“Порту”-гийн бахдам амжилт үргэлжилж, тэд өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны Европа лигийн финалд нутгийн өрсөлдөгч “Брага”-г 1:0 харьцаатай буулган авлаа. Ингэснээр дасгалжуулагч Андре Виллаш-Боаш тус багт ажилласан эхний улиралдаа гурвалсан цомын эзэн болох боломжтой болоод байна. Түүний удирдлага дор “Порту” лигийн тоглолт өндөрлөхөд таван тоглолт дутуу байхад Португалийн аварга цол хүртэх болзол хангасан бөгөөд ням гаригт Португалийн цомын тэмцээний финалд “Витория”-тай тоглох юм.
Өдгөө 33 настай Португаль мэргэжилтэн Виллаш-Боаш ийнхүү Европын тавцанд аваргын цом өргөсөн хамгийн залуу дасгалжуулагч болж байна.
Дублин хотноо болсон өнгөрсөн шөнийн тоглолтод эхний хагас өндөрлөхийн өмнөхөн Колумб тоглогч Радамель Фалькао, Фредди Гуарины баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг чулуу болгосноор Европа лигийн цомын эзэнг тодруулсан цорын ганц гоолыг оруулжээ.
С.Цэлмэг