Су.Батболд: Засгийн газрын сайдууд хариуцлага хүлээх ёстой

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Су.Батболд: Засгийн газрын сайдууд хариуцлага хүлээх ёстой

Сүүлийн үед Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох тухай яригдаж байна. Бүтцийн асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ ч Ерөнхий сайд мэдэгдсэн. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Су.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрыг есөн яамтай байх тухай яригдаж байна. Танай намынхан сайдуудад хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна уу аль эсвэл яамдыг цөөлөхийг дэмжиж байна уу?

-Их хурал нэгэнт хэлэлцэж эхэлсэн асуудлаа зогсоогоод дундуур нь өөр асуудал хэлэлцдэггүй. Миний хувьд Засгийн газар Н.Батбаяр сайдын асуудлыг оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ бүтцийн асуудал оруулж ирвэл ямар асуудал оруулж ирэхээс хамаараад манай намын зүгээс бүтцийн өөрчлөлт хийгээд өнгөрөх юм уу, эсвэл Засгийн газарт хариуцлага тооцох уу гэдгээ тухайн үедээ шийднэ. Анхнаасаа нүсэр бүтэцтэй ажилласан. Хоёр жилийн хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил болох болов уу гэж бодож байна. Ялангуяа өнгөн төдий бүтцийн өөрчлөлт хийж асуудалд хандах юм бол оновчтой шийдэл биш гэж үзэж байна.

-Тэгвэл сайдууд нь хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Тиймээ.

-Хариуцлага тооцох тухай асуудал бол Ардчилсан намын сайдуудад хамааралтай гэж МАХН-ынхан үзэж байна. Энэ талаар таны бодол?

-Засгийн газар гэдэг нь кабинет болоод бүхэлдээ хамтын хариуцлага хүлээдэг. Аль нэгэн хамтарсан нам бид нар хариуцлага хүлээхгүй гэж асуудалд хандаж байгаа бол одоогийн төрт ёсны тогтолцоонд байх ёсгүй зүйл.

-Сонгуулийн тухай хуулийн талаар танай бүлгийн санал дүгнэлт гарсан уу?

-Сонгуулийн хууль дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Хаврын чуулган завсарлахаас өмнө уулзаж хуралдсан. Зарчмын зарим нэг зүйл дээр тохиролцсон байгаа. Ажлын хэсгийн саналыг намын бүлгүүдэд хүргүүлсэн. Сонгуулийн пропорцианаль тогтолцоогоор явья. Үүнийг хийхдээ ямар, ямар саналуудыг намын бүлэгт хүргүүлэх вэ. Жишээ нь одоо байгаа тогтоцоогоо хэвээр нь аваад явах юм уу эсвэл пропорцианаль байх юм уу, мажораторын хувийг адилхан болгох уу, жагсаалтыг сонгуулийн үр дүн гарсны дараа авсан саналаар нь гаргах уу зэрэг олон саналыг намын бүлгүүд рүү хүргүүлсэн. Ажлын хэсэг дээр санал зөрчилдөж байгаа асуудал нь санал тооллогын асуудал. Автомат санал тооллого хүмүүсийн итгэлийг хүлээж чадахгүй байгаа. Тийм учраас бүх тойрог дээр дахин гараар тоолж баталгаажуулах хэрэгтэй гэсэн асуудал байгаа. Намын бүлгүүдээс санал ирэх юм бол ажлын хэсэг дахин хуралдана.

Ж.ГАНАА

 

Эх сурвалж: medee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж