Фэйсбүүк цахим сүлжээний хэрэглэгчид сар болгон хураамж төлөх болж буй тухай цуурхал цахим ертөнцийг цочоожээ. “The National Report” гэх шог мэдээллийн вэб сайт саяхан Фэйсбүүкийн үндэслэгч Марк Цукерберг өнгөрсөн амралтын өдрөөр хэвлэлийн хурал зарлаж, Фэйсбүүк цахим сүлжээ ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэгчдээс сарын хоёр ам.доллар, 99 центийн сарын хураамж авахаар болсноо мэдэгдсэн гэжээ.
Гэвч Фэйсбүүк сарын хураамжтай болох тухай цуурхал бүр хэдэн жилийн өмнөөс л хөвөрч эхэлсэн аж. Гэвч цуурхал байсхийгээд дахин дэгдэж, гэнэн хэрэглэгчдийг итгүүлчихдэг байна.
“The National Report” цуурхлыг илүү үнэмшилтэй болгохын тулд Марк Цукерберг хэвлэлийн хурлын үеэр ийн хэлжээ хэмээн хуурамч эшлэл хүртэл зохиожээ. “Бид зар сурталчилгаанаас олдог ашгаар бид цаашид удаан оршин тогтнож чадахгүйд хүрсэн. Удаан бодсоны эцэст Фэйсбүүкийг төлбөртэй болгох хэцүү шийдвэр гаргахаас өөр зам бидэнд үлдсэнгүй” гэж хэлсэн тухай ч худал бичжээ. Үүний дараа Фэйсбүүк төлбөртэй болох нь шог мэдээлэл, наргиа гэдгийг ойлгуулах “satire tag” нэмэхээр болсноо мэдэгдсэн байна.
Н.ЭНХ