Хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг есдүгээр сарын 24 буюу маргаашнаас эхлэн авна гэж байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Цахим бүртгэлийн системийн шинэчлэлтэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Монгол орны нутаг дэвсгэрийн дийлэнхийг эзэлсэн замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс 2010 оноос хойш сүүлийн дөрвөн жил хайгуулын тугай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон. Бүтэн дөрвөн жилийн турш тавигдсан хориг байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлсэн ч эдийн засаг сөрөг тал ажиглагдсаныг эдийн засагчид онцолдог. Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичгийн хүрээнд, нөгөө талаар эдийн засгийн хямралаас гаргахад хөрөнгө оруулалтыг татах зорилготойгоор Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн хаврын чуулганы хаалтын өдөр баталсан бөгөөд хуулийн гол өөрчлөлт, шинэчлэлт нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгоход чиглэгдсэн юм. Шинэчилэн баталсан хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг солбицлоор олгохоор болсноо Уул уурхайн яамнаас дуулгалаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбицлоор олгосноор Монгол Улсын эрдэс баялгийн албан ёсны нөөц нэмэгдэж, улсын эдийн засгийн чадавх, дархлаа сайжирна гэж уул уурхайн салбарынхан үзэж байна. Мөн хөрөнгө оруулалт нэмэгдэхэд багагүй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт салбарынхан итгэлтэй байгаагаа илэрхийлж буй юм.
Нийт газар нутгийн 19.88 хувьд, уунээс 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгох аж. Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын 6.49 хувийн талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн хайгуулын талбай, мөн ХТЗ-г буцаасан талбайгаас бүрддэг юм байна.
Солбицлоор олгож байгаа нь өмнөх шигэээ замбараагүй олгохгүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй бүрэн хяналттай болсныг харуулж байгаа юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбицлоор олгохдоо ил тод байдлыг иж бүрэн бүрдүүлж, өргөдлийн дугаарыг мэдээллийн технологийг ашиглаж онлайнаар авах боломжийг бүрдүүлсэн гэнэ. Ашигт малтмалын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтад “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж тусгасны дагуу ямар талбайг хэнд олгосон бэ гэдгийг олон нийтэд ил тод зарлаж байх гэнэ.
Ингэснээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилзлоор олгож эхлэх эрхзүйн боломж нээгдэж, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулах, эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх бололтой.
Хууль, тогтоомжоор хориглосон болон хязгаарласан талбай
Талбайн төрөл | Талбайн хэмжээ (сая га) | Эзлэх хувь (%) |
| ||
хот, тосгон, бусад суурины газар | 0.7 | 0.45 |
зам, шугам сүлжээний газар | 0.4 | 0.28 |
ойн сан бүхий газар | 14.2 | 9.14 |
усны сан бүхий газар | 0.6 | 0.44 |
улсын тусгай хэрэгцээний газар | 24.9 | 15.94 |
| ||
дархан цаазат газар | 12.4 | 7.9 |
байгалийн цогцолборт газар | 11.9 | 7.6 |
байгалийн нөөц газар | 2.8 | 1.8 |
дурсгалт газар | 0.1 | 0.9 |
| ||
улсын нөөцөд авсан талбай | 11.9 | 7.6 |
орон нутгийн тусгай хэрэгцээний газар | 38.52 | 24.62 |
| ||
Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн зааг тогтоосон талбай | ||
Гол, мөрний урсац бүрэлдэх эх | 14.4 | 9.1 |
Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс | 10.7 | 6.5 |
Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс | 18.6 | 11. 9 |
1. Хориглох гэж буй талбай
БОНХЯ-аас 2014 оны 1/2727 тоотоор ирүүлсэн цаашид тусгай зөвшөөрөл олгохыг хориглох гэж байгаа талбай | ||
Улсын тусгай хамгаалалтад шинээр орох талбай | 2.24 | 1.4 |
Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах газар (ҮАБЗ-ийн 2013 оны 12/09 тоот зөвлөмж) | 20.0 | 12.8 |
Жич: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохгүй дээрх талбайнууд өөр хоорондоо давхцалтай бөгөөд нутаг дэвсгэрийн 71.52% хувийг эзлэнэ. Гэхдээ энэхүү хүснэгтийн задаргаа тус бүрээр үзүүлсэн эзлэх хувийн нийлбэр нь 71.52% хувьтай тэнцэхгүй болно.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 19.88 хувь (31.09 сая га) хамарсан.
Үүнд:
• Сонгон шалгаруулалтын талбай – 10.15 сая га буюу 6.49%
• Өргөдлөөр олгох талбай – 20.94 сая га буюу 13.39%
Нийт – 31.09 сая га буюу 19.88%
Ийнхүү багагүй хоригтой байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажил уул уурхайн салбарынхан болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэллээ.
Б.ХАЛИУН