Обамагийн гэр бүлийн орлого дөрвөн сая доллар

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Обамагийн гэр бүлийн орлого дөрвөн сая доллар

Барак ба Мишель Обамагийн жилийн орлого наад зах нь дөрвөн сая ам.доллар  хүрснийг АНУ-ын засаг захиргааны энэ даваа гаригт нийтлүүлсэн баримтад өгүүлжээ.

Жил бүр Америкийн өндөр тушаалтнууд орлого ба хуримтлал, үнэт цаасаа зарлан нийтлүүлдэг. Конгресс 1978 онд батал­сан хуулиар засгийн аппаратын ажилтнууд хө­рөн­­гө, орлогоо мэдүүлэх ёстой юм. Одоогоор ерөн­хийлөгч Барак Обама болон дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар гэр бүлийн орлого, ашгаа мэдүүлээд байна. Ойрын хугацаанд бусад албан тушаалтнуудын санхүүгийн мэдээллийг Цагаан ордон гаргах гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийн орлого, хөрөнгө нь төрийн тэргүүний цалин (жилдээ 400 мянган доллар), хэвлэгдсэн номын шагнал, банкны хадгаламж, тэтгэврийн сангийн хуримтлал, U.S. Treasuries зэрэг компаниудын үнэт цаас зэргээс бүрэлдэж байна. “Эдгээр баримтуудыг хэвлүүлэх, дүгнэлт хийх нь төрийн албан хаагчдын ашиг сонирхлын болон санхүүгийн зөрөлдөөнийг гаргуулахгүй байхад чиглэсэн. Обамад сонирхлын зөрчил байхгүй” гэж ерөнхийлөгчийн зөвлөх Роберт Бауэр албан ёсны блогдоо өгүүлсэн байна.

Баримтуудыг ил тод болгосон ч ерөнхийлөгч болон эхнэрийнх ашиг, орлогыг нарийвчлан тогтоох боломжгүй. Баримтад нийт орлогыг жагсаасан болохоос тодорхой хэмжээг дурьдаагүй. Гэхдээ бас төдийлөн нарийвчилсан тоо бус багцаа мэдээлэл байгаа. Тухайлбал банкны хадгаламжийн доод хэмжээг 1001-15000 ам.доллар гэсэн байв. Обама Nothern Trust банкинд ийм хэмжээний хадгаламжтай гэжээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч бусад банкуудад бас хадгаламжтай гэнэ. Жишээлбэл, JP Morgan Chase банкинд төрийн тэргүүн “250 мянгаас 500 мянга ам.доллартай”  гэж мэдүүлжээ.
Ерөнхий багцаагаар харвал ерөнхийлөгчийн гэр бүлийн хөрөнгө орлогын хэмжээ наад зах нь  дөрвөн сая, магадгүй түүнээс 2-3 дахин их байгаа бололтой.

Ерөнхийлөгч болохоосоо өмнө хэвлүүлсэн номын шагналд Обама 2010 онд хамгийн доод хэмжээгээр 1,1 сая доллар авсан, гэр бүл нь “U.S. Treasuries” компанийн хоёр сая гаруй ам.долларын  үнэт цаасыг эзэмшдэг. Хэлбэлзлийг тооцвол түүний номын шагнал таван сая хүртэл, үнэт цаасны үнэ нь 10 сая хүртэл ам доллар болж байна. Хөрөнгийн мэдүүлэгт тэд өргүй гэснийг үнэн гэж үзэж болох юм.
АНУ-ын дэд ерөнхийлөгч арай даруухан хөрөнгөтэй. Түүний банкны данс болон эзэмшиж байгаа үнэт цаас нь 250 мянган ам.доллараар үнэлэгджээ. Дэд ерөнхийлөгч банкны өртэй. Үүнд байр, сууцны зээл мөн өөр зарим зээл багтаж байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Бауэрын хэлснээр Байденд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй гэнэ.

Дөрөвдүгээр сарын дундуур АНУ-ын ерөнхийлөгч болон түүний эхнэр 2010 оныхоо ашиг, орлогыг татварын албаны өмнө тайлагнасан байна. Хосууд 2010 онд 1,7 сая доллар олсон нь 2009 оныхоос гурав дахин бага байлаа. Обамагийн гэр бүл холбооны татварын албанд 453 мянга 770 доллар төлсөн байна. Тэргүүн хосууд 2009 онд 5,5 саяын орлоготой байсан бөгөөд нэг сая 792 мянга 414 ам.долларын татвар төлжээ. Барак, Мишель хоёр 51568 ам.долларыг  Иллинойс мужийн татвар болгон өгсөн байна.

Дэд ерөнхийлөгч Жозеф Байден ба түүний эхнэр Жилл нарын орлого харин нэмэгдсэн байна. Тэд 2010 онд 379178 долларын орлоготой байжээ. Байденыхан нэмүү орлогын татварт 86626 доллар өгсөн бөгөөд Делэвэр ба Виржиниа мужид 18 мянга орчим ам.долларын татвар төлжээ. Тэдний 2009 оны орлого нь 333182 ам.доллар байснаас татварт 71147 ам.доллар өгсөн байсан юм.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж