Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах болон санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Сүүлийн үед иргэд FOREX буюу олон улсын валютын зах зээлийн арилжаанд компани, хувь хүмүүсээр зуучлуулан өөрсдийн мөнгөн хөрөнгийг өсгүүлэх зорилгоор гадаадын улс орнууд руу шилжүүлэх, эсхүл шууд хөрөнгө оруулах явдал нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү зах зээл нь өндөр эрсдэлтэй дэлхийн улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, экологийн хүчин зүйлсэд мэдрэмтгий бөгөөд ханшийг хөдөлгөгч төв банкууд, томоохон тоглогчид нь мэргэшсэн, мэдээ мэдээллийг секундын нарийвчлалтай авч байдаг, мэргэжлийн хүмүүс оролцдог онцлогтой. Тиймдээ ч уг зах зээлд анхлан орж байгаа, энэ талаар мэдлэг, мэдээлэл багатай оролцогчдын хувьд эрсдэл өндөртэй юм.
Олон улсын валютын зах зээл нь АНУ, Англи, Австрали, Япон улсын биржүүд дээр төвлөрөн 7 хоногийн ажлын өдрүүдэд 24 цагаар ажилладаг бөгөөд уг харилцаанд оролцогч талууд болох олон улсын Засгийн газрууд, төв банкууд, арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сангууд, санхүүгийн байгууллагууд, компани, хувь хүмүүс нь валютын ханшийн өөрчлөлтөөс ирээдүйд үүсэх ашиг, алдагдал болон аливаа учирч болох эрсдэлээ 100 хувь өөрсдөө хүлээдэг онцлогтой санхүүгийн харилцаа юм.
Иймд иргэд аливаа зуучлагч компани, хувь хүмүүсээр зуучлуулан олон улсын валютын арилжаанд оролцож, ямар нэгэн байдлаар хохирсон нөхцөлд хариуцлагыг иргэд өөрсдөө хүлээх болохыг анхааруулахын хамт энэ төрлийн харилцаа, үйл ажиллагаанд Хороо ямар нэгэн зохицуулалт, хяналт тавих чиг үүрэггүй болно.
Эх сурвалж: http://mse.mn