УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас зарлагдаад байна. Хамгийн эхний асуудал нь Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Сүүлийн жилүүдэд авто тээврийн хэрэгслийн тоо хэмжээ 5-7 хувиар өссөөр өнөөдрийн байдлаар 296 мянгад хүрчээ. Гэвч даатгалд хамрагдах байдал хангалтгүй аж. Өнөөдрийн хувьд дээрх жолооч нараас ердөө 10 хувь нь жолоочийн даатгалд хамрагдсан байдаг байна. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээ шаардлагыг зохицуулах зорилгоор жолооч бүрийг заавал даатгалд хамруулахаар энэхүү хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар АНУ-ын Сан Франциско, Япон улсын Осака, Хятад улсын онцгой бүс Хонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэн батлах юм.
Г.Дарь