-Хоёр хүүхдээ хөнөөсөн эцэгт 25 жилийн хорих ял оноожээ-
Булган аймгийн Орхон суманд З.Ёндон гэгч өөрийн бага насны хоёр төрсөн хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 14-нд гарсан. Энэхүү хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Булган аймгийн Сум дундын IV шүүхээс шүүхэд энэ хэргийг хянан хэлэлцээд З.Ёндонг биеэ хамгаалах чадваргүй бага насны өөөрийн төрсөн хүүхдүүдээ онц харгис хэрцгий аргаар хороосон, байнга зодож, тарчлаадаг байсныг тогтоож 25 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн шүүгдэгч согтуугаар, хүнд хор уршиг учруулан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялын зарим буюу хоёр жилийг гянданд, үлдсэн 23 гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сануулахад,
З.Ёндон нь хэрэг гарах өдрхийн өмнөх орой найз нартайгаа согтууруулах ундаа хэрэглэж эхнэр, хүүхдүүдээ шатааж ална хэмээн гэр, машинруугаа бензин цацахад нь найзууд нь уг үйлдлийг таслан зогсоож, унтуулсан байдаг. Улмаар өглөө нь сэрээд мөн л элдвээр авирлаж, унтаж байсан таван настай, арван сартай хүүхдээ авч машиндаа суулгаад тамхи татах гэж байгаад гал алдсаны улмаас машин нь дэлбэрсэн гэж хэргийн талаар анх цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан юм. Ялтан З.Ёндон нь анхны мэдүүлэгтээ “Үсэрч буугаад хоёр хүүхдээ аварч чадаагүй.
Тамхи татчихаад машинаа унаад явах гэж байсан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Харин шүүхээс З.Ёндонг хоёр хүүхдээ зориудаар, танхайн сэдэлтээр хөнөөсөн болохыг ийнхүү тогтоож, яллажээ.
Д.ЖАРГАЛ