Урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн “URLAG.mn” сайт, "Монголын сайтын холбоо" төрийн бус байгууллага, Монгол поп опера "Увертюра" хамтлаг хамтран таван жилийн ойгоо уншигч үзэгчидтэйгээ хамтран тэмдэглэхээр болсон тухай мэдээллийг өмнө бид хүргэсэн билээ. Энэхүү ойн хүрээнд Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд рок поп, хип хоп, амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар зэхжээ.
Уг тоглолтонд олны танил олон уран бүтээлчид уригдан оролцож байгаа бөгөөд өөрсдийн хит уран бүтээлүүдээс үзэгчдэд хүргэх гэнэ. Уран бүтээлчдийг товч дурьдвал, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Г.Ариунбаатар, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбат, дуучин Т.Дэлгэрмөрөн, О.Анхаа, Б.Халиунаа, Б.Амархүү, О.Ариунзул, В.Гантулга дуучид болон “Харанга”, “Харш”, “Хурд”, “Хар сарнай”, “Sweetymotion”, “Freezone”, “Digital”, “Ice top” зэрэг хамтлаг дуучид оролцох аж.
“Найрсаг Улаанбаатарын төлөө” уриан дор нийслэлийнхээ төв талбайд “URLAG.mn” сайт, "Монголын сайтын холбоо" Төрийн бус байгууллага, Монгол поп опера "Увертюра" хамтлагийн таван жилийн хамтарсан талархлын баяраа үзэгч, уншигчидтайгаа уран бүтээлчид хамтран хуваалцахаар болсон нь энэ.
Э.ТЭКҮ