Ашраф Гани Афганистаны Ерөнхийлөгч болжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Ашраф Гани Афганистаны Ерөнхийлөгч болжээ

Ашраф Гани Ахмадзай өнгөрсөн долдугаар сарын 5 Кабулд хэвлэлийн хурлын үеэр

 

Афганистанд өнгөрсөн зургадугаар өндөрлөсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өчигдөр /IX.21/ олон нийтэд танилцуулжээ. Афганистаны сонгуулийн хорооноос нэр дэвшигч Ашраф Гани Ахмадзайг шинэ төрийн тэргүүнээр зарласан байна. Гэхдээ Кабулд болсон хэвлэлийн хурал дээр Афганистаны сонгуулийн хорооны дарга Ахмад Юсуф Нуристани ерөнхийлөгчийн сонгуулийн тодорхой дүн болон нэр дэвшигчдийн саналын хувийг танилцуулаагүй байна. Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулахаас татгалзжээ. Гэхдээ өнгөрсөн долдугаар сард танилцуулсан дүнгээр Афганистаны Сангийн сайд асан Ашраф Гани Ахмадзай ерөнхийлөгчийн сонгуульд 56,44% санал аван ялсан гэж мэдээлж байсан юм.

 

Үүний зэрэгцээ Афганистаны шинэ Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай өчигдөр /IX.21/ өрсөлдөгч Абдулла Абдуллахтай эрх мэдэл хуваалцах гэрээнд гарын үсэг зурсан байна. Эрх мэдэл хуваалцах гэрээний дагуу Абдулла Абдуллах Ерөнхий сайдтай эн зэрэгцэх албан тушаал хаших болсон бөгөөд парламентад өөрсдийн хүчний харьцааг тэнцүүлэхээр болжээ. Өмнө нь тэд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээс болж удаан хугацаанд зөрчилдөж, тэдний тэмцэл Афганистаны тогтвортой байдалд заналхийлэх хэмжээнд тооцогдож байсан юм. Афганистанд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын 14-ны хооронд явуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг нэр дэвшигчид хүлээн зөвшөөрөөгүйгээс саналын хуудсыг НҮБ-ын хараа хяналтан дор дахин тоолохоор болж байсан аж.

 

Б.АНХТУЯА

 

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж