Азийн олимп гэгддэг Азийн спортын их наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нд 60 мянган хүний суудал бүхий “Incheon Asiad main stadium” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн юм.
“Бид нэг Ази” гэсэн уриатай Азийн наадмын нээлтийн ажиллагаанд 45 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд Олон улсын Олимпийн хорооны дарга Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хы нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн.
Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй БНСУ наадмын нээлтэд Солонгос үндэсний болон орчин үеийн урлагийн үзүүлбэрийг багтаасан шилдэг тоглолтуудыг үзүүллээ. "Инчён-2014" Азийн наадмын бамбарыг БНСУ-ын нэрт жүжигчин Жан Гым асааж, "Асиад" цэнгэлдэх хүрээлэнд наадмын бамбар бадамлалаа.
Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Монгол Улсын хувьд спортын 23 төрөлд 231 тамирчнаа илгээсэн юм. Өнөөдрийн байдлаар 42 багц медалийн эзэд тодроод байна.
Монгол Улсын баг дөрөвдүгээр байрт жагсаж байна
Тэмцээний эхний өдөр буюу есдүгээр сарын 20-нд эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нар онч сорив. Уг дасгалд 14 багийн тамирчин буудсанаас Монголын мэргэн буучид 1140 оноогоор хүрэл медаль хүртэж, “ИНЧЁН -2014” Азийн наадмаас Монгол Улсын анхны медалийг авчирсан.
Буудлагын тамирчдын араас жүдо бөхийн баг тамирчид нижгээд медаль хүртэж, төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүллээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртсэн бол 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, 73 кг-д Г.Одбаяр нар мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл хүртсэн юм.
Ийнхүү хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын баг тамирчид БНСУ (12+10+9), БНХАУ (12+9+11), Японы (2+2+4) багийн ард дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Сагсан бөмбөгийн эрэгтэй баг ХонгКонг, Мальдивийн багийг хожиж, хэсгээсээ шалгарлаа
Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадамд оролцож буй Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг ХонгКонг, Мальдивийн багуудыг хожиж, дараагийн шатанд шалгарлаа. Эрэгтэй 16 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Мальдив БНУ, Кувейт улсын багууд урьдчилсан шатны “А” хэсэгт багтсан. Энэ хэсгээс хоёр баг дараагийн тойрогт тоглох эрхийг авах бөгөөд хоёр хожил авсан Монгол, Кувейт улсын шигшээ багууд шалгараад байна. Манай сагсчид эхний тоглолтод ХонгКонгийг 86:77, өчигдөр Мальдивын багийг 112:54-ийн харьцаагаар илт илүүрхэн хожсон. Өнөөдөр Монгол-Кувейтын багуудын тоглолт болж, хожсон баг хэсгээ тэргүүлж, Япон, Катартай “F” хэсэгт, хожигдсон баг нь Өмнөд Солонгос, Йорданы багтай "D" хэсэгт өрсөлдөх юм.
Усанд сэлэлтийн тамирчид багаараа V байр эзэлж, туялзуур сэлэмний тамирчид шөвгийн 32-т шалгарлаа
Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд 15 тамирчин өрсөлдсөнөөс О.Баярцэцэг XI, Б.Анхзаяа XII байр эзлэв. Усанд сэлэлтийн 200 м-н чөлөөт сэлэлтэд М.Дэлгэрхүү VII, эмэгтэйчүүдийн 100 м-ийн өврөөр даллах сэлэлтэд С.Номун VI байрт шалгарсан. Эмэгтэйчүүдийн 4х100 метрийн чөлөөт буухиад Э.Нандинцэцэг, Б.Есүй, С.Номун, Ц.Мөнгөнсор нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг V байрт шалгарлаа.
Туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөл Э.Дөлгөөн, Б.Батхүү нар хэсэгтээ хоёр ялалт авч шөвгийн 32-т шалгарлаа. Тэдний энэхүү амжилт туялзуур сэлэмний тамирчид Азийн томоохон тэмцээний хасагдах шатанд үлдсэн анхны тохиолдол болж байна. Эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд өрсөлдсөн Б.Ариунзаяа хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Туялзуур сэлэмний бусад төрөлд манай тамирчид өрсөлдөх бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Цолмор. Б.Гэрэлмаа нар тулалдана.
Гандболлын эрэгтэй баг Бахрайн (14-57), Саудын Арабын (12-51) багт ялагдлаа.
Ийнхүү хоёр өдрийн дараах байдлаар Монголын баг хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар БНСУ (12+10+9), БНХАУ (12+9+11), Японы (2+2+4) багийн ард дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
17 дахь удаагийн Азийн наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэх бөгөөд усанд сэлэлт, бадминтон, жүдо бөх, хүндийг өргөлт, буудлага зэрэг спортын 11 төрөлд 27 багц медалийн эзэд тодорно.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОР