-ОУХМ Ч.Нарантуяа Монголын мэргэн буучдын Азийн наадмын хоёр дахь алтан медаль, эмэгтэйчүүдийн анхны АЗИЙН НААДМЫН АВАРГА болж байна.-
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр буудлагын тэмцээнээс Монголын баг тамирчид дөрөв дэх алтан медалиа хүртлээ.
Өнөөдөр явагдсан 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Чулуунбадрахын Нарантуяа 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын монголчуудын дөрөв дэх алтан медалийг авчирлаа. Мөн тэрээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ. Энэ дасгалд Малайзын Мохамед Таиби, БНСУ-ын Эүм Битна нар 620.6 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ.
ОУХМ Г.Нандинцэцэг 611 оноогоор 28-р байр, ОУХМ О.Янжинлхам 607.8 оноогоор 39-р байрт шалгарлаа. Нийт 13 баг буудсанаас манай баг V байрт шалгарлаа.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.
Ч.Нарантуяа нь Монголын мэргэн буудагчдаас Азийн наадмын хоёр дахь алтан медалийг хүртлээ. Тэр дундаа эмэгтэй буудагчдын анхны Азийн наадмын аварга болж байна. Монгол Улсын урт бууны эрэгтэй баг "Шинэ Дели 1982" Азийн наадмаас анхны алтан медаль хүртэж байсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд М.Жанцанхорлоо, С.Энхжаргал, С.Адилбиш, Г.Ганзориг нар багтаж байжээ.
Азийн наадмын медальт буудагчдыг танилцуулья:
Алтан медальтнууд:
1. 50 метр хэвтээ-60, эрэгтэй баг "Шинэ Дели 1982" М.Жанцанхорлоо, С.Энхжаргал С.Адилбиш, Г.Ганзориг.
2. 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгал, эмэгтэй ОУХМ Чулуунбадрахын Нарантуяа.
Мөнгөн медальтнууд:
1. Г.Ганзориг "Шинэ Дели-1982" 50 метр хэвтээ-60
2. Д.Мөнхбаяр "Хирошима" 1994 10 метр хийн гар буу
3. 25 метр спорт гар буу, эмэгтэй баг "Гуанжоу 2010" О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул,Т.Баярцэцэг
Хүрэл медальтнууд:
1. 25 метр том калибрийн гар буу Т.Мягмаржав "Тегаран 1974"
2. 25 метр спорт гар буу О.Гүндэгмаа "Пусан 2002"
3. Гар бууны эмэгтэй баг, 25 метр, О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр,Д.Оюун "Бангкок 1998"
4. Гар бууны эмэгтэй баг, 25 метр спорт гар буу "Доха 2006" О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул,Г.Хэрлэнцэцэг
5. Гар бууны эмэгтэй баг, О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг
6. 25 метрийн спорт гар буу, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа
Азийн наадмын албан ёсны сайт http://www.incheon2014ag.org.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОР