Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа Автозамчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбааг урьж Монголын авто замын салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед автозамын чанарын асуудал их яригдах боллоо. Ер нь замын чанар юунаас болоод муудаад байна вэ?
-Хүн бүр зам муу гэх юм. Гадаадынхан сайн, манайхан муу барьдаг гээд. Ийм яриа Дархан, Алтанбулаг чиглэлийн зам барихад гарсан. Улаанбаатараас Алтанбулагийн чиглэлийн замыг барихад тэр үеийн мөнгөн дүн хүрээгүй юм шиг байдаг. Тэр үед замын хөдөлгөөний эрчим өнөөдрийнхтэй харьцуулахад харьцангуй бага байлаа. Долоон метр өргөнтэй байхыг зургаа болгоод хийсэн байгаа юм. Ер нь замын чанарыг хажуугаас нь геодези, материалын гэх мэтчлэн олон хяналт шалгадаг. Өмнө нь улсаас авто замын хяналтын төв гэж ажилладаг байсан бол одоо компаниуд бие дааж ажиллаж байна. Тэгэхээр зам барьдаг компани байхад хажуугаас нь мөн хянадаг компани хамтдаа ажилладаг гэсэн үг. Тиймээс замын өргөн нарийнаас иднэ гэсэн ойлголт байхгүй. Харин сүүлийн жилүүдэд замын чанар харьцангуй сайжирч байгаа. Монгол компаниуд замаа барьж чаддаг болсон.
-Таны ярианаас харахад чанаргүй зам гэдэг маань зах зээлийн ороо бусгаа үед төсөв мөнгөний дутагдлаас үүдээд замын стандарт алдагдаж баригдсанаас болоод гарсан гэх гээд байна уу?
-Тэгэлгүй яахав. Тэр үед муу барьсан зам ойр ойрхон эвдрээд дахин нөхөн сэргээгээд яваад байгаа болохоор чанаргүй зам гэх ойлголт үүссэн. Мөн уул уурхайн компаниуд хаалгаа бариад эхэлсэн үед тоног төхөөрөмж нь илүү гарахаар замд л ажиллая. Зам ашигтай юм байна гэсэн бодолтой хүмүүс олширсон. Магадгүй нэг улстөрчийн таньдаг хүн замын компани байгуулж, тэр компани нь мэргэжлийн ямар ч хүнгүй, зүгээр л шороо асгаад, асфальтаар хучаад зам болгочихоод байгаа үзэгдэл ч ажиглагддаг. Уг нь тусгай лабораториор шинжлүүлээд тохирсон шороог үе үед нь хийгээд, тэр бүхнийг шалгаж байж дараа дараагийн үеийг хийдэг. Дээр нь тавих асфальтыг тавихад ч янз бүрийн үе давхаргатай. Ер нь байнгын шинжилгээтэй явах ёстой. Мэддэггүй хүмүүс гаднаас нь хараад өө ингээд зам тавьж болдог юм байна гэсэн ойлголттой явдаг. Мэргэжлийн бус хүмүүстэй компаниар зам тавиулахаар зөвхөн л мөнгө харагдаад байгаа юм.
-Зам барих стандартыг өөрчлөх цаг нь болсон гэдэг. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Одоогийн барьж байгаа стандартыг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Би авто замын инженер хүн. Миний заалгасан хичээлээр замын хучилт нь 7-12 см. Гэтэл мөн зах зээлийн үед хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад таван см-ийн зузаантай хийсэн байдаг. Тэр нь үргэлжлээд стандарт юм шиг яваад байгаа юм. Уг нь доод тал нь хоёр үеэр долоон см-ын хучилт хийвэл замын даац чанар нэмэгдэнэ. Замын хучилтыг хоёр үеэр хийхээр дээд талынх нь үе их сайхан тэгш болдог. Өөрөөр хэлбэл, сайн болдог гэсэн үг. Ер нь зам барихаас өмнө зургийн байгууллагууд хучилтын даацын тооцоо хийж зузааныг тооцон гаргадаг. Энэ тооцоогоор замын зузаан хучилтын тооцооноос хамаарч өөр өөр байдаг. Чухам юунаас болоод таван см болгосныг ойлгодоггүй юм. Тухайн үеийнхээ Засгийн газартай холбоотой юу, дарга нартай нь хамаатай юм уу, би хэлж мэдэхгүй байна. Бас үнэ нь хэт өндөр байна гээд замын хучилтын зузааныг багасгаж хийлгэж байгаа нь замын чанарыг муутгаж байна. Хөдөлгөөний эрчим эрс ихэссэн, хүнд даазын машин олноор явдаг болсноос үүдээд замын стандартыг өөрчлөх хэрэгтэй. Одоо манай улсад барьж байгаа зам бол гуравдугаар зэргийнх. Энэ зам нь 80 км цагийн хурдтай явна гэсэн заалттай. Гэтэл хүмүүсийн эрэлт хэрэгцээ өндөр хурдаар явах сонирхолтой болсон. Үүнд тохируулна гэвэл стандартаа өөрчлөх шаардлагатай. Мөн хүйтний улиралд барьсан зам их муу болдог.
-Хүйтний улиралд барьсан зам муу болдог гэлээ. Тендерийн асуудлыг зам баригдахаас нэлээд эрт зарлаад урин цагт ажлаа хийж болдоггүй юм уу. Яг урин цаг ирэхээр тендер зарлаж байна гэж хугацаа алддаг?
-Манайхан болсон хойно зунжингаа найрлаж байгаад л гэнэтхэн хүйтрээд ирэхээр ажилтайгаа санадаг. Уг нь улсын төсөв нэгдүгээр сар гэхэд л батлагдаж байгаа юм чинь сарын дараа гэхэд л тендерээ зарлачихвал болох юм. Тэгвэл компаниуд хоёр, гуравдугаар сардаа бэлтгэлээ хийгээд дөрөвдүгээр сараас ажлаа эхэлчихэж болно. Ингэвэл борооны улирал эхлэхээс өмнө барих замаа бүрэн дуусгах ч боломжтой. Гэхдээ Монголын компаниуд барьж чадаж байна аа. Үнэхээр урт замыг зундаа дуусгаж чадахгүй тохиолдол бий. Шинэчлэлийн Засгийн газар гараад замын ажлыг жилд нь дуусгахаар Монгол компаниуддаа богино богиноор нь зам барих ажлыг олгож байгаа юм.
-Тендерийн нэлээд маапаантай явагддаг гэх хардлага түгээмэл. Нэгэнт чанаргүй зам тавьсан компанийг дараа жил нь дахин шалгаруулахгүй байж болдоггүй юм уу?
-Зөв өө. Одоо нэг зам тавихын тулд гүйцэтгэгч, зөвлөх, хяналт тавих компаниуд ажиллаж байгаа. Тиймээс үнэхээр чанаргүй зам тавьсан бол эдгээр компаниудыг аль алинд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Учир нь нэг нь муу барьсан бол нөгөө нь муу хяналт тавьсан байгаа юм. Муу зам тавьсан компаниудыг дараагийн тендерт оруулахгүй л байх хэрэгтэй. Бүр болохгүй бол тусгай зөвшөөрлийг нь хүртэл хураагаад эхэлвэл замын чанар сайжраад л ирнэ.
-Жил бүр замын ажилд нөхөөс хийгээд байх юм. Үр дүн төдийлөн сайн гардаггүй. Нөхөөс хийх гээд замаа энд тэнд ухчихсан үед ус ороод улам эвдрээд байх шиг харагддаг?
-Үнэн. Хотын зам нөхөөс хийнэ гээд нүх ухчихаад байлгаад байдаг. Тэгж хөрөөдөхөө болих хэрэгтэй. Эсвэл эвдрэлтэй хэсгээ дор нь ухаад авчихдаг жижиг машин ч байж болно. Тэгээд түүнийгээ ухаж аваад тэр дор нь нөхдөг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг нүх ухаад 7-8 хонодог. Түүн дээр нь бороо ороод, борооны ус бүр доошоо сууринд нь нөлөөлөх нь ч бий. Тэгэхээр хойтон жил нь дахиад эвдрэх үндэс болж байгаа юм. Тиймээс нөхөөсийг хийх бол ухсаныхаа даруй л нөхөх хэрэгтэй. Мөн цаг агаар ч замын ажилд нөлөөлнө. Цаг агаар хараад бороо орох гэж байгаа бол ухах хэрэггүй. Ухсан даруйдаа янзалвал хэн хэндээ хэрэгтэй юм. Бороо, ус бол замын дайсан.
-Монголын замд ус зайлуулагч байдаггүйгээс эвдрэл их гардаг гэж ойлгож болох уу?
-Тийм шүү. Улаанбаатар хотод ус зайлуулах байгууламж байхгүй гэж хэлж болно. Харин одоо зам барих, засварлахдаа ус зайлуулах байгууламжуудыг шинээр хийж байгаа нь ололттой тал гэж үздэг. Замын хучилтад хумсын толио шиг жаахан нүх гарахад л бороо орсны дараа төө болох жишээтэй. Тиймээс зам эвдэрдэг. Ус бол угаасаа замын дайсан. Ер нь ус зайлуулах байгууламж сайжраад эхлэхээр замын эвдрэл багасна.
-“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголон чиглэлийн 5.5 км авто замыг шинэ технологиор 60 жилийн настай гэж мэдэгдсэн. Энэ зам ер нь манай улсын стандартад хэр тохиромжтой вэ?
-Энэ бол бетонон зам. Суурийг нь 15 см-ээр цементээр бэхжүүлээд дээрээс нь 20 см-ийн зузаантай бетон тавьж байгаа юм. Тэгээд тэр нь армотуртой. Тиймээс чанартай гээд байгаа юм. Тоног төхөөрөмж нь орчин үеийнх.
-Зам дагаж хөгжил гэдэг. Шинэчлэлийн Засгийн газар гараад бүх аймгуудыг автозамтай холболоо. Ер нь хөгжлөө дагасан замуудыг хэр их барьж байна вэ?
-Хөгжилгүй яахав. Замын бүтээн байгуулалтыг дагаад манай оронд ирэх жуулчдын тоо өсөн нэмэгдэнэ. Яагаад гэвэл, жуулчид аялж, зугаалах гэж буй орон нутгийнхаа зам харилцааг хамгийн түрүүнд судалдаг. Ингээд яриад байвал зам гэдэг хөгжлийн түүчээ юм. Зам тавиагүй байхад орон нутгийнхан цөөхөн машинтай байсан. Зам тавиад эхлэнгүүт орон нутагт тээврийн хэрэгсэл олширч байна. Хөдөлгөөний эрчим эрс ихсэж байгаа. Ер нь Монгол Улсынхаа ихэнх аймгуудыг автозамаар холбож байгаа нь их бахархууштай. Аймгуудыг холбосон замаа Зам тээврийн яамныхан ойр ойрхон эргэдэг. Шийдвэрүүдээ газар дээрээ сайн гаргадаг. Гэхдээ одоо баригдаж байгаа замууд чанарын хувьд сайн, хугацаандаа баригдаж байгаа юм. Нүдэн дээр ил харагдаж байна. Хотын замыг гэхэд дан монгол компаниуд барьж нийслэлд авто зам, олон замын уулзваруудын шинэчлэлтийн ажлуудыг хугацаанд нь чанартай хурдан барьж сайн ажиллалаа. Энэ нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай шууд холбоотой. Бодлого нь зөв бол Монголчууд хийж чадахгүй биш, чадаж байна.
-Орон нутгийн замд засвар арчилгаа хийх нь хэр байдаг вэ. Орон нутгийн замын эвдрэлээс үүдээд аваар осол гарах нь их байдаг шүү дээ?
-Орон нутгийн замыг улсын чанартай зам гэж нэрлэдэг юм. Улсын чанартай замуудыг Зам тээврийн яам хариуцдаг. Тэр замуудад улсаас төсөв гарч засвар арчилгааг хийдэг. Гэхдээ амсах төдий төсөв мөнгө байдаг. Тиймээс чанартай засагдаж чаддаггүй байх. Уг нь нэг км зам засахад төчнөөн төгрөгийн төсөв гарна гээд тогтоочих хэрэгтэй. Тэгээд хариуцсан компанид нь зам засах норматив нь төчнөөн төгрөг шүү гээд хариуцуулах хэрэгтэй. Тэгэхээр хямгатай зарахын тулд жаахан ч гэсэн зардлаараа нөхөөд явна. Тэгэхгүй бол улс мөнгө өгөөгүй гээд байгаад байдаг. Тэгээд зам дээр нэг нүх үүсэнгүүт, түүн дээр нь бороо ороод л томроод эвдрэл ихсээд байна. Төсөв мөнгө нь үнэхээр муу. Нэг захаас нь засаад явж байтал нөгөө талаасаа эвдрээд эхэлсэн байдаг. Ер нь хүн хоолгүй байж чадахгүйтэй адил замд урсгал засварыг хийхгүй бол эвдэрнэ шүү дээ. Харин сая Засгийн газраас улсын чанартай замууд их эвдэрлээ гээд Зам тээврийн яаманд хөрөнгө жаахан гаргаж өгсөн. Тэгээд Дархан, Төв аймаг, Эрдэнэсант чиглэлд замуудыг шинэчилж байгаа. Тухайлбал, Төв аймгийн чиглэлд 19 км замыг шинэчилж байна. Зам тээврийн яам анх удаа улсын чанартай замд төсөв мөнгө гаргаж 18 тэрбум төгрөгийн эрс шинэчлэл хийж байна. Түүнээс бус улсын төсвөөс засвар арчлалтад жаахан мөнгө төсөвлөөд түүнийгээ дууссан гээд байдаг байсан.
-Бондын мөнгөний ихэнх хувь нь автозамын засвар үйлчилгээд зарцуулагдаж байгаа. Иргэд бондын мөнгийг эргэлтгүй зүйлд зарцууллаа гэх нь бий?
-Барьцтай харагдаж байгаа зүйлдээ мөнгө зарцуулах нь юуны буруу байх вэ дээ. Өөр зээл тусламжийг хараад байхад хийсэн гэдэг. Үнэн ч юм уу худлаа ч юм уу бүү мэд. Утааг бууруулахад зарцууллаа л гэнэ. Буурч байгаа нь мэдэгдэхгүй л юм.
Харин бүтээн байгуулалтад зарцуулсан зүйл бол нүдэнд харагдаж байгаа юм. Зам бол нийгэмд хамгийн хэрэгтэй зүйл. Бүх л хүнд хамаатай асуудал. Иргэдийн машины эвдрэл багасна. Цаг хугацаа хэмнэнэ, эдийн засагт ашигтай гээд ярьвал олон зүйл бий.
-Таны ярьж байгаагаас ойлгоход замаас мөнгө харамлахгүй байх нь зөв байх нь?
-Яг стандартад нь таарсан мөнгийг нь өгөөд стандартын дагуу л ажиллах ёстой. Гэхдээ одоогийн стандарт биш, Монгол орны нөхцөлд тохирсон, орчин үеийн тээврийн хэрэгсэлийн шаардлага хангасан зам, гүүрийн шинэ хийц бий болгох талаар онцгой анхаарах шаардлагатай байна. Хамгийн гол нь стандарт. Гурил зуурахад ус, гурилын хэмжээг хэрхэн таруулснаас хатуу, шингэн болох нь хамаардаг, үүнтэй л адил. Тогтсон стандарт баталж, түүнийхээ дагуу л барих хэрэгтэй.
-Стандартыг өөрчлөх, техник технологийн зүгээс танай холбоо яамтайгаа хэрхэн холбоотой ажиллаж байна вэ?
-Хоёр жил замын олон улсын экспо зохион байгуулж байна. Үүнээс улбаалаад шинэ технологи орж ирж байна. Өнгөрсөн жил Зам тээврийн яам, манай холбоо хамтраад стандартаа өөрчилнө гэж байгаа. Мөн норм нормативын сан гэж байдаг. Түүнээс сая стандарт шинэчлэхэд зохих хэмжээний мөнгө гаргаад тендер зарлаад компаниуд орж ажиллаж байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин