Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээн үргэлжилж байна. Шилдэг 16 баг өрсөлдөж байгаагаас урьдчилсан шатны "А", "В" хэсэгт Монгол, ХонгКонг, Кувейт, Мальдив БНУ Казахстан, Энэтхэг болон Саудын Араб, Палестин зэрэг найман улсын шигшээ багтсан. Эндээс "А" хэсгээс Монгол, Кувейт, "В" хэсгээс Энэтхэг, Казахстан улсын шигшээ багууд хоёрдугаар тойрогт шалгарсан юм.
Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарахдаа ХонгКонг (86-77), Мальдивыг (112-54) хожиж, Кувейтэд 81-82-ын харьцаагаар хожигдсон. Кувейтийн шигшээ баг гурван хожилтой хэсгээ тэргүүллээ.
Өнөөдөр хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд болох бөгөөд манай улсын шигшээ баг БНСУ, Йорданы багтай "D" хэсэгт багтсан. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.00 цагаас Инчён хотын Samson World Symnasium ордонд Монгол-Йорданы тоглолт болох юм.
Тоглолт эхлэхийн өмнө “Score студи”-ийн захирал Г.Идэр-Ууганы мэдээллийг хүргэж байна.
Хэсгээ тэргүүлвэл ямар үр дүнтэй вэ?
Монгол Улсын шигшээ баг нэгээр гарсан бол Япон (оюутны шигшээг нь манайх хожиж байсан), Катар багуудтай таарах байсан. Харин цаг дуусах мөчид шүүгчийн өгсөн торгуулиас болж, хагас оноогоор ялагдаж, БНСУ, Йордан (Дэлхийн аврагад Азиа төлөөлж ордог) багуудтай таарлаа.
Хэсгээсээ 1-ээр гарахын ач холбогдол ямар байв?
FIBA-гийн ранкаар Азийн багууд ямар байдгийг танилцуулья! Энэ бол 9-р сарын 14-ний байдлаар гаргасан хамгийн сүүлчийн, албан ёсны жагсаалт юм.
Хэрэв өчигдөр манай шигшээ Кувейтийг хожоод, хэсгээсээ 1-ээр гарсан бол Япон, Катарын багуудтай нэг хэсэгт орох байлаа. Гэвч оронд нь Өмнөд Солонгос, Йорданы багуудтай таарлаа. Ранкаар харахад энд маш их ялгаа байгаа нь ойлгомжтой!
Япон, Катарын шигшээ багууд бол сүүлийн жилүүдэд маш муудаж байгаа, өндөр тоглогчидгүй, манайхан хожил авч чадах хамгийн боломжтой хэсэг нь байсан юм!
Монголын шигшээ баг яагаад энэ ранкад байхгүй байгаа вэ гэвэл бид Азийн АШТ-д шалгарч чаддаггүй болохоор оноо авч чадахгүй л яваад байгаа юм. Хэрэв өнгөрсөн Зүүн Азийн АШТ-ий V байрны төлөө Хонконгийг хожсон бол Азийн АШТ-д шалгарч, анхны оноогоо цуглуулах боломжтой байсан ч хоёрхон оноогоор цаг дуусахад хожигдож байсан харамсалтай түүх бий. Азийн наадамд үзүүлсэн амжилт FIBA-гийн ранкад нөлөөлдөггүй ба зөвхөн Тив, Дэлхийн АШТ-д оролцож байж оноо цуглуулах боломжтой юм.
Талбайн эзэд болон Ази Тивээс 3, 4-т бичигддэг хоёр хэцүүхэн учраатай таарлаа. Эдгээр багууд 1-р шигшээгээ явуулаагүй байгаасай гэж найдъя! Бас шигшээ багтаа итгээд, дэмжээд байдаг хэрэг шүү!!!
Азийн наадамд эрэгтэй 16 баг өрсөлдөж байгаагаас хоёрдугаар тойрогт өрсөлдөх дөрвөн баг шалгарч, шилдэг 12 багийн эхний тоглолтууд эхэллээ. Эндээс найман баг шалгарах юм.
Харин эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж, тэднээс хоёр баг шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авах юм.
Монгол Улсын эмэгтэй баг өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо ХонгКонгийн багтай хийнэ. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 15.15 цагаас эхэлнэ. Харин маргааш Катарын багтай тоглох бөгөөд ирэх пүрэв гаригт (09.25) Казахстан, сүүлийн тоглолтоо бямба гаригт (09.27) Непалийн багтай хийх юм.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.