Азийн зуны спортын XVII наадмын нээлтийн ажиллагаа өчигдөр БНСУ-ын Инчён хотын “Асиад” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. “Бид нэг Ази” гэсэн уриатай Азийн наадмын нээлтийн ажиллагаанд 45 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд наадмын үйл ажиллагаа гурван цаг орчим үргэлжлэв.
Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй БНСУ наадмын нээлтэд Солонгос үндэсний болон орчин үеийн урлагийн үзүүлбэрийг багтаасан шилдэг тоглолтуудыг үзүүллээ. "Инчён-2014" Азийн наадмын бамбарыг БНСУ-ын нэрт жүжигчин Жангим асааж, "Асиад" цэнгэлдэх хүрээлэнд наадмын бамбар бадамлалаа.
Олон улсын Олимпийн хорооны дарга Томас Бах тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирсэн бөгөөд ийнхүү Азийн наадам Инчён хонтоо хөшгөө нээлээ.
17 дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд (OCA) багтдаг 45 орны баг шилдэг тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө. Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчён-2014” наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болох юм.
Дөрвөн жилд нэг удаа тивийн шилдгүүдээ шалгаруулдаг уг наадамд 45 орны 9501 тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө хурд, хүчээ сорино. Монгол Улсаас спортын 23 төрөлд 240 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа өнөөдөр тус наадмын 18 багц медалийн эзэд тодрох юм.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ үзнэ үү.
Энэ удаагийн Азийн наадмыг сурвалжлахаар 9300 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчид Инчон хотноо ирсэн байна. Тэдний хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь зохион байгуулагч БНСУ-ын хэвлэлийнхэн бөгөөд 1084 сэтгүүлч, сурвалжлагч нутагтаа болж буй Азийн спортын наадмыг сурвалжилж байна.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ үзнэ үү.