Эрээнийг дэмжихээс урьтаж

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Эрээнийг дэмжихээс урьтаж

Эрээний наймаачид туршлагаасаа үүдэн ийн ярьцгаах болж. “Саяхан манай бүдүүн дарга танайд айлчлахдаа нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Манай дарга ухаантай юм болохоор биднээс бараа авах мөнгийг та нарт өгч байгаа хэрэг. Бид улам хөгжих болно” гэж ирээд л хөнгөлөлттэй зээлийн гаргалгааг ярих болжээ. Худалдаачин хүний боддог л бодол. Ингэлээ гээд хамгийн түрүүнд хараалын үгээ урсгаж, “Муусайн…”-члах жалганы бодлогоор нулимж, шүлсээ үсчүүлэхээ түр азнаад залги. Бэлээхэн жишээ байсаар атал бодлогогүй алхам хийвэл хүссэн хүсээгүй тийшээ энэ зээлийг мөнгө урсах нь дамжиггүй. Харин бид тэдний хэлээд байгаа шиг буцаагаад Эрээнд хөрөнгө оруулалт хийлгүйгээр Монголоо өөд нь татаж, яаж үлдээх вэ, эдийн засгаа түүгээр хэрхэн босгож, хөрөнгөө хэрхэн зузаатгаж, хөгжлөө яаж түргэсгэе гэдгийг сонгох нь чухал.

Өмнө нь уул уурхайгаас олсон, гадны зээл, тусламжийн хөрөнгөө гаднаас хямд үнэтэй, чанар муутай бараа зөөхөд зарцуулсан нь хэнд ч нууц биш.

Монголчуудыг дэлхий нааштайгаар харж, ашиг орлого олж болохуйц нөөц баялагтай гэдгээр нь олзуурхаж хөрөнгө оруулалт хийдэг ч түүгээр нь бид юу хийсэн, ганц үйлдвэр босгосон уу, үгүй. Барилгачдыг дэмжих нэрийдлээр гаднаас барилгын материал зөөж, гадны ажиллах хүчийг цалинжуулахад л зарцуулаад өнгөрснийг гэрчлэх тоо баримт харин бишгүй олдоно. Яах вэ, боловсон хүчин бэлтгэхэд багагүй нь зарцуулагдсан багагүй хэмжээгээр хэмжигдэх мөнгөн дүнгийн эрээвэр хураавар тооцоог энд тэндээс гаргаж болох л байх. Харин тэрхүү хөрөнгө оруулж бэлтгэсэн боловсруулсан дээд боловсролтонгуудаас аль нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, хэд нь дэлгүүрт худалдагч, хэдэн хувь нь гудамж метрлэж байна вэ гэвэл сөрөг үзүүлэлт л гарна.   

Бөөн сүр дуулиан болж байж хөрөнгө босгосон “Чингис”, “Самурай” бондын мөнгө байгаа юу, үгүй юү. Тэрийг юунд зарцуулж вэ гэдгийг олох гээд нэг үзэхэд гэмгүй. Сураг сонсохнээ энэ мөнгийг бодитой, эргээд арвижих зүйлд хөрөнгө оруулсан уу гэдгийг хайвал бухал өвснөөс зүү хайхтай адил болно. 

Бондын мөнгөөр хийхээр бишгүй ажил төлөвлөж, авсан хэд нь төлөвлөсөн ажилдаа хүрэхгүйд хүрч, үүнээс үүдээд хэрүүл, зодоондоо ч хүрээд авсан. Үүл баатар “Би Н.Батбаяр сайдыг зодоогүй. Харин муудалцсан нь үнэн” ам алдсан нь үүнийг гэрчилнэ. Засгийн тэргүүн “Нийт 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаснаас 700 орчим саяыг зарцуулсан” хэмээн одоогоос яг жилийн өмнө ам алдсан ч үлдсэн нь хэрхсэн талаар шинэ мэдээлэл алга. Таван сарын өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд үлдсэн нь байгааг дуусгаж байсан. Таван сарын өмнө шүү. Харин одоо тэр нь юунд зарцуулагдсаныг нь сайтар мэдэж амжаагүй байхад хэзээний очих эзэндээ очсон гэх л хариулт үлдэв бололтой.

Үйлдвэрлэлээ дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлээд байгаа ч үнэндээ тэднийг дэмжих юм үлдээгүй гэдгийг Монголын төрийн өмчит 40 орчим компани Хятадын банкнаас их хэмжээний буюу 460 сая ам.долларын зээл авахаар хүсэлт илгээсэн нь нотлох болов уу.

Харин өнгөрсөн наймдугаар сард болсон Хятадын төрийн тэргүүн Си ахын айлчлалаар хөлд нь сууж байгаад 1,3 тэрбум юаны буцалтгүй тусламж, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл буюу худалдан авалтын зээл авахаар боллоо. Эдийн засагт түлхэц болохуйц мөнгөний хэмжээ гарцаагүй мөн.

Гэхдээ 2010 онд Вэн Зябаогийн айлчлалаар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Энэ мөнгийг манайхан чулуу болгож чадаагүй. Гадаад өр байх ёстой хэмжээнээс хэтэрсэн талаар амтай бүхэн шуугиж буй энэ үед бид дараагийн өрийг тийнхүү тавилаа.

Хэрэв монголчуудыг ажилтай, орлоготой болгох зүйлд хөрөнгө оруулалт хийвэл зээлээс айгаад байх хэрэг үгүй. Тэр дундаа хөнгөлөлттэй зээл бол татгалзаж болохгүй боломжийг бидэнд өгнө. Гэхдээ тэрийг нь цалин тавихаас эхлээд чанартай, чанаргүй зам барих, суманд соёлын төв, барилгын компаниудаас байрыг нь худалдан авахад зарцуулбал улсаараа өрөнд ороод л өнгөрнө. Тэрийг нь улстөрчид бус татвар төлөгчид төлөх болж, татварын ачаалал эргэж босч ирэхгүй болтлоо бул хар чулуу болон баялаг бүтээгчдийн нуруун дээр бууна.

Тиймээс өмнөд хөршөө үзэн яддаг хэрнээ өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй бэлэн будаа ам руугаа хийлгэчихээд ам түлчихлээ гэж адгах нь алдаа. Адаглаад л Оросын гаалийн татвар өндөр гэж шатахуун импортлогчдод дэмжлэг үзүүлэхийн оронд нефть, нүүрс боловсруулах үйлдвэрээ барихаар хөрөнгө оруулалт хийх нь чухал.

Үгүй бол бид Эрээний наймаачдын хэлсэнчилэн тэднийг дэмжих бодлогыг бариагүй ч дэмжих л болно. Мануухай босгохгүй бол тариаг чинь шувуу идэхдээ л иднэ гэдэг тэдний үгийг бодож, Монголдоо үлдээд зогсохгүй ирээдүйд биднийг тэжээх тийм л цэгийг олж хөрөнгө оруулах нь хамгаас чухал.

Аргагүйн эрхэнд гэж арчаагүй үгээр хэзээ болтол Эрээнийг хөгжүүлэх билээ. Ажиллаж чадахгүй байж Хятадын ажиллах хүчийг нулимж, хөрөнгө оруулахгүй байж хөнгөн, хүнд үйлдвэр алга гэж алийн болгон ярьж суух билээ, та минь ээ?!

Л. ТӨГС   

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж