвол намаа чирээд гараад ирэх гэсэн л эрх мэдлийн дон шүглэсэн санаа
болохоос улс эх орны эрх
ашигт нийцэхгүй асуудал юм. Ийм тогтолцоогоор санал хураасан
тохиолдолд, нэгд, их нэр алдартай нэр дэвшигчгүй боловч хөгжлийн зөв үзэл
баримтлалтай, хөтөлбөртэй шинэ залуу, жижгэвтэр намууд шахагдана, хоёрт,
намууд нэрсийн жагсаалтаараа
залуучуудын оролцоо, эмэгтэй нэр дэвшигчдээ гаргаж ирэх боломж хаагдана,
гуравт, намуудын сахилга бат, төлөвшил саармагжина.
Заль №4: Дараагийн
заль нь "дасгаж байгаад мурих" мэх. Эхлээд холимог дээр тогтсон
боловч тоогоо тогтоогүй байна гэснээ 26 мажоритар, 50 пропорционалаасаа ухарч тал тал болгосноо
сүүлийн өдрүүдэд 50
мажоритар, 26 пропорционал ч биш бүр 52 мажоритар, 24 пропорционалаар сонгогдох мандаттай
байх хэлэлцүүлэг өрнүүлж эхлэсэн. Ингэж хувь тэнцүүлсэн
элементийг бага багаар устгасаар
нэр төдий болгох явдал юм.
Ингэснээр тойрогтоо олон тэрбумын хөрөнгө оруулсан гэх
нэрээрээ дахин сонгогдож, дахиад 4 жил найрлах санаатай юм.
Заль №5: Үхэхдээ үхэр буугаа
тавина гэгчээр одоо
сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг аль болох "уяж" байгаад, "хоёр танхимтай парламенттай болно",
сайдыг огцруулна гэх мэт ямар ч утгагүй, хэрэгжих боломжгүй хуурамч
хэлэлцүүлэгээр олон нийтийн анхаарлыг сарниулсаар байгаад оны төгсгөл буюу
сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй хуулийн
хугацаанд тулгаж байгаад "одоо
өөрчлөөд дэмий байх, энэ удаа үүгээрээ
саналаа өгцгөөе, дараагийн парламентын үед л ёстой
нэг сайхан сонгуулийн
хуультай болъё" гэж олон түмнийг "хамраар
нь газар хатгуулах" мэхээ хэрэглэх байх.
Тэгэхээр засгийн эрхийг,
АН-ын эрхтэй хамтад нь барьж байгаа МАН нэгэнтээ эргэж буцаж байгаа болохоор
нэг бол нэр төдий холимог тогтолцоотой, үгүй бол жижиг
76 тойрогтой харьцангуй олонхийн тогтолцоотой болох юм шиг байна.
Одоо тэгвэл яаж
тогтворжих вэ?
Хэрэв энэ удаад Монголын
парламент сонгуулийн тогтолцоогоо зөв сонгохгүй бол, сонгуулийн хууль тогтоомжоо хийдэлгүй батлахгүй бол 2012 онд дараагийн цуст мөргөлдөөн, бослого
тэмцэл гарахыг үгүйсгэх аргагүй юм. Одоо
эрх баригчдын зүгээс "хадны мангаа" болгон харагдуулах гээд байгаа Энхбаяртан мэтийн "хутган
үймүүлэгчид" чинь тэр үед бухимдсан,
аргагүйдсэн олон түмнийг тосон авч хүчирхэгжээд жинхэнэ цуст халдлага, Үндсэн хуулийн
бусаар төрийн эрх мэдлийг авах зорилгоо хэрэгжүүлж, Монгол
улс иргэний дайн, баялгийн хараал хоёртоо живж, ертөнцийн хөрснөөс үүр арчигдаж ч
болзошгүй юм. Амны билгээс ашдын
билэг гэдэг болохоор арай ч ийм зүйл болохгүй байлгүй хэмээн Зориг агсны адилаар "Монгол хүний саруул
ухаанд” найдъя.
Ямар ч сонгуулийн
тогтолцоог сонголоо гэсэн сонгуулийг маргаан зөрчилгүй, шудрагаар
явуулах бусад заалтууд нь хийдэлгүй, үр нөлөөтэй байхуйц
батлагдахгүй бол бас ямар ч хэрэггүй.
Тиймээс олон түмэн минь эдүгээ
сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа үед эрх баригчдыг
шахан шаардаж, хянан анхаарч, эргэж буцахааргүй сонгуулийн
хуультай болох хэрэгтэй
байна. УИХ дахь эрүүл үзэл бодолтой гишүүдийг ч уриалан гуйя. Ингээд болохгүй бол эцсийн
найдвар болгож сонгогчид л яагаад ч луйвардаж чадахааргүйгээр саналаа
маш тодорхой, тогтолцоонд нь, гаргаж буй заль мэхэнд нь тааруулан өгч,
"мэхтийг мэхээр нь" унаган зайлуулах хэрэгтэй юм.
Монгол овогт
Дашдондогийн Үүрцайх
Бонн хот,
17.5.2011