Би бол төгс төгөлдөр хүн

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Би бол төгс төгөлдөр хүн

Оддын амьдрал:

Пүрэв гариг бүр уншигчдын хүртээл болох “Оддын амьдрал” булан рок хөгжмийн сод од, үе үеийн залуусын шүтээн Фредди Меркюригийн домог мэт амьдралын тухай хүргэж байна.

Би бол төгс төгөлдөр хүн….

“Орсгой шүд минь намайг бага зэрэг гутаадгаас биш бусдаар бол би төгс төгөлдөр хүн”

Бүхэл бүтэн 7 минут үргэлжлэх, дуурийн хэв маягаар дуулагдсан Bohemian Rhapsody рок баллад “Зууны шилдэг дуу”-гаар Гиннесийн номонд бүртгэгдсэн нь дэлхийн урлагийн тайзнаа оруулсан түүний хувь нэмрийг бэлхэнээ гэрчилнэ. Тайзан дээрх онцгой дүр төрх, этгээд авир нь рок сонсдоггүй нэгэнд ч хүртэл танил,сая сая шүтэн бишрэгчтэй тэрээр  богинохон наслахдаа амьдралд шунан дурлаж, амьдралаас авч болох бүгдийг авахыг тэчъяаддаг нэгэн байсан.

Фредди Мэркюригийн бисексийн чиг хандлага, хэл амтай хувийн амьдралыг олон нийт янз бүрээр хүлээн авч байсан нь дуучинд илэн далангүй байхад ихэд тус хүргэсэн юм. Хүмүүс хит дуунуудаас нь дутуугүй  шинэ амрагуудыг нь ам булаалдан ярьдаг байлаа. Амрагийн явдлуудаа нууна гэж мэддэггүй, амьдралаас жинхэнэ таашаал хүртэгч байсан тэрээр “Би Элизабэт Тейлороос ч илүү их амрагтай. Бүр эр, эм хүйсийн хоёулангаас нь бий” гэж ярьдаг байв. Гэхдээ түүний зүрх сэтгэлд нэг л хүн байдаг байв.

Цэл залуу Мэркюри 1970 аад оны эхээр Мэри Остинтэй танилцсан юм. 19 хэн настай Мэри загварлаг хувцас сонирхдог хүмүүсийн очих дуртай, Кэнсингтоны баячуудын дүүрэгт байрлах “Биба” хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилладаг байлаа. Үйлчлүүлэгч дунд 24 настай зураач, рок-хөгжимчин Фредди Мэркюри бусдаас этгээд хувцас, содон аксессуар авдагаараа онцгой ялгардаг байв. Фрэдди 6 сарын дараа л түүнтэй танилцаж чадсан юм. Мэри найзыг нь сонирхож байна гэж бодоод дөлөөд яваад байж.

Тэд 7 жил хамтдаа амьдарч, энэ хугацаанд Фрэдди хамгийн алдар цуутай рок-дуучдын нэг болж чадсан. "Bohemian Rhapsody", "We are the champions", "Love Somebody", "Killer Queen" дуунууд нь хит жагсаалтуудыг тэргүүлэх болж, аж амьдрал ч сайжирч умгар өрөөгөө байраар сольж, төд удалгүй хауст суурьшив. Товчхондоо шүтэн бишрэгчид зургийг нь ханандаа өлгөж, араас нь мөшгиж байсан цаг үе. Энэ үеэс л Фрэдди гэртээ оройтох болж, цаг зав л гарвал Лондон хотын төвд худалдан авсан байрандаа муурнуудтайгаа цагийг өнгөрөөх болов.

Остин юуны учир ийм авир гаргаж буйг ойлгохгүй байлаа. Үүнээс өмнө тэр хоёрын хооронд үл ойлголцол бараг гардаггүй байсан юм. Нэг өдөр хүүхэдтэй болбол урьдын адил болох юм болов уу гэж бодоод хэлтэл Фрэдди улангасан юм шиг уурлаж, түүнийг элдвээр хэлээд алга болоод өгөв. Остин тэдний харилцаа дуусгавар болжээ гэж бодтол хэд хоногийн дараа Фрэдди залгаж, уучлал хүсч, нэгэн чухал зүйл хэлмээр байна гэв. Өдийг хүртэл хулчийж, зүрх зоригоо чангалан байж хэлэх гэсэн зүйл нь “Би бол гей. Тиймээс сайн хань байж чамайг жаргааж чадахгүй”. Тэр ингэж хэлээд сэтгэл нь хөнгөрсөн аятай уртаа гэгч нь амьсгаа авчээ. Остин цаашид харилцаагаа хадгалахгүй, гэрээс нь явахыг хүссэн боловч, Фрэдди түүнийг өөрөөсөө холдуулсангүй. Дэргэдээ байшин худалдан авч өгч, хамтлагийн зохион байгуулагчийн албанд томилов. Мэри хувийн амьдралаа төвхнүүлэх гэж хэдэн жил оролдож, хэдэн ч найз залуу солисны эцэст зураач Пирс Камеронтой гэрлэж, хоёр хүүг нь төрүүлсэн юм. Гэхдээ тэдний ч харилцаа болж бүтээгүй. Мэри ихэнх цагаа Фрэддитэй өнгөрүүлдэг байсан нь салах шалтгаан болсон юм.

Хамгийн хөгийн зүйл бол буйдан дээр Фрэддийн нэг талд Мэри, нөгөө талд ээлжит найз залуу нь суудаг байлаа. Залуу амрагууд нь Фрэддийг Мэритэй хардах энүүхэнд, түүний орыг эзлэх гэж ихэд тэмцдэг байв. Нэг удаа: “- Мэри бол миний дотны найз нөхөр, өөр найз надад хэрэггүй. Бид нэг нэгэндээ итгэдэг байсан, энэ нь миний хувьд их чухал зүйл. …Би эрэгтэй амрагаа Мэрийг хайрлаж байсан шигээ хайрлаж чадахгүй. … Бид хоёр хэлхээтэй юм шиг л цугтаа насыг барцгаана. Заримдаа итгэлт анд нөхөр сайхан амрагаас илүү үнэ цэнэтэй байдаг шүү” гэж Фрэдди хэлсэн байдаг. Гэрээслэлдээ ч хамгийн сүүлчийн амраг эр Жим Хаттонд бус Мэррид үл хөдлөх хөрөнгө, зохиогчийн эрхээ өвлүүлэн үлдээсэн юм. “Хэрвээ амьдрал тэр үед ингэж эргээгүй байсан бол чи миний эхнэр байх байсан. Энэ бүгд чамд л очих байсан” гэж  хэлсэнийг нь Остин хожим дурсан ярьсан байжээ. Остин “Тэр тайзан дээр хүлээст баригддаггүй этгээд нэгэн байсан ч, амьдрал дээр асар их журамтай хүн байсан. Эс бөгөөс би өнөөдөр амьд байхгүй байсан” гэсэн юм.

Фрэддигийн түүнд өгсөн хамгийн тэнгэрлэг бэлэг бол “Love Of My Life” гэсэн уянгалаг сайхан баллад билээ.

Фредди богинохон хугацаанд ч гэлээ австрийн жүжигчин Барбара Валентинтэй учир ургуулсан. Дунд зэргийн нуруутай, тийм ч царайлаг биш Мэри Остины дэргэд Барбара  тавин настай атлаа дур булаам, эмэгтэйлэг дугуйрсан галбиртай, зугаа цэнгэлд галзуутай дурладаг нэгэн байв. Барбара Фрэддигийн нэгэн адил Мюнхен хотын “Нью-Йорк” гей бааранд очих дуртай байсан юм. Тэд тэнд танилцсанаас хойш Валентин Фрэддитэй бараар хэсүүчилж, хардан маргалдаж, зодолдож нүдэлцэн, тэгсэн атлаа нэг орон дотор унтаж бүхий л дэггүй адал явдлуудад нь хамт явдаг болов. Нэг удаа Фрэдди Барбарагийн үсийг угааж байсан залууг зодож танхайрсан бол дараагийн удаа нь Барбараг өөр эрд сээтэн хаясан хэмээн алгадаад авсан юм. “Бидний харилцааг ойлгоход бэрх, учир нь тэр гей, харин би эрчүүдэд дуртай нэгэн. Тэгсэн атлаа бид нэг нэгэндээ татагддаг байлаа” гэж Барбара дурссан байдаг. Харин Фрэдди нэгэн ярилцлагадаа “… сүүлийн хэдэн жил эрэгтэй амрагуудын маань хэн ч татаж байгаагүйгээр миний сэтгэлийг тэр эзэмдэж чадсан. Барбарад дотор байгаа бүхнээ илэн далангүй ярьж болно. Ингэхдээ дүр эсгэх ч шаардлага байдаггүй. Энэ бол тэр бүр олддоггүй ховор зүйл” гэж дурссан байдаг.

Фрэдди Мэри Остиний дэргэд чөтгөрийн гэмээр тачаал-шуналаа тэвчин барьдаг байсан бол Валентиний дэргэд хүлээсээ хөсөр хаяж, умбадаг байлаа. Зад наргиж цэнгэсний дараа Фрэдди тавилга хогшлоо эвдэж, гэртээ гүйж харайж, халаагуурт толгойгоо шааж, солиорч хийрхдэг байсан. Нэг удаа бүр унтаж байхдаа Барбараг арай л багалзуурдаж алчаагүй. Гэхдээ төд удалгүй цагийн дараа сэхэж, нүүрэн дээрх цусаа арчин, юу ч болоогүй мэт цэцгээ усаж эхэлдэг байлаа. Тэгсэн хэрнээ Барбараг өвдөхөд асран тойголж, хайртай муурнуудаасаа үхэхэд гашууддаг нэгэн байсан. “ Тэр их халамжтай. Тохиолдсон таагүй явдлуудаа ярин бухимдах үед царайгаа төв болгон намайг анхааралтай гэгч нь сонсдог байлаа. Хошигнол нь намайг үнэхээр тайвшруулж чаддаг байсан. Бүх зүйл нэг л өдөр өөрчлөгдсөн. 1985 онд Фрэдди Мюнхенийг орхин Лондон руугаа буцаж, юу тохиолдов гэмээр нам жим амьдрах болов. Энэ бол ДОХ байлаа”. 1991 оны зун тэд сүүлчийн удаа дахин нэг удаа уулзсан юм.

Фрэдди Танзанийн Занзибарт төрж, өсвөр насандаа Энэтхэгт дотуур байртай сургуульд сурч, хожим Британид коллеж дүүргэсэн нэгэн. Аав нь Занзибарт Английн шүүхэд алба хашиж байсан тул бага нас нь гачигдах зүйлгүй хангалуун байсан гэдэг. Багадаа зураач болохыг мөрөөдөж, дүрслэх урлагийн сургууль дүүргэсэн ч зураач болоогүй дээ тэнгэр бурханд талархдаг байв. Хөгжмийн хосгүй авьяасыг нь олж харсан ангийн багшийн ачаар эцэг эх нь нэмэлт мөнгө төлж төгөлдөр хуурын хичээлд хамруулах болсон. Төгөлдөр хуурын хичээл хамгийн дуртай хичээл нь байсан гэж хожим дурссан байдаг. Сургуулиа дүүргээд Занзибар руугаа буцсан ч, төд удалгүй Танзаниас англичуудыг шахан гаргах болсоноор тэдний гэр бүл Британи руу дүрвэсэн юм.

Британид ирээд хамтлаг байгуулах гэж хэдэнтээ оролдсоны эцэст Queen –тэй нэгдсэн юм. Queen-тэй хамт алдар нэр, эд хөрөнгө бүгд ирсэн ч хий дэмий хэвтэхийг тэвчдэггүй, үргэлж шинийг эрэлхийлдэг зангаа гээсэнгүй. Лондонгийн нэгэн зочид буудлын жакузид орж байхад нь “Queen Crazy Little Thing Called Love” дуу бичих онгод нь орж, бодлоо үргээчихгүйн тулд буудлын ажилтанаар төгөлдөр хуурыг угаалгын өрөөндөө авч ирүүлж байсан түүхтэй. Нэгэн тоглолтын үеэр дуундаа автсан Фрэдди хөдөлгөөнийг нь хязгаарлах босоо микрофоноо сууринаас салгаж дуулснаар  хожим нэрийн хуудас нь болж хувирсан юм. Дууг зовлонгүй бичиж, хурууныхаа үзүүрээр зохиож байсан тэрээр үзэгчдийг уйдаахгүй этгээд хувцасны зохицол зохиож, загварын шоу үзүүлэхэд л толгойгоо гашилгадаг байсан хүн.

Үхэхдээ хүртэл ялгуулсан баатар шиг одохыг хүсэж, оршуулгын ёслолыг шоу болгон хувиргах зохиол бичив. Зороастр шашины мяндагтан бүрлээчийн хойдохыг нь уншихын зэрэгцээ хайртай дуучид болох Арета Франклин, дуурийн дива Монсеррат Кабальегийн дуунууд тэнгэрт цуурайтсан юм.

Фрэддигийн аминчлан захисаны дагуу Остин түүний чандрыг хаана хөдөөлүүлсэнээ өнөөдрийг хүртэл хэнд ч хэлээгүй бөгөөд эцэг эхэд нь ч дэлгээгүй юм. Фрэдди хэдийгээр перс гаралтай Занзибарт төрсөн ч, ВВС Фрэдди Меркурийг “Агуу 100 британичууд”-ын нэгээр шалгаруулсан билээ.

Эх сурвалжууд: www.elle.ru

www.dailymail.co.uk

http://esquire.ru/wil/freddie-mercury

http://orpheusmusic.ru

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж