Цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ

“Оюутолгой”
төслийн барилга, бүтээн байгуулалтад учирч байгаа хүндрэл, бэрхшээлийн
талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өчигдрийн Засгийн газрын
хуралдаанд танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан барилга, бүтээн
байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг ойрын хугацаанд
эхлүүлэх, төсвийн санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс
цахилгаан станц барих асуудлыг 6 дугаар сард багтаан шийдвэрлэж, энэ онд
багтаан ажлыг нь эхлүүлэхийг сайд Д.Зоригтод даалгасан байна.

Цахилгаан
станц барих хугацааг Засгийн газар ийнхүү нааш нь татаж барилгын ажлыг
нэн даруй эхлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ дагуу станцыг хаана барихыг
салбарын яам 6 дугаар сард багтаан шийдвэрлэх үүрэг хүлээж байна.
Ингэснээр 2016-2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан станцын
ажил дөрвөн жилээр наашилж, 2012 он гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлэх
боломж бүрдэж байгаа юм.  

Говийн эрчим хүчний хангамжийг
шийдвэрлэх цахилгаан станцыг Оюутолгой эсвэл Тавантолгойд барих гэсэн
хоёр хувилбарыг холбогдох яам, байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын
хэсэг судалж байна. Хэрвээ Тавантолгойд байхаар сонговол цахилгаан
станцад шаардагдах урт хугацааны усан хангамжийг шийдвэрлэх,
шаардлагатай нэмэлт судалгаа хийх, холбогдох Техник, эдийн засгийн
үндэслэл боловсруулах, байгаль орчны үнэлгээ зэргийг ойрын үед хийх
хэрэгтэй болж байгаа юм.

Харин “Оюутолгой” компани цахилгаан
станцыг “Оюутолгой” төслийн тусгай зөвшөөрөлтэй талбай болон түүний ойр
орчим барих сонирхолтой байгаа бөгөөд ус, байгаль орчин, Техник, эдийн
засгийн үндэслэлтэй холбоотой ажлаа тодорхой хэмжээнд хийжээ. Оюутолгойн
барилгын ажил гүйцэтгэх  хугацаанд шаардагдах эрчим хүчийг БНХАУ-аас
авах шаардлагатай байгаа тул орд газраас Монгол-Хятадын хил хүртэл 220
киловольт хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих тусгай
зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам өгөөд байгаа аж.

Гэхдээ
цаашид усны хоолой болон эрчим хүчний дамжуулах шугамын газар, төслийн
богино хугацааны эрчим хүчний хангамж, цахилгаан станц барих асуудлаар
дэмжлэг үзүүлэхийг хөрөнгө оруулагч компанийн удирдлагууд Засгийн
газраас хүсчээ. Асуудлыг энэ сарын 30-31-нд Бээжин хотноо болох хоёр
улсын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр
ярилцахаар төлөвлөөд байна. Хэрвээ тодорхой шийдэлд хүрэхгүй бол төслийн
хэрэгжилт тодорхой хугацаагаар хойшлох, санхүүжилтийн талаар хөрөнгө
оруулагч талууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хооронд
хийж байгаа яриа хэлэлцээнд сөргөөх нөлөөлөх, улмаар 2011 оны сүүлээр
төсөл санхүүжилтгүй болох нөхцөл үүсч болзошгүй болжээ.

Иймээс
“Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь
гүйцэтгэх, олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэх, төсвийн санхүүжилтийг
бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цахилгаан станц барих асуудлыг 6
дугаар сард багтаан шийдвэрлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа. “Оюутолгой”
төслийн хүрээнд нийт 3 жилийн хугацаанд хийх барилга, угсралтын ажил 3
дугаар сарын эцсийн байдлаар төлөвлөсний дагуу 15 хувьтай байна. Орд
газрыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу олборлолтыг 2013
онд эхлэхээр төлөвлөж байсан ч барилгын ажил, хөрөнгө оруулалтыг богино
хугацаанд шахаж ажилласнаар 2012 онд олборлолтоо эхлэх боломжтой гэж
үзэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж