Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Буянгүй буянтанууд

Монгол Улсад хэдэн мянган Төрийн бус байгууллага /ТББ/ бий. Харин эдгээрийн дотроос хамгийн олон гишүүнтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг цөөхөн хэдийн тэргүүн эгнээнд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монголын Үндэсний Бөхийн холбоо хоёр гарцаагүй бичигдэнэ. Харин өнөөдөр эдгээр хоёр байгууллагыг бусдын төлөө буяны үйл хэр хийдэг талаар онцлон хөндмөөр санагдлаа.

Юуны түрүүнд Бөхийн холбоог авч үзье. Хэдэн мянгаар нь бөхчүүдээ цуглуулж Геннесийн номонд бичүүлж, элдэв байгууллагын ой, дөрвөн уулын нэрэмжит гээд л олон сайхан барилдаан зохион байгуулж, харилцан адилгүй үнэтэй тасалбар тасалдаг. Би ч боломжийнхоо хэрээр барилдаануудыг үзэхийг хичээдэг.

Гэсэн ч тус холбооноос нэг ч удаа ийм ажил хийсэн гэж санаанд огт буухгүй байна. Харин ганц нэгээрээ эмнэлэгт төхөөрөмж бэлэглэж, асрамжийн газрын хүүхдүүдэд гараа сунгаж байсныг үгүйсгэж болохгүй. Хамгийн гол нь дээд холбооноосоо санаачлаад ийм зүйл хийхгүй байгааг л хэлэх гэсэн юм. Яагаад заавал тэднээс буян нэхээд байна гэж та гайхаж магад. Учир нь сүүлийн үед бөхчүүд маань болох болохгүй зүйлд их холбогдож, эцэс сүүлдээ допинг хэрэглэж ард түмнээ хуурсаар байгаа ч хүмүүс тэдэнд ууч сэтгэлээр хандан байр, машин, бэлэн мөнгө, өндөр дээд цол зэргийг хүртээсээр байна.

Уг нь тэдэнд бусдыг сайн сайханд уриалан дуудах, ирээдүйнхээ төлөө бүтээх босгох ажлыг эхлүүлэх асар их хүч бий. Нэг барилдааны тасалбар 10000 төгрөг байлаа гэж бодоход /хамгийн багадаа/ Бөхийн өргөө 2500 /бараг 3000 хүн сууж болдог/ хүний суудалтай. Ингэхээр нэг удаадаа л 25 сая төгрөг олох нь. Тиймээс “Хорт хавдартай хүүд туслая” гээд нэг өдөр барилдаан зохион байгуулж, олсон орлогыг нь хандивлахад л бараг эмчилгээний зардал нь босоод ирэх нь байна. Үгүй бол холбооныхоо зүгээс үүрэг өгөөд хэд гурван аварга, арслангуудаа “Спортын нэгдсэн цогцолбор барьж ирээдүйдээ хөрөнгө оруулая” гээд хэлүүлэхэд л энэ бүх ажил эхлэж, цаашлаад богино хугацаанд дуусах боломжтой. Харамсалтай нь удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн сэтгэл жаахан дутдаг бололтой.

Харин лам нарын маань хувьд бол арай өөр. Учир нь тэд уран сайхан барилдаанаараа бусдыг цуглуулж чадахгүй ч бөхчүүдээс илүү энгийн иргэд, компаний захирал, хувийн бизнесмен, улс төрчдөд нөлөөлж чадна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тэд засал номондоо үнэ тариф тогтоосноос бус жинхэнэ бурхны шашинд заасан шигээ буян үйлдээгүй л байгаа болов уу? Эргэлзсэний минь учир тэд амьтны амь таслахыг цээрлэж, самуун явдлыг тэвчдэг байж болох учраас тэр. Эдгээр нь ч шашны ёсонд буян хэмээн тооцогдоно. Харин лам нар маань бас л бөхчүүд шиг олуулаа нэгдэн хийд, шашны төвөөсөө санаачлан нийтийг хамарсан сайн сайхан /буян/ зүйлийг хийсэнгүй. Хийдүүдэд уншиж байгаа номын үнэ ихэнхдээ 500-1000 төгрөгийн хооронд байдаг бол олноор хурах томоохон судар номууд нь 5-10 мянган төгрөгийн үнэтэй. Монголын гурван сая орчим иргэний 1,6 сая нь нийслэл хотод амьдардаг бөгөөд эдгээр хүмүүсийн дийлэнх нь бурхны шашинтан. Тэд цагаан сар, хүүхдийн даахи үргээх, хурим зэргээрээ ном уншуулдаг бөгөөд өчүүхэн төдий гай тотгор тохиолдоход л гандан зорьдог. Тиймээс хичнээн төгрөгийг бурхны шашны зүтгэлтнүүдийн халаасанд хийдэгийг тооцоход хүндрэлтэй. 

Бурхны шашинд “Тэнгэр, хүний биеийг олох, орчлонгийн жаргал бүгд буян буюу буяны үйлээс гарсан” сургасан байх юм билээ.

Мөн буян үйлдэх гэдгийг: Гэгээрэхэд тэмүүлсэн хүн бие хэл сэтгэлээр үйлдэж буй үйлээ ариун байлгахыг ямагт бодох хэрэгтэй. Биеэр үйлдэж буй үйлээ ариун байлгах нь амьтны амь үл таслах, хулгай үл хийх, буруу үл хурьцах, гэсэн ёс юм. Хэлний үйлийг ариун байлгах нь худал үл хэлэх, үл хараах, хоёр нүүр үл гаргах, үл чалчих хэмээсэн хэрэг. Сэтгэлийн үйлийг ариун байлгах нь үл шунах, үл уурлах, эд юмсыг буруу үл харах хэрэг билээ. Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал... хэмээн заасан буй заа.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж