Эдийн засаг цаашид яах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Эдийн засаг цаашид яах вэ?

Яг одоо Монголын бүх л салбар, аж ахуйн нэгж, айл өрхүүд эдийн засаг цаашид яах вэ гэсэн хүлээлттэй  байна.  Эдийн засгийн хямрал хэр удаан үргэжлэх бол, бид хэр удаан тэсэх вэ, хамгийн зөв шийдэл юу болох талаар эдийн засагчид, улстөрчдийн зүгээс элдэв янзын дүгнэлт, судалгаануудыг хийцгээх болов.

Ойрын өдрүүдэд долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Долларын хурд хэр удаан 1844 гэсэн тоон дээр тэсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч байсан эдийн засагт өөдрөг үр дүн харагдаж эхэллээ. Эдийн засгийн хүндрэл багагүй нөлөөлж байгаа Оюутолгойн гацаа тайлагдаж эхэлсэн нь Рио-Тинто далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-гээ “Оюутолгой”-н ТУЗ-аар хэлэлцүүлсэн явдал. Өнгөрсөн даваа гаригт “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид Төлөөлөн удирдах зөвлөлдөө ТЭЗҮ-ээ танилцуулжээ. ТУЗ хэлэлцсэний дараагаар Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм. Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах таван тэрбумын сураг алхам, алхмаар наашилж байна гэсэн үг юм. 

ТЭЗҮ-ийг “2014 оны нөөцийн түвшинд” мөн “2014 оны уурхайн амьдрах насны түвшинд” хэмээн хоёр нөхцөлөөр тооцож  гаргажээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн талаас буулт хийж татварын асуудлаар ойлголцлын зөрүүгээ нэгтгэж чадсанд талархлаа илэрхийлсэн байна.  “Рио-Тинто” ийнхүү найр тавьж эхэлсэн нь долларын хомсдолд орсон эдийн засагт таатай мэдээ гэж хэлж болно.

“Оюутолгой” бол уул уурхайнхны анхаарлыг татсан том төсөл. Энэ утгаараа дэлхий нийт энэ төслийн хэрэгжилт, явц байдлыг анхааралтай ажиглаж байна. Хэрэв энэ төсөл урагшаа алхаж чадвал Монголын нийт хөрөнгө оруулалтад ч сайнаар нөлөөлөх нь гарцаагүй.

Дэлхийн томоохон банкуудаас авахаар яригдаж буй зээлийн мөнгөн дүн бол төслийг хэрэгжүүлэх хугацаанд хийгдэх нийт зардлын маш бага хувьтай тэнцэнэ. Тэгэхээр Оюутолгойг  эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг цаг алдалгүй явуулах нь улс орны хөгжилд хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.  Алт, зэсийн том уурхай гэдэг утгаараа дэлхийн банкууд зээл олгохдоо ч уриалгахан хандаж байгаа.  Ямар сайндаа л тэд хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу зээл олгох хугацааг дахин, дахин хойшлуулах билээ.

Урт удаан хугацаанд үргэлжилсэн ойлголцлын зөрүүгээ талууд нэгтгэж чадвал ирэх оноос эдийн засгийн байдал илт дээшлэх хандлага ажиглагдаж байгаа. “Оюутолгой”-н гацаа арилснаар гадаадын хөрөнгө оруулагчдын эргэлзээ тайлагдаж,  70 хувийн уналттай гарсан гадаадын шууд хөрөнгө оруулалт буцаад сэргэх боломжтой болно.

Нэлээд хугацааг хүлээлтийн байдалтай өнгөрөөсөн  хөрөнгө оруулагчдын итгэлцлийг сэргээхийн тулд Засгийн газар багагүй оролдлого хийсний үр дүнд  эдийн засаг хямралаасаа гарах гарцууд ч харагдах болсон. Хайгуулын тусгай зөвшөөрлийг  шинээр олгохоор болсон нь хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлнө гэсэн найдлагыг салбарынхан нь тавьж байгаа. Бүтэн дөрвөн жилийн турш хоригтой байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлбэл эдийн засагт ч том дэмжлэг болох нь тодорхой.    Эдийн засагт мөнгө орж ирэх тусмаа долларын ханш буурч, микро төвшин дэх үзүүлэлтүүд сайжрах болов уу гэсэн горьдлого бий.

Улсын данс улайж, хэдэн зуун тэрбумын алдагдалтай гарахад нөлөөлсөн нүүрсний салбар харамсалтай нь сайжрах шинж алга. Зах зээлээ алдахгүйн тулд Монголын компаниуд  нүүрсээ алдагдалтай үнээр нийлүүлж, хэдийгээр экспортын хэмжээ нэмэгдсэн ч  орлого нь гавьтай өсөхгүй байгаа нь тээвэрлэлттэй холбоотой. Тээвэрлэлтийн зардалд ашгаа гөвчихдөг нүүрсний салбар экспортын төмөр замтай болтол эдийн засагт дэмжлэг болж чадахгүй нь бололтой.  Экспортын төмөр замын асуудал парламент дээр гацчихаад байгаа бөгөөд “цариг”-ийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр  Монголд орж ирэх мөнгийг өсгөх нь хэцүү.  Ялангуяа Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахад төмөр зам чухал юм. Экспортын төмөр замгүйгээр гуравдагч оронд гарах ямар ч боломжгүй.  Дэлхийн зах зээлд гарах гүүр чинь болъё хэмээн Хятад улс амласан дээр нь төмөр замаа тавьж, баялгаа мөнгө болгоход яаравчлах хэрэгтэй байна. 

Газрын доорх баялгаа, газар дээр баялаг болгохын тулд Монгол Улс хөлтэй ч, гүүртэй ч болох ёстой.  Дэлхийн асар том зах зээлийн хажууханд байгаа Монгол Улс эдийн засгийн хямралд өртөнө гэдэг харамсалтай бус уу.  Цаашид эдийн засгаа сэргээх эсэх нь гадаад хүчин зүйлс гэхээсээ дотоодын бодлого, эв нэгдлээс л шалтгаалах нь гарцаагүй.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж