Яруу найраг шиг, намар шиг Онон хатан ижий

Хуучирсан мэдээ: 2014.09.21-нд нийтлэгдсэн

Яруу найраг шиг, намар шиг Онон хатан ижий

Бүрхийн төгөл дэх наян намрын өвс

Бүрхийн төгөлд намрын айлчин ирчихжээ. Өмсгөл нь нэл шаргалхан. Дөрөө зурам өвс халиурсан энэхэн төглийн өвөрт найрагчийн гэрэлт хөшөө байна. Элгэн талыг нь засч янзалсан боржин чулуун дээр бичгийн хүмүүний таталбар хөргийн дор

“Ураг садан өвгөдийн

Омог алдарт өлгий

Угаас надад тавилантай

Онон хатан ижий” хэмээсэн алдарт шүлгийнх нь дөрвөн шадыг сийлжээ. Илүү дутуу юмгүй тун энгийн. Тэнгэрт дэвшсэн их найрагч бээр хүмүүний орчлонг дэндүү эгэл энгийн туулсан билээ.

Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж дорнын их яруу найрагч Б.Явуухулан, өөрийн багш нэрт яруу найрагч Ц.Цэдэнжав нарын хамт.

Хэнтийн яруу найрагчид Бүрхийн төгөлд.

Наян жилийн тэртээх ийм л шаргал намар. Ийм л дуниартсан хонгор өдөр Бүрхийн төгөл дэх намаржаанд залуухан хосууд анхны үрийнхээ зулайг үнэрлэжээ. Налгар дэлгэр намрын тэнгэр дор дуугаа хадаан мэндэлсэн тэр хөвүүн бол хожмын их яруу найрагч Нямдорж байлаа. Залуу эр Нямбуу буриад заншлаар бяцхан хөвүүндээ дүүжин өлгий төхөөрч, өөжин дээр нь эсгий үнэг хайчлан, голомт залгах нуган үртэй болсондоо хязгааргүй баярлаж суусан бизээ.

Наян жилийн дараах Бүрхийн төгөлд Нямбуу баавайн бууц, Нямдорж найрагчийн тоонот дээр Монголын уран зохиолын таван үеийн төлөөлөл болсон зохиолч, яруу найрагчид дөрөө мултлавай. Тэд их найрагчийн төрсөн гэрийн буурин дээр босгосон гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, тоонотынх нь чулуунд гүн бишрэлтэйгээр мөргөж байлаа.

Найргийн тэнгэр энд л цэлмэж, онгодын салхи энд л түр амсхийв үү гэлтэй, Бүрхийн төгөл анир намуухан дүнсийнэ. Төглийн зүүн үзүүрт том том ногоон бухлууд ярайж, хэдэн залуус өвс нуруулдаж байна. Намрын өвсний ааг эгээ л олон жил дарсан нэрмэлийн охь лугаа адил хамар цоргин ханхийгээд нэн таатай. Ай, Гулирансын дуулсан есөн намрын сүмэн өвс мэт Бүрхийн төглийн наян намрын шаргал өвсийг ээ…

Ардын уран зохиолч Тангадын Галсан намрыг бэлгэдсэн гэлтэй шар торгон цамцаа намируулан намбалаг алхалсаар ирж найрагч андынхаа тоонотод хүндэтгэл үзүүлэв. Буурал найрагч тэрбээр Нямбуугийн Нямдорж найрагчтай яруу найргийн ертөнцөд адил нэгэн хувь заяатай, ижил нэгэн сэтгэлтэй явсан гэдэг. Н.Нямдорж найрагч 1960-аад оны эхээр тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байхдаа нэр нэрээ мэдэхээс зүс харж танилцаагүй үеийн найрагч Т.Галсанд сурагч дэвтрийн хоёр хуудас ар өвөргүй дүүрэн бичсэн захиа илгээж байжээ. Харийн нийслэлд дөрвөн жил суралцахдаа аав, ээж, амраг ханьдаа нэг ч захиа бичээгүй хэрнээ Т.Галсан найрагчид ийм урт захидал илгээсний учир нь түүний нэгэн шүлэгтэй холбоотой байжээ. Т.Галсан гуайн хэлсэнчлэн “огт танихгүй буриадаас огт танихгүй өөлдөд” ирсэн тэр захидалд, “Туяа” сэтгүүлд гарсан шүлгийг чинь уншаад жинхэнэ монгол хэлтэй, нэг сайхан монгол найрагч гарах нь гэж бодсон худлаа байж. Залуучуудын сэтгүүлд гарсан шүлгийг чинь хараад чамайг Тарваа, Даржаагийн өрөөсөн болохыг мэдлээ гэх мэтээр загнасан байсан гэнэ. Энэ захиа намайг магадгүй яруу бус ядуу найргийн балчигт унахаас аварсан байх хэмээн өвгөн найрагч өнөөдөр сэтгэлийн үгээ харамгүй хэлж сууна.

Ардын уран зохиолчийн найрагч андаа үгүйлсэн алтан дурсамж ар араасаа хөвөрнө. Тэрээр 1962 онд Баянхонгор аймагт дунд сургуулийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Нэг өдөр өрөөндөө шүлгээ бичээд сууж байтал бор пүүсүү дээлтэй, дээлийнхээ мөрөн дээр огло татчихсан, бакиал гутал хааш яайшхан жийсэн шавилхан нөхөр чичгэсхийгээд ороод ирлээ гэнэ. Орж ирээд “Тангадын Галсан байна уу, уулзана аа” гэж байх юм гэнэ. Дунд сургуулийн захирлын өрөөний хаалгыг тогших ч үгүй орж ирдэг ямар зүрх зоригтон байх билээ гэж Т.Галсан захирал тэр үед гялсхийтэл боджээ. Тэдний сургуульд хүүхдэд алган боов хүртээх дуртай нэг багш байж. Бодвол тэр нөхөр л нэг хүүхдийг балбачихаж дээ. Тэгээд ах нь өмөөрч орж ирж байгаагаас зайлахгүй гэж л бодож.

Тэгээд, “Тэр Галсан чинь би байна” гэтэл урилгагүй зочин эр нэг их харснаа “Өө, үхсэн хойноо. Чамайг Тарваагаас өндөр, Найманжингээс цагаан лут эр байгаа гэж бодсон юм” хэмээн голонгуй дуугарчээ. Т.Галсан захирал мөчөөгөө өгөлгүй “Чи хэн юм” гэсэнд “Нямбуугийн Нямдорж байна” гэж гэнэ. Ингээд өнөөх урт захидлаар эчнээ танилцаж байсан хоёр найрагч дуу шуу болон уулзаж, ардын уран зохиолчийн хэлснээр бол Цэдэнбал дарга, Брежнев хоёр шиг л сүрхий тэврэлдэн үнсэлдсэн гэнэм.

Тэр үед Н.Нямдорж найрагч “Хөдөлмөр” сонины сурвалжлагчаар ажиллаж, томилолтоор Баянхонгорт очсон нь тэр байж. Ингээд хоёр найрагч хэд хоног шүлэг найргийн ертөнцөд умбаж, сэтгэлээ нээлцсэн ажээ.

Энэ мэт гэгээн сайхан дурсамж, халуун дулаан сэтгэлийн үгсийг Батширээтийн тэнгэр дор, Бүрхийн төглийн өвөрт, Эгийн голын хөвөөнөө олныг сонсч, Нямбуугийн Нямдорж хэмээх эгэл найрагчийн ер бусын гэрэлт ертөнц, хүчирхэг, эрчимлэг яруу найргийнх нь агаарт жингүйдэх мэт болсон билээ.

 

Батширээтийн тэнгэр дор, Нямдоржийн агаарт…

Хэнтий аймгийн Батширээт сум бол ёстой л найргийн хоймор гэмээр сайхан нутаг. Онон, Барх, Эг, Цэгээний тунгалаг голуудын бэлчир, Хан Хэнтийн хөх хөвчийн нэгээхэн сэжүүр болох энэ сайхан нутаг “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч” хэмээн эхэлдэг эх орны тухай тарни мэт мөрүүдийг тэрлэсэн нэрт яруу найрагч Цэрэндоржийн Цэдэнжав, “Араараа модтой Биндэръяа”, “Арандалынхан”-ыг туурвигч нэрт зохиолч Батын Нямаа, энэ жил 80 насны нь ой тохиож буй төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, Хан Хэнтийн яруу найргийн сургуулийг үндэслэсэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ломбын Нямаа, “Их Засаг”-аар овоглосон яруу найрагч Намсрайн Ням-Осор, “Уянгын бүүвэйт Онон ээжий” дуугаараа алдаршсан яруу найрагч Дандаржавын Дашшарав, байгалийн уянгын дууч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Балдансодномын Энхжаргал, этгээд “Дүрслэлүүд”-ийн эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дугаржавын Гансүрэн гээд олон зохиолч, яруу найрагчдыг төрүүлсэн өлгий юм.  

Н.Нямдоржийн уран бүтээлийн талаарх эрдэм шинжилгээний бага хурал.

 

Тиймээс Нямдорж найрагчийн 80 насны өндөр их ойд оролцохоор олон арван яруу найрагч аглаг хөвчийн суурин Батширээтийг зорин очсон билээ. Дурсамж хуучаас нь дээр цухас дурдсан ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан найрагч тэргүүтэй ахмад зохиолчдын бүрэлдэхүүнд төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Долгорын Нямаа, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Санжийн Пүрэв, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Готовын Аким, Н.Нямдорж найрагчийн хамгийн дотнын анд, нэгэн нутаг усны найрагч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ломбын Нямаа, Говьсүмбэрээр овоглодог МЗЭ-ийн шагналт яруу найрагч Рагчаагийн Батжаргал нар багтсан юм. Мөн төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов МҮОНТ-ийн багийг ахлан ирж нэрт найрагчийн ойг сурвалжилсан.

Дунд үеийнхний төлөөлөл Н.Нямдорж найрагчийн шавь, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондов, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Жамсрангийн Баяржаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Мулцангийн Уянсүх, Н.Нямдорж найрагчийн гарын шавь, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Балдансодномын Энхжаргал тэргүүтэй найрагчид Батширээтэд дөрөө мулталж онгод найргаа дуудсан билээ. Түүнчлэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүй, Лхамсүрэнжавын Ганзул, Санзайгалсангийн Ууганбаяр, Батмөнхийн Чулуунцэцэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Н.Минжинсайхан, Б.Төгсжаргал тэргүүтэй залуу яруу найрагчид Улаанбаатараас “Онон хатан ижий” наадмыг зорин ирсэн байв.

Үргэлжлэлийг http://entertainment.eagle.mn-с уншина уу.

Г.СОНИНБАЯР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж