Би хэн нэгнийг гэмт хэрэгт гүтгэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Би хэн нэгнийг гэмт хэрэгт гүтгэхгүй

Би хэн нэгнийг, тэр тусмаа аль нэг улс төрийн хүчнийг гэмт хэрэгт гүтгэхгүй

УИХ, Засгийн газрын гишүүн Л.Болдтой ярилцлаа

-“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ-ын чуулга уулзалтаас Монголын ард түмэн, хүчний байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан генерал, офицер, ахлагч, албан хаагчид, УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан уриалга, шаардлага, сонордуулга гаргасан байна лээ. Та үзсэн үү? Тэнд сайд таныг болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажавыг албан тушаалаас нь зайлуулахыг шаардсан байсан.

-Хэдийгээр надад энэ шаардлагаа албан ёсоор ирүүлээгүй ч би түүнийг уншсан. Нэг их хариу няцаалт хийгээд байхаар зүйл биш байна лээ. Гол нь Бямбажав генерал бид хоёрыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж өмнө нь цэргийн тэтгэврээ тогтоолгосон ахмадуудыг хуулийн үйлчлэлийн гадуур үлдээлээ гэж гомдоллосон байна лээ. Энэ гомдлыг өмнө нь ч би сонсож байсан. Эргэж харж үзэж болохоор асуудал байна лээ. Ер нь бол Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд 2010 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр одоо алба хааж байгаа цэргийнхний тэтгэвэр, тэтгэмж цаашид дорвитой нэмэгдэхээр байгаа. 25 жилээс доошгүй тасралтгүй алба хаасан цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг хүртэл авахаар анх удаа хуульчлагдсан. Миний бодлоор үүнд манай цэргийнхэн бүгд баяртай байгаа шүү. Харин энэ хуулийн үйлчлэлийн гадуур үлдсэн ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага бол бий. Засгийн газраас энэ талаар хууль санаачилж байгаа. Хуулийн энэ төсөл УИХ-аар дэмжигдэнэ гэж найдаж байна. Яагаад гэвэл 2010 онд тэтгэвэр тэтгэмжийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын 30 гишүүн санаачилж байсан. Энэ удаа ч тэд дэмжих байх. Хуулийн энэхүү өөрчлөлтөд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 12733 хүн хамрагдаж, тэдгээрийн тэтгэврийг шинэчлэн тогтооход улсын төсвөөс 8,4 тэрбум төгрөг шаардагдахаар тооцсон байгаа. Тэгэхлээр энэ асуудал нэг тийшээ ойрын үед шийдэгдэх байхаа. Нааштай шийдэгдвэл үүний улмаас  Бямбажав генерал бид хоёрыг зайлуулах тухай асуудал ч хаагдах биз дээ.

-Бямбажав генерал та хоёрыг Ардчилсан намын бодлого шийдвэрээр салбарын удирдах албан тушаалд ашиг сонирхлын зөрчилтэй, цэргийн хэргийн мэдлэг, чадваргүй, армиас хөөгдсөн, шүүхийн шийдвэрээр ял шийтгэл эдэлсэн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг хэт улстөржиж томилсон, тэдэндээ хурандаа, генерал цолыг олгож байгаа гэж дээрх шаардлагад дурдсан байна. Тийм гэж үү?

-Батлан хамгаалах салбар бол аль нэг намын гишүүд орогнож болдог салбар биш. Манай яаманд гэхэд МАН-ын томилгоотой дэд сайд, миний зөвлөх хоёроос өөр улс төрийн албан тушаалтан байхгүй. Жанжин штабт тэр тусмаа байхгүй. Шүүхийн шийдвэрээр шийтгүүлж байсан ганцхан хүн удирдах албан тушаалд байгаа. Тэр нь генерал Д,Энхбаатар. Шүүхийн шийдвэрээр хожим нь цагаадсан тул бид тодорхой албан тушаалд тавьсан. Төрөөс хариуцуулсан ажлыг сайн хийж байгаа.

Хурандаа цолыг Жанжин штабын дарга олгодог. Хэдэн хүнд олгосон байх, миний мэдэхээр тэр дунд ардчилсан намын гишүүн байхгүй. Генерал цолыг Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүртээдэг, төрийн тэргүүний бүрэн эрхийн асуудал. Харин бид батлан хамгаалах салбарын шилмэл боловсон хүчнүүдийг, түүний дотор залуучуудыг ч санал болгож байсан. Тэр бодлогоо одоо ч зөв гэж үздэг, цаашид ч энхийг сахиулах ажиллагаанд оролцож хат суусан залуучуудыг зохих цолд нь тодорхойлсоор байх болно.

-Батлан хамгаалах салбарын сайд, дарга, генералууд төсвийн мөнгөөр тоглож, гадаадад аялах явдал тоогоо алджээ гэж тэнд бас бичсэн байна лээ?

Манай салбарын гадаад харилцаа өргөн байгаа нь үнэн. Үүнийг би сул тал биш, харин ч давуу тал гэж үздэг. Батлан хамгаалах яамыг бага гадаад яам ч гэцгээдэг. Үүгээр би бахархдаг. Төсвийн хөрөнгө мөнгө, хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа одоо үед гадаад харилцааны боломжийг л ашиглаж зэвсэг техникээ шинэчилж байна. Ажил бүтээхийн тулд гадагшаа явцгаадаг. Би гэхэд л он гарсаар АНУ, БНСУ-д албан ёсоор айлчилсан. Пентагонд Монголын Батлан хамгаалахын сайдын хувьд анх удаа айлчилж, Амеркийн сайдтай хамтын ажиллагааны том асуудлууд ярилцсан. Солонгосын сайдтай ч ялгаагүй. Миний оронд хэн ч сайд байсан энэ уламжлал үргэлжлэх байхаа. Манайхан ч явцгаах л биз. Яагаад гэвэл гадагшаа айлчлах нь зугаа төдий биш зүгээр л ажил хэрэг байдаг.

-Ахмад дайчдынхаа нийгмийн асуудалд санаа тавьж халамжлахгүй атлаа цөөн тооны генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх нэрийн дор төсвийн мөнгийг шамшигдуулан чөлөөнд байгаа генералуудад сар бүр 150000-200000 төгрөг олгож, 80 саяын үнэ бүхий газрын зөвшөөрөл бүхий хаус, 20 саяын үнэтэй сэлэм бэлэглэх боллоо гэж шаардлагад бас бут авсан байна лээ?

  Миний хувьд хугацаат цэргийн алба хаагч ч, генерал ч аль нь ч ялгаагүй эрхэм хүмүүс. Тэдний нийгмийн асуудалд сайдын хувьд адил л анхаарах ёстой. Гэхдээ генерал цол бол цэргийн дээд цол. Аль ч улсад генералууд төрийн ч, түмний ч онцгой хүндлэл хүлээдэг. Манайд энэ жишгээс гажсан юм байхгүй, харин ч тэр бүр санасанд хүртэл генералуудынхаа ахуй амьдралыг харж үзэж чадахгүй байгаа.

Энэ жил Зэвсэгт хүчний 90 жилийн ой тохиосон. Түүхт энэ ойгоор амьд сэрүүн байгаа хамгийн өндөр настай 5 генералд 80 саяын үнэтэй хаус барьж өгнө гэж шийдвэр гаргасан. Бид л хөрөнгө мөнгөгүйдээ гачигдаад байгаагаас биш 80 сая орон сууцанд тийм ч их мөнгө биш шүү дээ. Үнэндээ бол хуучны 3 өрөө байрны л үнэ. Ийм мөнгөөр барилгын канад технологоор ч юмуу төсөр хийцээр 2 давхар сууц барьж өгье л гэсэн санаа. Эхний 5 нь орчихвол дараагийн генералууд сууцтай болно. Боломж нэмэгдвэл бусад цолтнууд ч байртай болцгооно.

Саяхан генерал цолтны өдрийг тэмдэглэсэн. Энэ ойгоор генерал цолтнууд бүхий байгууллагууд бүгд генералууддаа хүндэтгэл үзүүлж дурсгалын сэлэм өгсөн юм билээ. Манай яам ч Генерал төв ТББ-ын саналын дагуу 15 генералд тус бүр нь 200000 төгрөгийн үнэ бүхий сэлэм өгсөн. Гэхдээ төсвөөс биш. Генералууд 150000-200000 төгрөгийн нэмэгдэл авдаг гэж байна. Би тодруулсан. Тийм биш, сард 60 мянган төгрөг л авдаг юм байна. Надаас өмнөх шийдвэрээр. Байдал ийм л байна. Сайдын хувьд цэргийн бүх албан хаагчиддаа л санаа тавих үүрэгтэй. Хэн нэгнийг нь илүү онцгойлон харж үзээд байгаа юм байхгүй ээ.

-Өдрийн сонинд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр таны нэгэн ярилцлагатай холбогдуулан  ихэд шүүмжлэлтэй хандсан байна лээ. Хамтарсан Засгийн газрын нэг гишүүн хамтрагч намынхаа талаар таагүй үг хэллээ гэх маягтай?

-Монголын мэдээ сонинд миний өгсөн ярилцлагад эгдүүцэж эрхэм гишүүн хэдэн зүйл хэлснийг би харсан. Л.Болд сонгуулийн дүнг урьдчилж таахыг оролдлоо, шударга явагдвал Ардчилсан нам ялж, шударга бус явагдвал Ардын нам ялах юмуу зэргээр өлгөж ярьсан байна лээ. Би улс төрд цөөнгүй жил зүтгэж байна. Парламентын сүүлийн 2 сонгуульд будлиан, зөрчил гарсан гэж үздэг. Энэ санаа бодлыг хуваалцдаг гишүүд олон бий. Тиймээс ч сонгуулийг будлиангүй явуулдаг болох үүднээс УИХ-ын сонгуулийн хуулийн төсөл санаачилсан. Энэ төсөл маань УИХ-аар хэлэлцэгдэж байгаад баяртай байдаг. Сонгуулийг цаашид шударга явуулах шаардлагатай. Энэ талаар Энхбаяр гишүүн ч санал нэгдэх байх. Харин аль нэг намын гишүүний хувьд намаа сонгуульд ялна л гэж итгэнэ, ярина, зүтгэнэ шүү дээ. Түүнээс биш би хань нөхөддөө халгаатай хүн биш. Хамтарсан Засгийн газарт зүтгэж байгаагаа эрх мэдэл гэхээсээ илүүтэй үүрэг, хариуцлага гэж ойлгодог. Чадлаараа л Батлан хамгаалах салбарын төлөө зүтгэж байгаа гэж боддог.

Ер нь аливаа сонгуулийг шударга бус зохион байгуулна гэдэг өөрөө гэмт хэрэг. Надад хэн нэгнийг, тэр тусмаа аль нэг улс төрийн хүчнийг гэмт хэрэгт гүтгэх суурь хүмүүжил байхгүй. Таны асуултад ийм л зүйл хэлье дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж