Тогтоолыг батлахын өмнө гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Гадаад харилцааны сайдад хандан гадаад орнууд дахь Элчин сайдын яам, Консулын газартаа тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа ажиллуулах чиглэлээр санаачлага гаргах шаардлага байна гэлээ. Олон жил амьдарсан монголчуудын хувьд байр орон сууцны асуудлаа шийдвэрлэчихсэн байдаг учраас зардлын хувьд хямд тусах гэнэ. Монгол Улсын хувьд өнөөдөл аливаа нэг оронд шинээр Элчин сайдын яам, Консулын газар нээх болоход, түүнд ажиллах хүнээ ар гэрийнхэнтэй нь цуг нүүлгэх, улмаар очоод орон сууцыг нь хэрхэн шийдвэрлэх вэ гээд бэрхшээлүүдтэй багагүй тулдаг байна. Хэрвээ тухайн оронд амьдарч байгаа монголчуудаа ажиллуулах юм бол орон байрны асуудлаа шийдвэрлэчихсэн байдаг учраас энэ талын проблем бага гарах аж.
Мөн дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны орон тоо, төсөв хөрөнгийг нэмэгдүүлж өгөх шаардлага байгааг ч онцолсон. Учир нь Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яамны хувьд монголчууд өдөр бүр үйлчлүүлдэг тул ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Түүнчлэн тэрбээр Гадаад харилцааны яамыг аль, аль улсад Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газар ажиллаж байгаа, ойрын жилүүдэд хаана дээрх газруудыг нээх шаардлага байгаа талаарх газрын зургийг УИХ-д оруулж ирж танилцуулах шаардлага байгааг ч сануулсан юм.