Шинжаан-Уйгур дахь Хятадын хууль хяналтынхан
Хятадын Шинжаан-Уйгурын бүс нутагт өчигдөр /IX.21/ цуврал дэлбэрэлт бүхий халдлага гарчээ. Үүний улмаас хоёр хүн амь үрэгдэж, өөр хэдэн хүн гэмтэж бэртсэн талаар Хятадын хэвлэл мэдээлсэн байна. Шинжаан-Уйгур дахь Хятадын Коммунист намын сайтад мэдээлснээр Лунтай/Бугур/ нутгийн гурван хэсэгт дэлбэрэлт болсон аж.
Сүүлийн саруудад Шинжаан-Уйгур дахь халдлага, дайралт ихэвчлэн тус бүсийг хянагч хятадуудын эсрэг чиглэх болжээ. Өмнө нь өнгөрсөн долдугаар сард Шинжаан-Уйгурын Кашгар хотын нутгийн удирдлагын байр, цагдаагийн газруудад халдлага гарснаас цөөнгүй хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн билээ. Мөн өнгөрсөн аравдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотын төв Тян Ань Миний талбайд автомашин дайрч орон дэлбэрснээс үүдэж энгийн иргэд өртөн, таван хүн амь үрэгдэж, 38 хүн гэмтсэн халдлагыг уйгур үндэстэн үйлдсэн гэж мэдээлсэн юм. Үүний зэрэгцээ Шинжаан-Уйгурын уугуул иргэд болон хятад оршин суугчдын хоорондох зөрчлийн улмаас үе, үе хүчтэй мөргөлдөөн гардаг байна. Тухайлбал, Шинжаан-Уйгурт 2009 онд олныг хамарсан мөргөлдөөн болж, 200 гаруй хүн нас барж байсан билээ. Тэгвэл 2013 онд уйгур үндэстний зургаан хүн Хятадын цагдаагийн ажиллагааны үеэр нас барснаас болж сөргөлдөөн үүсч, энэ нь улмаар зэвсэгт мөргөлдөөн болсноос 21 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС