Медалийн чанараар VI байрт жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Медалийн чанараар VI байрт жагсаж байна

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадам БНСУ-ын Инчён хотноо амжилттай үргэлжилж байна. Энэ сарын 19-нд нээлтээ хийсэн Азийн зуны спортын XVII наадамд тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээний дөрвөн өдрийн дараах байдлаар спортын 15 төрөлд 98 багц медалийн эзэд тодроод байна.

Тус наадамд Монгол Улсын шигшээ баг спортын 23 төрөлд 231 тамирчнаа илгээсэн бөгөөд жүдо, буудлагын төрлүүдээс медаль хүртээд байна.

Монгол Улсын баг чанараараа VI байрт жагсаж байна

Тэмцээний дөрвөн өдрийн дараах байдлаар 24 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас БНХАУ 40 алт, 21 мөнгө, 20 хүрэл медаль, нийт 81 медаль хүртээд байгаа бол БНСУ (18+19+21), Япон (16+22+20), Казахстан (4+4+10), БНАСАУ (3+4+7) удаалж байна. Монгол Улсын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль, нийт 12 медаль хүртсэн амжилтаар VI байрт бичигдэж байна.

Жүдо, буудлагын төрлүүдээс медаль хүртээд байгаа бөгөөд тамирчдыг танилцуулья: 

Жүдо бөх:

Алтан медаль:

  • Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр,
  • Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг,
  • Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг

Мөнгөн медаль:

  • Дэлхийн аварга Г.Болдбаатар
  • ОУХМ Ө.Дүүрэнбаяр
  • ОУХМ Г.Одбаяр

Хүрэл медаль:

  • ОУХМ Л.Отгонбаатар
  • ОУХМ Н.Дагвасүрэн
  • ОУХМ Д.Сумъяа
  • ОУХМ Ц.Наранжаргал нар тус тус хүртлээ.

Буудлага:

Хүрэл медаль: Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа

Баг: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нар хүртээд байна.

 

 

Сагсан бөмбөгийн баг тамирчид ялалтын буухиаг үргэлжлүүлсээр

Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн тоглолт, эмэгтэйчүүдийн урьдчилсан шатны тоглолтууд өчигдрөөс эхэлсэн.

Монгол Улсын эрэгтэй баг ХонгКонг (86-77), Мальдивыг (112-54) хожиж, Кувейтэд (81-82) хожигдсоноор хэсгээсээ дэд байраар шалгарсан. Хоёрдугаар тойрогт БНСУ, Йорданы хүчтэй багуудтай “D” хэсэгт багтаад байна. Өчигдөр хэсгийн эхний тоглолтоо дэлхийн чансааны 28-д, тивдээ дөрөвт бичигдэж буй Йорданы хүчтэй багийг 83-74-ийн харьцаагаар хожлоо. Өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтоо талбайн эзэн БНСУ-ын багтай тоглох юм. Энэхүү тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.30-д эхэлнэ.

Зохин байгуулагч орны багийг хожвол хэсгээ тэргүүлэх бөгөөд хожигдсон тохилдолд БНСУ-Йорданы тоглолтын үр дүнгээс хамааран дараагийн тойрогт шалгарах эсэх нь тодрох юм.

Азийн наадамд анх удаа оролцож буй эмэгтэй баг эхний тоглолтоо өчигдөр ХонгКонгийн эсрэг хийж, эцсийн мөчид 64:68-ын харьцаагаар ялагдлаа. Өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо Катарын эсрэг хийх юм.

Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж, тэднээс хоёр баг шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авах юм.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ, Б.ХАРЦАГА.

Тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр усанд сэлэлт, дугуй, гимнастик, буудлага, хүндийг өргөлт зэрэг спортын 10 төрөлд 38 багц медалийн эзэд тодорно.

Манай гол найдвар тавьж буй боксын тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бол чөлөөт бөхийн тэмцээн ирэх бямба гаригаас эхлэх бөгөөд баг тамирчдын түрүүч Инчён хотноо ирээд байна.

Азийн наадмын албан ёсны сайт http://www.incheon2014ag.org.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж