Нөмрөгийн 143 шатарчин Гиннест бүртгүүлэхэд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Нөмрөгийн 143 шатарчин Гиннест бүртгүүлэхэд оролцлоо

Хаан, Хатан жинс  чулууг хоймортоо залсан Завхан аймгийн Нөмрөг сум домог түүх арвинтай нутаг. Монголын түүхэнд “Нөмрөгийн таван хутагт” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн эрдэм төгс хутагт хувилгаад энэ нутгаас төрөн гарчээ. Гэгээн хутагтуудын төрсөн нутагт  нэгэн тэмдэглэлт үйл явдал өнгөрсөн бямба гаригт болж өнгөрлөө.  Энэ бол Завхан аймгийн 24 суманд нэг өдөр, нэгэн зэрэг эхэлсэн “Өсвөрийн монгол шатарчин 9999” тэмцээн юм.

Хүүхэд залуусын авьяас билгийг хөгжүүлж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, дэлхийн төвшинд өрсөлдөхүйц шинэ залуу мастеруудыг төрүүлэх зорилготой өсвөрийн шатарчдын тэмцээнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав санаачлан зохион байгуулж байгаа юм.

“Өсвөрийн монгол шатарчин 9999” тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлж байгаагаараа онцлогтой. Нөмрөг сумын Жалханз хутагт Дамдинбазарын нэрэмжит 12 жилийн дунд сургуулийн  350 гаруй хүүхэд шилдгүүдээ тодруулж, өсвөрийн шатарчдын тэмцээнд 143 хүүхэд өрсөлдлөө. Швейцарь системийн аргачлал буюу хүүхдүүдийн оноолтыг компьютерийн тусгай программаар  автоматаар явуулсан тэмцээн 7, 8-9, 10-12, 13-15,16-18 гэсэн таван насны ангиллаар болов. Шилдэг шатарчин, шатрын мастер болно гэсэн мөрөөдөл тээсэн өсвөрийн шатарчид шалж, дуглаж, цодлож хожсоор шилдгүүдээ тодруулсан гэсэн үг.  Тааруухан тоглосон нэг нь зунжин уралдааны морь унаад тэмцээндээ бэлдэж чадаагүй. Эсвэл хичээлээ тараад хөдөө гэр рүүгээ явж ээж, аавдаа тусалдаг  болохоор хожигдчихлоо гэсэн цагаахан гомдол сэтгэлдээ тээсээр. Мөн найзтайгаа оноолтоор таарч тоглосон хүүхдүүд өмнө нь  би хожиж байсан, өнөөдөр би буруу нүүдэл хийчихлээ гэж гэмших нь хүүхдийн хиргүй ариун сэтгэлийг илтгэх шиг.

Бяцхан шатрын мастерууд ур ухаан, хурд самбаагаа сорьсоор шилдгүүдээ тодруулахад эхний байруудад ах дүү гурав, эгч дүү хоёр хэд хэд шалгарсан нь олныг гайхшруулж, бахархах сэтгэл, баярын алга ташилтаар танхим дүүргэв. Нийтдээ таван өрөг тавьж, Завхан аймагт болох сумдын шилдэг шатарчидтай өрсөлдөх 21 хүүхэд шалгарч өргөмжлөл гардсан юм. Мөн шатрын тэмцээнд оролцсон хүүхэд бүрт  хожлынх нь тоогоор алтан таван хошуу наасан модон шатар, батламж өгсөн нь хүүхдүүдийг урамшуулж, урам зориг хайрлалаа. Нөмрөг суманд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, цаг зав зарцуулдаг олон сайхан оюунлаг гэр бүл байгааг  тэмцээний зохион байгуулагчид онцолж байв. Мөн шатрын спортоор  дэлхийд өрсөлдөх олон хүүхэд энд байна гэж  Монголын шатрын холбооны төлөөлөгч, шатрын  дэд мастер Ц.Лхагвасүрэн үнэлсэн.

Тэмцээнийг Хөдөлмөрийн яам, Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллеж, Монголын шатрын холбооны холбогдох хүмүүс шүүн явуулж тус сумын ахмад шатарчид хөндлөнгөөс хяналт тавьсан нь элдэв маргаангүй сайхан болж өндөрлөсөн гэдгийг тэмцээнийг үзэж сонирхсон хүмүүс хэлж байв. Тэмцээний үеэр сургуулийн захирал О.Пүрэвсамбуу “Манай сургуулийн 350 гаруй хүүхэд бүгд их бага хэмжээгээр шатар мэднэ. Гиннест бүртгүүлэх, өсвөрийн шилдэг шатарчдын энэ тэмцээнд манай сургуулийн шилдэг хүүхдүүд оролцож байна. Манай сумын айл өрх, сургуулийн хүүхэд бүр шатартай. Хүүхдийг анхааралтай суулгаж сургах, оюун ухааныг нь тэлдэг шатрын спортыг хөгжүүлэхийн тулд сурагчдыг бага ангиас нь шатрын дугуйланд тогтмол хамруулж байна” гэсэн юм.

Нөмрөг сумынхан баяр ёслол болгоноор шатар, даамны тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулжээ. Мөн шатрын клуб хичээллүүлж, сумын айл өрх бүрийг  шатартай болгосон  зэргээр оюуны их уурхай шатрын спортыг сум орон нутагтаа хөгжүүлэх олон ажлыг санаачлан хийж  байна. УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан гурван тулгуурт бодлогын хүрээнд энэ жилээс эхлэн цэцэрлэгийн ахлах бүлгийнхэнд шатрын нүүдэл заах ажлыг зохион байгуулахаар болжээ. 

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж