Ж.Үнэнбат: Хөгжлийн банкыг ямар ч хэлбэрээр байгуулаад хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Ж.Үнэнбат: Хөгжлийн банкыг ямар ч хэлбэрээр байгуулаад хэрэггүй

Эдийн засгийн хямрал банкны  салбарт онцгой мэдэгдэж, үүнийг батлах мэт банкууд хоорондоо нэг­дэж эхлэв. Монгол шуудан, Хадгаламж банкууд нэгд­сэний дараа Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банкууд нэгдэх хүсэлтээ Мон­гол­банкинд хүргээд байгаа би­лээ. Банкууд томрох нь хэ­рэглэгч талдаа ч, хөрөнгө оруулалтын талаасаа ч сайн хэдий ч Монголд өрнөж буй энэ үйл явц эдийн зас­гийн эрүүл үзэгдэл мөн үү гэсэн асуултыг араасаа да­гуулж байна. Энэ талаар Монгол­банкны ерөнхийлөгч, Бан­куудын холбооны ерөнхий­лөгч асан Ж.Үнэнбаттай ярилцлаа.

-Банкууд нэгдэж байгаа нь Монголбанкнаас банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх бодлого барьж  эхэлсэнтэй холбоотой юу, эсвэл  жам ёсны үзэгдэл үү. Ер нь арилжааны банкууд нэгдсэний сайн, муу тал юу вэ?

-Арилжааны банкууд нэг­дэж байгаа нь зах зээлийн шаардлага юм. Гэхдээ үр дүнг нь урьдчилж хэлэхэд хэцүү. Юуны өмнө нэгдэж нийлж бай­гаа зорилго нь юу байна гэдэг чухал.

Банкууд нийлээд үйл ажил­лагааныхаа үр ашгийг дээшлүүлэх, зардлаа багасгах, үйлчилгээнийхээ хүртээмжийг сайжруулах гэхмэтчи­лэнгээр хамтын хүчин чармайлтыг бий болгож чадаж байвал зохистой нийлэлт болно. Өөрөөр хэлбэл  үр дүн нь  1+1=3  болж байвал сайн нэгдэл гэж хэлэх ёстой. Зүгээр нэг томрох, эзэнт гүрэн байгуулсан мэт харагдах төдий буюу  1+1=2  хэвээр байх юм бол мундаг ач холбог­долтой нэгдэл байж чадахгүй.

-Банкууд нэгдэж нийлэх тохиолдол өмнө нь таныг Монголбанкинд байхад ч гарч байсан биз дээ?

-Тухайн үед банкуудын эзэд өөр хүмүүс байсны тэд өөр өөр сонир­холтой байсан. Энэ удаагийн нэгдэлтийн хувьд өмчлөл нь нэг гарт төвлөрсөн учраас механик нэгдэлт гэж харагдахаар байгаа юм. Өөр өөр өмчлөлтэй байгаад нэгдэж байгаа бол илүү сонирхолтой байх байсан. Ер нь бол санхүүгийн салбар хямралыг ил гаргадаг гол суваг байдаг. Салбарын хөгжил дандаа л хямралаас хямралын хооронд явж ирсэн гэж хэлж ч болно. Хямрал гэдэг нь тодорхой нэг болохгүй зүйлтэй тулгарсныг харуулж байгаа хэрэг. Тэрхүү хүндрэлийг  даван туулах жорыг гаргаж өгдгөөрөө хямрал  өөрөө ач холбогдолтой. Тэгэхээр хямралаас айж эмээгээд, хямраагүй мэт царай­лаад байх шаардлагагүй. Гагцхүү хямралаасаа суралцаад гарах гарцаа түргэн олох л чухал. Тэгж чадсан бол Хадгаламж, Ано­дын асуудлууд гарахгүй байсан.

-Арилжааны банкууд Анодын араас орж мэдэх нь гэсэн болгоомжлол хүмүүсийн дунд байсаар байна?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Банкуудын үйл ажиллагааг гаднаас нь харахад хэвийн байгаа мэт өнгөц дүр төрх ажиглагдаж байна. Банк­ны санхүүгийн чадавх үнэн дүр төрх мэдэгдэхгүй байна. Хөндлөн­гийн бидэнд бүү хэл, Монгол­банк­ныханд ч мэдэгдэхээргүй байгаа. Үүнийг уг нь Монголбанк л мэдэх ёстой. “Анод”-ын алдаа ч гэсэн засаглалын алдаа байсан. Монголбанкны хяналт шалгалт ч сул байсантай холбоотой.

-Банзуудын чанаргүй зээлийн хэмжээ дөрөв дахин ихэссэн гэж байна. Чанаргүй зээл  нэмэгдэж байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ дө­рөв дахин нэмэгдсэн гэдэг нь  бат­тай тоо эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Чанаргүй зээл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь манай арилжааны банкууд зээлдэгч­дийн­хээ судалгааг нарийвчлан хийж чад­даггүйтэй холбоотой. Зээлийг зөв мэдээлэлд үндэслэхээсээ илүү барьцаа хөрөнгөнд үндэслэн олгож байгаа нь олон жилийн түүх л дээ. Барьцаа хөрөнгийн үнэлгээнд өөрч­лөлт орох, санхүү эдийн засгийн нөх­цөл байдал өөрчлөгдөх бүрт зээл төлөх чадвар эрс багасч байгаа юм.

-Нэгэнт хямрал бодитойгоор нүүрлээд байгаа нөхцөлд бан­кууд зээлдэгчдэдээ хөнгөлөлт үзүүлж болдоггүй юм уу. Зээ­лийн хугацааг сунгах, зээл төлөл­тийн хэмжээг түр хугацаагаар багасгах гэхчилэнгээр…

-Хугацаа сунгах, хэмжээг буу­руулах гэдэг маань зээлийн анги­лал бууруулах нэг хэлбэр л дээ. Хям­ралын үеийн зээлийн ангилал то­дорхой хэмжээгээр буурсан шүү дээ. Гэхдээ энэ бол тийм сайн арга биш.

-Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөр арилжааны банкууд дагаад зээлийн хүүгээ өсгөж байгаа нь зөв үү?

-Монголбанкны бодлогын хүү гэдэг нь эдийн засагт нийлүүлэх мөнгөний хэмжээнд шууд бус ар­гаар нөлөөлөх зориулалттай. Ингэснээр инфляцийг хянах бо­ломж бүрдэнэ гэсэн үг. Хэрвээ инфляцийг хяналтдаа оруулаад тодорхой хугацаанд барьж чадах юм бол мөнгөнийхөө бодлогыг сулруулж, хүүгээ бууруулдаг онц­логтой. Монголбанкны бодлогын хүүг дагалдаж зээлийн хүү өсч байгаа гэж би бодохгүй байна. Монголбанкны хүү гэхээсээ илүү зээлийн эрсдэлтэй байдал л зээ­лийн хүү өсөхөд нөлөөлж байгаа.

-Ирэх 2010 онд инфляцийг нэг оронтой тоонд барихаар төлөв­лөд байгаа. Ийм боломж байх болов уу?

-Төв банк мөнгөний бодло­гоороо инфляцийг нэг оронтой тоонд барих ёстой. Тийм боломж ч  байгаа. Хэдийгээр төв банкнаас шалтгаалахгүй хүчин зүйл байдаг хэдий  ч Монголбанк инфляцаа  нэг оронтой тоонд барих л учиртай. Манайхан томоохон төсөл дээр гарын үсэг зурчихлаа шүү дээ. Түүнийг дагасан хөрөнгө оруулалт, бизнес манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.

-Уул уурхайгаас олсон орло­гыг ард түмэндээ хувь, хувьцаа болгон тараах талаар ярьж эхэллээ. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Уул уурхайн салбарын орлогыг хуваах талаар ярихаасаа өмнө Засгийн газраас макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн төсвийн бүт­цийн өөрчлөлтийг хийх ёстой. Төсвийн орлогыг олсон хэрээрээ үрж зарцуулах бус тогтворжилтын сан байгуулаад урт хугацааны тэнцвэржилтийг хангахад зориулах учиртай. Мөнгө ороод ирмэгц улс­төрийн болон бусад лобби олноо­роо гарч ирдэг. Тиймээс уул уур­хайгаас олсон хөрөнгөө дотоод­доо бус гадаадад байршуулах ёстой.

-Тэгвэл Монгол Улсын Хөгж­лийн банк байгуулах тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Хөгжлийн банкыг байгуулах ч хэрэггүй. Ямар ч хэлбэрээр бай­гуул­сан өнөөгийн манай засаг­лалын төвшин тэр банкыг ашигтай ажиллуулах нөхцлийг бүрдүүлж чадахгүй. Дотоодын улс төрийн лобби, хариуцлагагүй байдал гэхчилэн олон шалтгаан байна. Банкны  байгууллагын онцлог нь ТУЗ, гүйцэтгэх захирал нь өөр хоорондоо хариуцлага хүлээхийн сацуу ТУЗ, захирлууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Энэ хариуц­лагын тогтолцоо зөв байгаа эсэхэд Монголбанк, холбогдох бусад бай­гуул­лагууд  хяналт тавих учиртай.

-Арилжааны банкуудын эзэн болоод хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл олон нийтэд ил тод байх ёстой гэсэн шаард­лагыг сүүлийн үед тавих болсон. Гэтэл манайхан банкны эздийг бус хадгаламж болон зээлийн хүүг хараад л сонголтоо хийдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ бол маш чухал асуудал. Жирийн нэг харилцагч, хадгаламж эзэмшигч байсан ч ямар хүнд мөнгөө хадгалуулж байна вэ гэдгээ зайлшгүй мэдэх учиртай. Зөвхөн гүйцэтгэх захирал биш, гүйцэтгэх захирлыг томилсон ТУЗ нь хэн хэнээс бүрдэж байна вэ гэдгийг, голлох хувь эзэмшигчдийг мэдэх ёстой. Хадгаламж болоод зээлийн хүүгээс гадна эрсдэл гэж нэг юм байдгийг бодолцох учиртай. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын бүхий л мэдээлэл ил тод байдаг. ТУЗ-ийн гишүүд нь хэн бэ, ямар ямар мэргэжлийн туршлагатай хүмүүс болох талаар дэлгэрэнгүй мэдээлдэг онцлогтой. Манай цөө­хөн монголчуудын хувьд энэ бүх мэдээлэл ил тод байвал сонголт хийхэд илүү амар хялбар болохын дээр итгэлцэл ч бат бөх байх болно.

-Ингэхэд та аль нэгэн банкинд хувьцаа эзэмшдэг үү?

-Үгүй.Гэхдээ аль нэгэн банкинд ТУЗ-ийн гишүүн болох сонирхол бол бий. Сүүлийн үед заавал өмч­лөгч гэлгүйгээр ТУЗ-ийн гишүүн томилох орчин үеийн чиг хандлага ажиглагдаж байна. ТУЗ-ийн ги­шүүдэд гаднаас бие даасан хараат бус хүмүүсийг оруулж мэргэжлийн ур чадварыг ашиглах явдал түгээ­мэл болж байгаа.

-Монголын 16 арилжааны банкны хэд нь гадаад эзэнтэй вэ. Төрийн түшээдээс ч банкинд хувь эзэмшигчид цөөнгүй гэдэг?

-Би энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Банкуудын хувь нийлүү­лэгчид болоод гадаад эздийн та­лаар би мэдэхгүй байхад иргэд мэдэхгүй байх нь аргагүй байгаа биз. Энэ бол банкны нууц биш. Банкны нууц гэдэг бол харилцагч­дын л нууц байдаг.

-Засгийн газрын тэргүүн ажлаа­саа чөлөөлөгдөхөөр бол­лоо. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас банк санхүүгийн салбарт хийсэн ажилд та ямар дүн тавих вэ?

-Хэдийгээр хямрал нүүрлэсэн он жилүүдийг туулсан хэдий ч Засгийн газрын хийсэн олон ажлуудын дотор сөргөөсөө эерэг нь давуу байсан л гэж хэлье дээ. Ер нь бол аливаа улсын хувьд эдийн засгийн бодлого төр засгаас хараат бус байх учиртай. Харамсалтай нь манайд төрөөс ихээхэн хэмжээгээр хамааралтай байгаа.


Д.ЦЭЭПИЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж