Босгосон гэрээ нураах уу, цэвэрлэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Босгосон гэрээ нураах уу, цэвэрлэх үү?

Засгийн газарт сэлгээ хийнэ гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл эрх мэдэлд хүрэх гэсэн олон улстөрчийн хорхойг гозогнуулж, эмээл хазаартай морь сэрүүнээрээ зүүдэлсэн нөхдүүд хаа сайгүй болжээ. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хоёр жилийн турш “буг” болсон зарим сайд гэнэтхэн сайн хүний дүр эсгэж эхэлсэн нь албан тушаал, эрх мэдэл гээч ямар агуу,  чөтгөрийг хүртэл бурхан болгох шидтэй эд вэ гэмээр. Хэдийгээр улс төр наанаа тогтуун тайван байгаа мэт харагдавч цаанаа аль хэдийн хөдөлгөөнд орж, улстөрчдийн дунд яриа хөөрөө, хов, хор ч гүйгээд эхэлсэн гэлтэй, сүүлийн өдрүүдэд янз бүрийн таамаглал хэвлэлээр багагүй хөвөрлөө. Хэдийгээр хэнийг авч үлдэж, хэнийг явуулах вэ гэсэн таамаглал улстөрчдийг зовоож буй ч “Давах би яарахгүй байхад унах чи яараад яах вэ” гэгчээр Ерөнхий сайд гарт байгаа хөзрөө дэлгэхийг төдийлөн яарахгүй байна.

Сөрөг хүчний болон зарим нэг фракц, бүлэглэлийн зүгээс Ерөнхий сайдыг амлалтаа биелүүлэхийг ил, далдаар шахаж шаардах нь гарцаагүй. Тийм ч учраас энэ намрын чуулганы эхний хэлэлцэх сэдэв нь Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэлт хийх асуудал байх болов уу гэсэн таамаглал бий.

Улстөрчдийн хувьд энд тэндээс хамжиж, дэмжиж босгосон гэрээ нурааж болно. Үүн шиг амархан хэрнээ эрсдэлтэй зүйл үгүй. Учир нь, гэрээ нураахад зовлонгүй ч дахин угсарч, эвлүүлж босгоход хэцүү. Нөгөө талаар гэрээ нурааж тоглох нь Монголын ард түмэнд ямар ашигтай вэ гэсэн асуулт тавигдаж байна.

Улс төрийн тогтвортой байдал нь  улс орны хөгжлийн нэг түлхүүр. Улс төрд ч, эдийн засагт ч тогтвортой хөгжлийн бодлого чухал. Дамаа эдийн засаг хүндхэн байгаа нөхцөлд гэрээ нурааснаараа монголчууд хямралаас гарчихна гэж бодох бүр ч хэрэггүй. Улс төр нь тогтворгүй байх тусмаа эдийн засаг ч улам дорддог тал бий. Гашуун сургамжууд ч байна. Нөгөө талаар засгийн газрыг бүтцээр нь шинэчилнэ гэвэл “нуухыг авах гээд нүдийг нь сохлох”-той адилхан хувилбар болохыг үгүйсгэхгүй.

Шинэчлэлийн Засгийн газрыг галт тэрэгтэй адилтгавал тэд аль хэзээний гараанаасаа  хөдөлсөн. Явж байгаа галт тэргийн "стоп кран"-ыг татвал “осол” гарах магадлал өндөр. Жолоодсон, суусантайгаа нийлээд бүгдээрээ эрсдэлд орохгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс л босгосон гэрээ нурааж, явж байгаа галт тэргийг хүчээр зогсоох нь аюултай. Гол ачаалал нь иргэдийн нуруун дээр ирэх болохоор тэр.

Намрын чуулганаар хэлэлцэх байх хэмээн улс төрд хүлээлт үүсгэсэн Шинэчлэлийн Засгийн газрын өөрчлөлт, шинэчлэлтийн асуудал дахиад л багагүй хугацааг улстөржүүлж өнгөрөөж болзошгүй байгаа. Яг л өнгөрсөн хаврын чуулган шиг ихэнх хугацаагаа дээл хувцас, сандал суудлын хэрүүлд зориулсан парламентынхан намрын чуулганаар сайдуудыг өөрчлөх, солих, шинэчлэх асуудалд хамаг анхаарлаа чиглүүлж, эдийн засагт чухал гэгдэх гол асуудал хугацаа алдаж магадгүй байна. Монголчуудад цаг алдахгүйгээр шийдвэрлэх олон асуудал хүлээлтийн байдалтай байгаа. Өнгөрсөн хаврын чуулганаар Засгийн газар хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан боловч парламентын босго давж чадалгүй намрын чуулган хүртэл хойшлогдсон хуулиудыг одоо л шийдэхгүй бол  хугацаа алдах тусам бид хөгжлөө алдсаар л байх нь гарцаагүй. 

Хэрэвзээ намрын чуулганаар “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдах 5300 километр төмөр замын царигийг шийдвэрлэх болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах, Нэмүү өртгийн албан татварын хуулийг шинэчлэх асуудлыг хэлэлцэхгүй өнгөрвөл 2015 оны хаврын чуулганыг хүлээхэд хүрнэ. Ингэвэл экспортын төмөр замтай болно гэсэн монголчуудын мөрөөдөл хичнээн жилээр хойшлогдохыг хэлж мэдэхгүй юм.  Ямар ч байсан тээвэрлэлтээсээ болж алдагдалд орж байгаа нүүрсний салбараас ойрын жилүүдэд юм горьдох хэрэггүй болно.

Гурван жилийн өмнө ДНБ-ий 53 хувьтай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнөөдрийн байдлаар 70 хувийн уналт үзүүлээд байгаа. Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг цуцалж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим бодлого, шийдвэрийн нөлөөгөөр Монголоос дүрвэсэн хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэх өөдрөг хандлага ч бий болсон. Энэ үед засаг төрөө сольж, унаж яваа морио юүлбэл, Монголд орж ирэхээр хүлээгдэж байгаа мөнгөний урсгал буцаад цаашлахгүй гэсэн баталгаа алга. Улс төрийн байдал тогтворгүй нөхцөлд хөрөнгө оруулалт багасдаг нь гэм биш зан. Тэгэхээр яах вэ? Гэрээ нураах уу, эсвэл сайн цэвэрлэгээ хийх үү?

Засгийн газарт өөрчлөлт оруулж, зарим сайдыг явуулах нь зөв ч бүтэц зохион байгуулалтыг тэр чигээр нь шинэчлэх нь хямралтай байгаа эдийн засгийг бүр ч дордуулж магадгүй юм.  Учир нь, эхлээд бүтцээ өөрчилж, сайдаа сонгох гэж парламентынхан нь улстөржиж, хэрэлдсээр байгаад баахан цаг алдах тодорхой. Дараа нь бүтцээ өөрчилж, зохион байгуулах, төсвөө батлах гэж багагүй хугацаа орно. Фракцилж, талцаж хэрэлдсээр байгаад чуулганаа хаах биз. Засагт сэлгээгээр орж ирсэн шинэ сайдууд нь ганцхан жилийн хугацаанд юу ч хийж, юу ч амжуулж чадахгүй. Дөрвөн жилийн циклтэй Монголын улс төрийн амьдрлыг тэр чигт нь  улстөржүүлсээр эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх гээгүй юм бол босгосон гэрээ нураах нь зөв, оновчтой хувилбар биш. Ажлаа хийх чадахгүй байгаа  сайдуудыг явуулах нь зөв ч засгийг бүхэлд өөрчлөх цаг хугацаа олонхид  байгаа бил үү?  Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэж нэг үг бий.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж