Ямар хүн бөх болдог вэ?

Хуучирсан мэдээ: 2014.09.23-нд нийтлэгдсэн

Ямар хүн бөх болдог вэ?

Үндэсний бөхөө хорхойсч үздэггүй монгол хүн үгүй байх. Авдаг хэдээсээ илүүчилж байгаад Бөхийн өргөөнд болдог улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааныг алгасахгүй үзэхийг хичээдэг нь үүнийг бичигчээс эхлээд мундахгүй олон. Ингэхдээ өөрөө өөртөө тавьсан асуултын хариултыг ердөө ч олсонгүй. Юу вэ гэхээр “Ямар хүн бөх болдог вэ?”. Бяр хүч, ухаан санаа тэгш заяасан, хоёр талаасаа удамтай, ясны бөх, энээ тэрээ гээд хэлэх л байх. Харин чухам яагаад хариулж чадахгүй байгаа учраа хойно бичих тул түр азная.

Сүүлийн жилүүдийн улсын наадмаар шөвгөртлөө өвдөг шороодоогүй бөхчүүдээс хэд хэд нь допинг /сэргээш/-той тулаад “уначихсан”. Гэсэн ч тэд “давсан”, бүр тэр нь байх ёстой зүйл мэт. Бөхийн гайхамшгийг харуулсан “Гарьд магнай” кинонд Очир заан хөлөө өгч байгаад хөнгөхөн молигоддог бол өнөөгийн бөхчүүд наадамчдыг молигоддог болжээ. Нэгэнт өнөө цагийн Молигууд өөрчлөгдсөн болохоор түүнийг дагаад сургаалийг дагадаг залгамж халаа нь болсон дараагийн Далайцэрэнтэнгүүд суралцсаар ахуй нь нууц биш. Энэ жилийн хувьд л гэхэд ямартай ч хоёр Далайцэрэнг допингийн шинжилгээ тогтоосон бололтой. Бололтой гэдэг нь өөрөө шинжилгээний хариуг нь харчихаагүй болохоор тэр. Харин Монголын Үндэсний Бөхийн Холбоо/МҮБХ/-ны дэд тэргүүн Д.Данзан энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр мэдээлнэ лээ. “Олныг баясуулагч, Баяр наадмын манлай” хэмээн цоллуулдаг эрхэм бөхчүүд маань нэг ч бай, нижгээд ч бай ямар ч байсан энэ хориотой зүйлийг хэрэглэж, ард түмэн, багш дасгалжуулагч, хамгийн гол нь өөрийгөө төдийгүй наадамчдыг хуурсан байх нь. Эдгээр бөхчүүдийг чухам энэ сарын 25-нд мэдээллэх журамтай учраас МҮБХ-ны удирдлагууд ч тэр өдөр дуулгахаа илээрхийлсэн байна.

Тэгэхээр энэ хоёр хүн хэн ч байлаа гэсэн тэднээр “сэтгэл санааны хохирол”-оо төлүүлэхээр бид бүхэн шүүхэд хандаж болохоор болж байна. Мэдээж дээрээс нь хотын төвийн хэдэн өрөө байр, сүүлийн үеийн загварын машин, хэдэн арван сая төгрөгөө зүгээр л бэлэглэж орхисон хүмүүс ч нэмэгдэх байх. Мөн цол чимгийг нь хурааж, барилдах эрхийг нь хасах нь зүйд нийцнэ. Хэрэв ингэвэл допинг хэрэглэсэн нөхдүүд ч шүүхэд хандаж болзошгүй. Өмнөх жилүүдийнхээ допинг хэрэглэсэн хүмүүсийг зүгээр өнгөрөөснөөс ийм явдал боллоо гэж. Тийм ээ, өнөөдрийг хүртэл допин хэрэглэсэн бөхийг шударгаар шийтгэсэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй юм. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ.  

Олон улсын жишгээр бол допин хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн спортоор уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь шууд хоёр жилээр хасч, давтан хэрэглэсэн тохиолдолд бүх насаар нь хориглодог байна. Харин Монгол улсад ч ийм төрлийн шийтгэлээр шийтгэх журам байдаг ч бурхны шашинтангууд өршөөнгүй үзлээр хандсаар иржээ. Учир нь баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас гаргасан журам/хүчин төгөлдөр мөрддөг/-д  …хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасна хэмээн заачихаж. Хүртэлх шүү. Бурхан чөтгөртөө ч биш, энэ үгэнд л учир бий. Хүртэлх гэчихсэн учраас далимдуулж ганц хоёрхон сараар хассан болж /цол, чимэг хураахыг бодоод ч хэрэггүй/ жүжиг тоглосоор байгаа юм.    

Энэ бүхнээс тунгаан байж “Ямар хүн бөх болдог вэ?” гэсэн асуултын хариултыг нэг бодоод үзье.

-Бие хааны хувьд өсгөлүүн /допин хэрэглэчих учир бэлтгэл хийх шаардлагагүй/

-Амар хялбараар мөнгө олохыг хүсэгч

-Бусдыг хууран мэхлэгч, залилагч /допин хэрэглэх, найраа хийх зэрэг үүнд хамаарна/ гээд хар бараанаар хөвөрнө. Мэдээж үүнд сэргээш хэрэглэдэггүй олон зуун бөхчүүд хамаагүй гэдгийг зориуд анхааруулъя. Харин ч тэд шударгаар барилдсанаараа буруудаж байна.

Геннесийн номонд бичүүлсэнийхээ гурван жилийн ойг тэмдэглэх гэж байгаа үндэсний бөхийнхөн маань муу талаараа нөгөө алдарт номондоо бичүүлчих вий гэж болгоомжиллоо. Тийм учраас энэ хүрээд өндөрлөё. Харин дээрх жагсаалтыг үргэлжлүүлж бичих эсэх нь эрхэм мэргэн уншигч таны өмнө нээлттэй.     

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж