Өөрийн гэсэн дуугүй алдартан, бөх, тэр бүү хэл хурдан морь гэж бараг байхгүй болж дээ. Хичнээн сайхан. Учир нь Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан нэгэнтээ:
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай… хэмээн бичээд нэгэн яруу найрагчид “Дууны шүлэг сайн бичээрэй. Хэдэн муу дуу минь л намайг ард түмэнд минь таниулсан юм шүү” гэж захисан гэдэг.
Харин түүний энэ чин сэтгэлийн захиасыг сүүлийн үеийн хүмүүс буруу талаас нь ойлгож, тэрхүү буруу ойлголтоо сайн хэрэгжүүлж байгаа бололтой. Хэн дуртай нь болсон болоогүй дууны шүлэг бичиж, түүнд нь хэн нэгэн ая хийж / хоорондоо ч ялгагдахгүй/, ямар ч хэл найруулгын мэдлэггүй дуучин гээч нь дуулсаар байна. Үүний гороор ярьдаг моринд зориулсан /Найрын гурван дуутай аавын борлог морьд…на на/ дуунаас эхлээд залуучуудын шүтээн гэгддэг “Дижитал” хамтлагийн,
-Бидэн хоёр олон жилийн өмнө танилцаж байж
Байв уу гэж бодоход арай үгүй дээ
Тийм дээ, ингээд бодоход он жил өнгөрөн өнгөрсөөр
Одоо бодоход олон жилийг ардаа үлдсэн мэт санагдана
Гэтэл бид бие биенээ хайрлан хайрласаар… гэх уймраа эмгэний орон гаран яриа шиг хачин жигтэй дууны жагсаалт үргэлжилнэ ээ. Хачирхалтай нь эдгээр дуунд найранд морь нь дуулж, олон жил хэн нэгнийг хайрлах нь байж боломгүй явдал мэтээр гарна. Эсвэл,
-Би зөвхөн чинийх байгаагүй
Чи минь явах эрхтэй гэж пал хийтэл өөр хүнтэй байснаа хэлдэг дуу ч бий.
Өнгөрсөн нийгэмд Главлит буюу хэвлэл, утга зохиол хянах газар гэж таалагдаагүй хэсгээ танаад хаячихдаг байсныг ахмадууд халаглан ярьдаг. Гэхдээ өнөөдөр тийм газартай байсанд нь атаархмаар ч юм шиг. Нэгэнт л хэн нэгний шүлэг нэртэй учир утгагүй зүйл бичихийг, аялгуу нэртэй бусдаас “бүтээлчээр хулгайлахыг” болиулж, хориглож чадахгүйгээс хойш дуучин бэлтгэдэг сургуулийнхаа сургалтын бодлогод анхаарч, “од” болохын хүслэнд автсан дуучдынхаа тархийг жаахан цэнэглэмээр мэт. Ингэхийн тулд мэдээж тэдэнд их сургуулийнх нь нэгдүгээр ангиас эхлээд төгсөх хүртэл нь Монгол хэл, уран зохиолын хичээлийг орох учиртай. Ингэж байж л тэд “Гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөдөг”, “Гэгээн үдшийн намуун шөнөөр” зэрэг галзуу хүний өдрийн тэмдэглэлийг дуулахгүй байх магадлал өндөрсөнө. Дуучин бэлтгэдэг СУИС-ийн дуулаачийн ангийг жил бүр тодорхой тооны хүмүүс төгсч байгаа нь тодорхой. Гэхдээ тэдний тоо чухал бус чанарт л хамаг учир нь бий.
Дуучин алдрыг хүртэж, мэргэжлийн сургуулийг төгсөөд гарчихсанд нь хичээл зааж болдоггүй юм бол ирээдүйд дуучин болж СТА, МУГЖ, Төрийн шагнал зэргийг хүртэх хүсэл мөрөөдөлтэй хэдэд нь монгол хэлний хичээл заая.
Д.БҮҮВЭЙ