нүүрс үнэд оржээ. Ялангуяа эрчим хүчний “мангас” болсон Хятадын
нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Энэ идэмхий “мангас”-ыг
хоолыг бэлтгэж өгснийхөө шанд чамгүй мөнгө халааслах боломж Монгол Улсад
тохиож буй. Тэрчлэн байгалийн гамшгаас болж атомын хэд хэдэн
реакторуудын үйл ажиллагаа нь зогсоод байгаа Япон улсаас нүүрс худалдан
авахаа мэдэгдсэн. Дэлхийн эдийн засагт тохиож буй “цаг агаарын” энэхүү
эерэг үзэгдлээс хожихын тулд монголчууд яаравчлах хэрэгтэй болжээ.
Тэгэхгүй бол хожигдсон хүний хохь болоод л өнгөрөх юм. Дэлхийн хэмжээнд
нүүрсний нөөц 14,3 их наяд тонн. Харин Монгол Улсын нүүрсний нөөц 162
тэрбум тонн. Үүнээс батлагдсан нөөц нь 15 тэрбум тонн. Нүүрснийхээ
нөөцөөр дэлхийд Америк, Орос, Хятад тэргүүлдэг бол Монгол Улс эхний 10
багтдаг. Энэ бол монголчуудын хувьд том үүц. Энэхүү үүцээ хэр мөнгө
болгох нь монголчуудаас шууд хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, монголчууд
нүүрсээ үнэд хүргэх үү, үнэгүйдүүлэх үү гэдэг Монгол төрийн бодлогоос
шалтгаална. Олон улсын зах зээл дээр коксжих нүүрс 198-225 ам.доллар,
хагас зөөлөн коксжих нүүрс 167 ам.доллар, ядмаг, холимог нүүрс 99-103
ам.доллар, уурын буюу эрчим хүчний нүүрс 76-149 ам.доллар, бутархай
нүүрс 105 ам.доллар, дунд хэмжээтэй угаасан нүүрс 160 ам.доллар, жижиг
хэмжээтэй угаасан нүүрс 151 ам.доллар, бутархай нүүрс 102 ам.доллар,
тост угаасан нүүрс 205 ам.доллар, гачигданги буюу холимог нүүрс 103
ам.долар, хийт нүүрс 152 ам.доллар, зөөлөн нүүрс 102 ам.доллар, урт дөлт
нүүрс 82 ам.долларын үнэтэй байна.
Олон улсын шинжээчдийн үзэж
буйгаар, 2030 он хүртэл дэлхийд коксжсон нүүрсний томоохон
экспортлогчид нь Австрали, Канад болон АНУ байх гэнэ.Монгол Улс
дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч хэмээн тодорхойлоод байгаа өнөө үед
нүүрсээ хэрхэн үнэд хүргэх вэ гэдэг хамгаас чухал асуулт болоод байна.
Монголын
Дорж, Хятадын Ван овогтод ноолуураа үнэтэй зарахын тулд хог шороогүй,
хялгасгүй байх талаас нь анхаарна. Яг үүн шиг Монгол Улс нүүрсээ гадаад
зах зээлд үнэд хүргэхийн тулд угааж, боловсруулах шаардлагатай байгаа
юм. Нүүрсээ ухаад, авто машинаар ачаад түүхийгээр нь хятадуудад 90
ам.доллараар зарах уу, эсвэл боловсруулаад нэмүү өртөг шингээсэн
бүтээгдэхүүн экпортлох үү, эсвэл шингэн түлш үйлдвэрлэж дотоодын
хэрэгцээгээ хангах уу. Ядаж байхад өнгөрсөн өдрүүдэд нүүрлэсэн шатахууны
хомсдолд Монгол цаашдаа дахиад өртөхгүй гэх баталгаагүй болохоор
нүүрсээ хэрхэн ашиглах нь эдийн засгийн чухал стратеги болжээ. Манай
эрдэмтэд нүүрснээс шингэн түлш гаргаж авахаас гадна 300 төрлийн
дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг дурддаг. Тиймээс тэдний
зүгээс нүүрсээ түүхийгээр нь хямдхан гаргаж буй төрийн бодлоготой санал
нийлдэггүй.
Монгол Улс өнгөрсөн онд гэхэд 25 сая тонн нүүрс
олборлосноос долоон сая тонныг нь дотоодынхоо зах зээлд хэрэглэсэн
байна. Харин үлдсэн 18 сая тонныг нь Хятад улс руу экспортолсон гэсэн
тоо бий. Нүүрсний экспортоос 2010 онд манай улс 877.6 сая ам.доллар
олсон бол зэсээс 770.6 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь нүүрсний
экспортын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давсан үзүүлэлт юм
байна. Засгийн газрын тооцоолж буйгаар 2011 онд Монгол нүүрснийхээ
экспортыг өсгөж 30 сая тоннд хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Гэхдээ
энэ нь зөвхөн түүхий нүүрсний экспортийн хэмжээ. Тиймээс бид эхний
ээлжинд нүүрсээ угаах, баяжуулах. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд механик
боловсруулалт хийж, харин дараа нь нүүрснээс шингэн түлш гаргаж авах,
нүүрс-химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь Монголын нэн тэргүүний зорилго
байх ёстой. Тэгэхгүйгээр хичнээн хэрэгтэй байлаа ч хүний хиртэй
цамцыг хүн өндөр үнээр худалдаж авна гэж үү.