нийгэм, эдийн засгийн талаарх иргэдийн санаа бодлын түүвэр судалгааны
дүн гарчээ. Жилд хоёр удаа явуулдаг уламжлалт судалгааны дүнгээс нэг
үзүүлэлт нь сонгууль дөхөх тусам чухал болдог. Тэр нь ТОП арван
улстөрчийн жагсаалт. Мөн түүнээс дутуугүй чухал үзүүлэлт нь намуудын
рейтинг.
Уг
нь хүмүүс юунд илүүтэй бухимдаж байгаа, тулгамдсан асуудал нь юу
болохыг л улстөрчид хамгийн түрүүнд шүүрч аваад ухаан бодлоо уралдуулан
яриасай гэж иргэд хүсдэг байх. Гэвч иргэдээсээ илүү эрх ашиг, нэр төрөө
дээдлэгсэд маань шилдэг улстөрчийн жагсаалтын төлөө уралдаад эхэллээ
шүү.
Энэ дөрөвдүгээр сарын судалгаагаар Н.Энхбаяр жагсаалтын
хоёрдугаарт бичигдэн топуудыг өнгөлжээ. Нэгдүгээрт Ц.Элбэгдорж, харин
аравдугаарт С.Батболд. /нийслэлд явуулсан судалгаагаар шүү/ Өмнөх
судалгаагаар нийслэлд нэгдүгээрт байсан атлаа хагас жилийн дотор ийнхүү
огцом унасан рейтингдээ Ерөнхий сайд итгэхгүй байж магадгүй. Гэхдээ
энэ бол түүний хувьд яах аргагүй санаа зовох, сандрах асуудал юм.
Тавантолгойн хувьцааг иргэдэд үнэгүй, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр
өгөх шийдвэр гаргасан, хөрөнгийн зах зээлд хөгжлийн үүд нээсэн,
Кембрижийн боловсролын стандартыг экспортолсон, сонгуулийн мөнгөн
амлалтаас татгалзсан зэрэг олон дэвшлийн “зохиогчийн эрх”-ийг нэр дээрээ
авсан Ерөнхий сайдын чансаа буурсан гэхэд итгэмээргүй үр дүн гарчээ.
Мэдээж
судалгаа бол туйлын үнэнийг харуулж чадахгүй ч багцаа, баримжаа болдог.
Тэр тусмаа олон жилийн турш тогтмол, тасралтгүй ажилласан, аль нэг улс
төрийн хүчний талд үйлчлээд байдаггүй “Сант марал” төвийн судалгааны үр
дүн бодит байдалд ойр гардгийг нийгмийн тодорхой хэсэг хүлээн
зөвшөөрсөн. Иймээс ч тус төвийн судалгааны дүнд улстөрчид мэдрэмжтэй
ханддаг. Энэ удаад ч ялгаагүй “Сант марал”-ын судалгааны дүнд үндэслэсэн
дүгнэлтүүдийг сонин, хэвлэлүүд хийж байна. Зарим нь хүлээн зөвшөөрөхгүй
байгаагаа шууд илэрхийлж, тодорхой хэсэг, бүлгийн захиалгыг тусгасан
байна гэж үзлээ. Нэг хэсэг нь бүр үгүйсгэж ч байна. Уг нь бодит байдлыг
хүлээн зөвшөөрсөн талд нөхцөл байдал сайнаар үйлчилдэг хуультай билээ.
Дөрөвдүгээр
сарын судалгаагаар өмнөхөөс чансаа ахисан улстөрчид гэвэл Ц.Элбэгдорж,
/түүнтэй барьцах ч утгагүй байх/ Н.Энхбаяр, С.Ганбаатар, Д.Энхбат.
Судалгаа бүрээр нийслэлд тогтмол топ аравт яваа С.Баяр, Х.Тэмүүжин,
З.Алтай нар энэ удаад ч урд хойноо орсон бол жагсаалтаас Б.Жаргалсайхан,
Л.Гүндалай нар бүр хасагдсан дүр зураг харагдана. Харин чансаа
ахигсдаас Н.Энхбаяр л их олон хүний эгдүүцэл, гайхшралыг төрүүлж буй
бололтой. Хамгийн амжилтгүй яваа, хамгийн муугаар хэлүүлж буй энэ эрхэм
мартагдах яагаа ч үгүй байгааг улстөрчид хүлээн зөвшөөрөх л болох нь.
Иргэд түүнд сайн, муу онооны алийг давамгай өгч байгаа нь тодорхойгүй ч
түүний нөлөөг илүүтэй мэдрээд байгаа учраас ийнхүү нэрлэсэн болов уу.