Даатгалын компаниуд дампуурах эрсдэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Даатгалын компаниуд дампуурах эрсдэлтэй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлд жолооч бүрийг заавал даатгалд хамруулахаар тусгасан юм. Ингэхдээ жолооч нь жилдээ 53 мянган төгрөгөөр заавал даатгалд хамрагдана, харин бусдын буруугаас болж, осолд орсон бол даатгалын компаниас таван сая хүртэлх төгрөг авахаар заажээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Жолоочийг дагасан даатгалын тогтолцоо манайд тохирохгүй. Авто машинаа дагасан даатгалын тогтолцоог нэвтрүүлэх ёстой” гэлээ. Ийм даатгалын тогтолцоо нэвтрүүлэхгүй бол буруугаар ашиглаад, улмаар даатгалын компаниудаа дампууруулах эрсдэлтэй гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 270 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна гэж буй ч, хэд нь хэний эзэмшилд байна вэ гэдгийг тогтоохгүйгээр жолоочийг заавал даатгалд хамруулах нь зохисгүй. Бодит байдлыг авч үзвэл өнөөдөр орлогын маш их ялгаа бий болсон. Мотоцикльтой иргэд хөдөөд маш олон. Түүнчлэн амьжиргаагаа залгуулахын тулд жижиг тэргийг 24 цагийн турш зогсоохгүй хоёр, гурван ээлжээр “халтуур” хийдэг. Энэ тохиолдолд жолооч гэхээс тээврийн хэрэгслийг  заавал даатгалд хамруулах шаардлага байгаа” гэсэн юм.

Албаны хүний тайлбараар бол энэхүү хуулийн төслийг боловсруулах шатанд АНУ, Герман, Япон гээд олон орны туршлагыг судалсан. Судалгааны үндсэн дээр Монголын нөхцөлд тохирох даатгал бол жолоочийг заавал даатгалд хамруулах явдал гэж үзсэн гэлээ.  Гол үндэслэл нь авто ослын улмаас хохирсон иргэд нөхөн төлбөр авч чаддаггүйтэй холбоотой юм байна.

Улмаар энэхүү хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг дуусч, гишүүдээс санал хураалгахад гишүүдийн 80 гаруй хувь нь Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж  байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж