Анх удаа ганц хүний жагсаалыг хийж байсан, Ардчиллын түүхэн он цагийн хэлхээсийг бичилцэж явсан ардчиллын партизан Ц.Энхтайвантай ярилцлаа.
-Таныг ардчиллын анхдагчуудын нэг гэдэг. Тухайн үед та бүхэн ямар бодлогоор нэгдэж байв аа?
-1989 оны сүүлч 1990-ээд он бол Монголчууд тэр чигээрээ эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсэн түүхэн он жилүүд байлаа. Энэ түүхэн цаг үед Монголын залуус ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө өөр өөрсдийнхөө чадах бүхнийг хийгээд л явж байсан. Өөрөөр хэлбэл МонголчуудКремлээс хараат биш, бүрэн эрхт Монгол улсаа байгуулах бодлого өрнүүлж, үүнийг нь дэмжсэн хөх галууд Монгол орон даяар энд тэндгүй үүсэж байлаа. Тэр хөх галуудын нэг нь би. Тухайн үед Үнэ стандартын улсын хороонд нягтлан бодогч, жижүүр зэрэг ажлыг хийж байхдаа эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хамт олноо ухуулан сурталчилж, анхны жагсаалыг хийхийг оролдож байсан хүн дээ.
-Анхны жагсаалыг нэлээд хэдүүлээ санаачилсан ч таныг ганцаараа үлдчихсэн гэж ярьдаг юм билээ. Ямар учиртай жагсаал ганцаараа хийчив?
-Тухайн үед Монголчуудад маань “Жагсаал” гэдэг үгтанил биш байсан. Тийм учраас “Жагсаал хийнэ” гэх үг хүмүүсийн сэтгэлд ойр буугаагүй байх. Жагсаал хийх тухай ярьж, төлөвлөж эхэлж байх үед надтай хамт жагсана, тэмцэнэ гэсэн 30 орчим хүн байсан ч эцсийн мөчид би ганцаараа үлдэж байсан түүх бий. Гэсэн ч би шантраагүй ээ.
-Ер нь танд хаанаас “жагсаал хийе” гэдэг санаа яаж төрөв?
-1987 онд нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” гэдэг нийтлэл бичсэн нь нийгэм даяар дуулиан тарьж байлаа. Энэ нийтлэлийг уншаад ер нь жагсаал хийе гэсэн санаа төрсөн. Тэгээд 189 хүний гарын үсэг цуглуулаад, найз нөхдөө дуудаж “Бүгдээрээ Сүхбаатарын талбайд жагсаал хийх хэрэгтэй байна” гээд үндэслэлүүдээ танилцуулахад 30 хүн зөвшөөрч жагсаал хийхээр тохирсон юм. Даанч жагсаал хийхээр товлосон өдөр нөгөө сэтгэл санаа нэгдээд байсан 30 хүн маань намайг орхиод зугатаачихсан даа.
-Тэгээд ганцаараа жагсчихсан хэрэг үү?
-Тэр үед би хаяад явсан нөхөддөө шаралхаад доголон нулимс унагаж, ганцаараа Сүхбаатарын талбайг хэд тойроод Монголын радио руу явлаа. Бас болоогүй замдаа 189 хүний гарын үсэг зурсан өргөх бичгээ “Үнэн” сонин, “Хөдөлмөр” сонинд өгсөн юм. Тэгээд Монголын радиогийн нэг сэтгүүлчтэй уулзаж “Би жагсаал хийх гээд чадсангүй. Найз нөхөд маань хаяад зугатаачихлаа. Би танай радиогоор ярьж болох уу” гэсэн чиньнөгөө сэтгүүлч минийөргөх бичгийг харангуутаа “Өө Монголоронд шинэчлэл өөрчлөлт хийх цаг болсон. Би таныг “8-11” нэвтрүүлэгт оруулаад өгье” гэж уриалагхан нь аргагүй хүлээн авч том тус хүргэсэн хөтлөгч, сэтгүүлч н.Байгальмаад одоо ч талархаж явдаг юм.
-Тухайн үед радиогоор ярих нэлээд цензуртай байсан байх. Та хүссэн бүхнээ ярьж чадсан уу?
-Ярьж чадсан шүү. 1989 оны 10 дугаар сарын 1-ний өдөр миний хувьд түүхэн өдөр.Би Монголын радигоор бүх Монголчууддаа хандан “Монголчуудаа тусгаар тогтнол, ардчиллынхаа төлөө тэмцэцгээе. Газар шорооныхоо эзэн болцгооё. Бид аугаа их эзэнт гүрнийг байгуулсан Их Чингис хааны үр сад. Тийм учраас газар шороогоо хамгаалж тусгаар тогтносон Монгол улсаа байгуулцгаая” гэж уриалсан юм. Түүнээс хойш Ховд хотод ардчиллын төлөөх цуглаан болж, дараа нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гээд хотуудад хөдөлгөөн өрнөж эхэлсэн.
АРДЧИЛСАН НАМ АРДЧИЛСАН ХОЛБООГ ХАГАРАЛДУУЛСАН ДҮЛЗЭНГҮҮД БИЙ
-Ардчиллын “Алтан хараацай”-нуудтайгаа бол ойр дотно байдаг биз дээ?
-Байгаа, байгаа. Ганцаараа жагсаал хийх гэж оролдсоноос хойш зориг мохоогүй. Харин ч Арчилалын анхны он жилүүдэд болж байсан бүх жагсаал цуглаанд оролцож явлаа. Тухайн үед Дарь.Сүхбаатар, н.Нинж, Д.Сосорбарам нарын залуучуудтай хамт Дуурийн театрынойролцоо жагсаал хийж түүнээс хойш болсон бүх жагсаалд оролцсон.
-Тухайн үед жагсаал хийж байсан залуусын уриа, зорилго өдгөө хэр биелсэн бол?
-Тухайн үед жагсаж байсан залуус “Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол улсаа байгуулна” гэсэн үзэл бодолтой байсан. Минийх ч мөн ялгаагүй. Тиймээс би анхных нь өдрөөс эхлээд л дэмжсэн. Мөн “Чингисийн Монгол” гэж улс байна гэдгийг дэлхий даяар өргөн далайцтай мэдүүлэх, ойлгуулах бодол өвөрлөж, ухуулан сурталчилж, тэмцэж явсны үр дүнд 24 жилийн дараа Чингис хааны талбайтай боллоо. Би 1970-аад оны үед Чингис хааны хөшөөтэй болохыг хүсэж мөрөөдөж, тухайн үеийн хүүхэд залуучуудад “Бид Чингисийн Монгол шүү” гэдгийг хэлж ойлгуулж явсан юм. Одоо Чингисийн Монголыг дэлхий даяараа мэддэг боллоо. Бүрэн эрхт, тусгаар улсаа байгуулж, ардчиллын амт шимтийг мэдэрч байна шүү дээ. Монгол хүн аль дуртай орон руугаа очиж сурдаг, ажилладаг, амьдардаг, жуулчилдаг боллоо. Монгол хүн хийе, бүтээе гэсэн бүхнээ хийж чаддаг боллоо гээд яриад жагсаагаад байвал дуусахгүй урт жагсаалт гарна. Товчхондоо эзэн Чингисийн эрх чөлөөт Монголчууд болж чадсан байна шүү дээ.
-Тухайн үед АН-д одоогийнх шиг ийм олон фракц байгаагүй байх. Намын төлөө гэсэн нэгдмэл нэг бодлоготой байсных уу, аль эсвэл…?
-Ер нь бол фракцитай байсан. 1996 онд Ардчилсан нам ард түмний саналыг авч ялалт байгуулаад Засгийн эрхийг авсан. Ялалт байгуулаад дөнгөж гарч ирсэн залуу нам дотор зарим нэг дүлзэнгүүд хор хутгаснаас үүдэн ийм олон фракц үүсэх эх суурь тавигдаж түүнээс хойш хичнээн ч олон фракц төрөв дөө.Ер нь бол өөр намын тагнуулуудын хийсэн ажил.
-Та яаж мэдэж байгаа юм бэ?
-Би Улаанбаатарын унаган хүүхэд. Хэн хаана юу хийж байгааг би бүгдийг нь мэднэ. Баримттай ярина. Би худлаа хэлэхгүй.
-Тухайн үеийндүлзэнгүүдийн хийсэн “ажиллагаа” одоо хүртэл үргэлжилж байна гэх гээд байна уу?
-Тийм ээ, Дүлзэнгүүдийн хийсэн хорон муухай бодлого өнөөдөр хүртэл үргэлжилж байна. 1996 онд АН-ынханыг хагаралдуулах яс хаясан үйлийнх нь үргэлжлэл. Тэднийхийсэн бүхэн явсаар АН болон Ардчилсан холбооны дунд том ан цав гарсан.
НАМ ДОТОРХ ХАГАРЛЫН ЗОЛИОС, ХОХИРОГЧИД НЬ АРД ТҮМЭН БАЙДАГ
-Тухайн үед нам доторх хагарлын хохирогч болон хожигч нь хэн байсан бэ?
-Энэ хагарал маш хортойгоор үргэлжилсэн шүү дээ. Хөөрхий, ард түмэн маань “Зөв бодолтой, эрч хүчтэй залуучуудаар эх орноо удирдуулъя, залуучуудад эрх мэдлийг нь өгье” гээд АН-ыг гаргасан. Ард түмнийхээ энэ сайхан дэмжлэг, итгэл найдвар, үнэлж баршгүй тусыг зөв ашиглаж,1990 онд жагсаж явсан хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх ёстой байтал тэгж чадаагүй. Учир ньМАХН-ын нэг дүлзэн АН-д орж ирээд хагалан бутаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлжМоАХ гэдэг фракцыг бий болгосон. Олгой хагаравч тогоон дотроо гэдгийг манайхан ухаараагүй. Дүлзэнгийн урхинд орж, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг түжигнэсээр эцэс сүүлдээ нэр хүнд ч үгүй болж, дараагийн сонгуулиар навс ялагдаж дүлзэнгүүдийн ажиллагаа амжилттай болж хожсон. Ардчилсан нам урхинд орж хожигдсон, харин нам доторх хагаралын гол хохирогч нь ард түмэн л байсан. Хагарлын уршгаар ард түмэн хохирсон. Итгэлээрээ тоглуулсан. Ер нь тухайн үед ч биш одоо ч нам дотроо хагаралдан, хорлолдож байгаагийн хохирогч нь ард түмэн л байх болно. Үнэн худлыг дэнслэх боломж үгүй болсон байна. Муухай харагдуулъя, Засгийг унагаая гэж бодсон, санал нэгдсэн л бол туулайн чинээ хараар уулын чинээ цагааныг будаж харлуулаад муухай харагдуулж байна. Ард түмний тархийг угааж төөрөлдүүлж байна. Ард түмэн юу болж байнаа гээд л гайхаж байх зуур бүх процесс болоод л өнгөрнө. Тухайн үедтэр дүлзэнгүүдийн хийсэн “ажиллагаа”-г хөөрөгдөж, хүчийг нь авахуулсан бүлэг бий. Тэр үед МАХН-ын Н.Энхбаяр тэргүүтэй, 25 хүнтэй сөрөг хүчин байсан. Тэд энэ байдлыг дэвэргэж, гал дээр тос хийж өгсөн шүү дээ. Дундаа хагарч 2 фракц болсон намаас угшилтай Засгийн газрын ажлыг яаж хийлгэх юм. Дунд нь “ажиллаад” ард түмний толгойг эргүүлж, угаагаад л. Олон жил төрийн эрхийг барьсан хүмүүс чинь улаан Оросоос маш их туршлага хуримтлуулаад, өөрсөддөө нутагшуулчихсан.Хүний хийсэн бүтээсэн, хэлсэн ярьсныг мэргэжлийн өндөр түвшинд мушгидаг, мурьдаг улстөрчидболж туршлагажсан байна. Тэр талаараа мэргэшчихсэн. Тэгээд Ардчилсан холбоо болон Ардчилсан намын дунд бий болсон гүнзгий хагарлыг ашиглан мушгиж, мурьсаар 4 удаа Засгийн газар байгуулж, 4 удаа унагаасан. Тэр Засгийн газар 4 жилд юу хийж чадах юм бэ, юу ч хийж чадаагүй нь ойлгомжтой. 2000 оны сонгуулиар 76 хүний чинь 74 нь МАХН-ынхан болоод үлдсэн нь АН байсан. Энэ гай гамшгаас үүдэн хамгийн ихээр хохирсон хохирогчид бол Монголын ард түмэн. Дараа нь намын үндсэн чиг шугам үндсэндээ алдагдаж, тэр хагарлын ул мөр өнөөг хүртэл үргэлжилж байна.
-АН-хан одоо ч бас энэ л тактикаараа Засгийн газарруугаа дайраад байгаа юм биш үү?
-Товчхондоо бол тийм. АН хагарч МоАХ гэдэг фракцитай болсны дараа “Шонхор” гэдэг бас нэг фракц гараад ирсэн. Толгойлогч нь одоогийн УИХ-ын дарга З.Энхболд. Эдгээр хагалан бутаргах фракциуд бий болохоос өмнө ард түмэн буюу сонгогчид АН-ыг “Ардчилсан хүчнийхэн” гэж хэлдэг байсан. “Ардчиллын хүүхдүүд” гэж ярьдаг байсан. Гэтэл ард түмний өгсөн энэ сайхан нэр хүнд дотроо юу агуулж явдаг нь мэдэгдэхгүй. Амбицандаа хөтлөгдсөн тэнэг, муухай хүмүүсийн явуулгаас болоод устан үгүй болж, муу хэлэгдэж, дотроо хагаралдан тэмцэлдэж, нэр хүнд нь унаж байна. Энэ хэвээрээ байвал АН нэр хүндээ алдаж, хүч тамир нь суларна. Ингэхээр бусад намуудын зууш болж ялагдана, юу ч хийж чадахгүй болно л гэсэн үг. Ард түмэн 24 жилийн дараа буюу 2012 онд Ардчиллаа сонголоо. Ардчилсан хүчнийхэн Засгийн эрхэнд гарч ирээд ажлаа хийх гэтэл урьд өмнө ялагдаж үзээгүй МАН-ынхан чинь нөгөө л аргаараа янз янзын үйл ажиллагаа явуулж, өөрсдийнхөө баталсан хуулиа өөрсдөө зөрчин тоглолт хийж байна. Наад зах нь бүлэг байгуулах хуулийг өөрсдөө хийчихээд түүнийгээ зөрчин бүлэгээ байгуулахгүй явж хэсэг маазрав. Өөрсдөө бүлэгээ байгуулахгүй гэдийж явсаар хуулийн хугацааг нь хэтрүүлчихээд “Манай бүлгийг байгуулсангүй” гэж хэл ам хийж Засгийн ажилд саад болж 2012 оны намрыг бараа биз дээ. Тэгээд 2013 он гарангуут буйдантай суулт хийсэн. Энэ нь бас хэдэн сарыг нь авсан. Дараа нь МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж тавьсан ”Давхар дээл”-ний асуудлыг барьж аваад Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг хийлгэхгүй 7 сар болгочихож байгаа юм. Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн дээлээ нөмгөн өмсөж муу ёрлон, талбай дээр дээлээ тайлж шидээд бөөн шоу хийхийг ард түмэн харсан. Эсэргүүцсэн.Засгийн газрын ажлыг туших энэ арга нь явуургүй болоод ирмэгц дараагийн шоу руугаа орж нүүрс яриад эхэллээ. Энэ мэт явуургүй ажиллагаанууд Засгийн газрын ажилд байнга чөдөр тушаа болж байдаг. Цаашдаа энэ башир арга нь дараагийн сонгууль хүртэл үргэлжилнэ. Ийм башир арга улстөрд байж болохгүй ээ.
ӨМНӨХ ЗАСГИЙН ҮЛДЭЭСЭН ӨРЭНЭ ЗАСАГТ “ӨВЛӨГДСӨН”-ЫГ МЭДЭХГҮЙ ГЭВЭЛ МУНХАГИЙН ТУЙЛ БОЛНО
-Шинэчлэлийн Засгийн газрын өр шир их байна гэсэн шүүмжлэл бий. Энэ нь бас л улстөрийн тоглолт уу?
-Улстөрийн шоуных нь үргэлжлэл гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Сү.Батболдын Засгийн газрын үлдээсэн өр Шинэчлэлийн Засгийн газарт “өвлөгдсөн”-ыг мэдэхгүй гэвэл мунхагийн туйл болно биз. Сү.Батболдын үлдээсэн өр нь 1 тэрбум 50 сая ам.доллар. Нөгөө сар бүр олгодог 21 мянган төгрөг, залуу гэр бүлийн 500 мянган төгрөг гээд сонгуулийн амлалтанд зориулж тараасан мөнгө төгрөг нь өр зээл болж үлдсэн. Ингээд Сү.Батболдын Засгийн газрын тавьсан өрийн балгийг Шинэчлэлийн Засгийн газар үүрч, одоо өрийг нь төлөх гээд дийлэхгүй байгаа биз дээ. Нүүрсээ өдөр болгон ачуулаад л зөөгөөд байдаг, хүүг нь ч дийлэхгүй байна. Өмнөх Засгийн газрын хийсэн гэрээ нь Монголд ямар ч ашиггүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөхөд дагаад өсөх асуудлыг тусгаагүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унахад дагаад унаад байх тийм л муу гэрээ байгуулсан. Ийм гэрээ байдаг юм уу.
-Тэгвэл Чингис бонд, Самурай бондны тухайд?
-Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газраас ийм их өртэй хүлээж авсан юм чинь үйл ажиллагаагаа хэвийн явуулах мөнгөгүй байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс дэлхийн банк санхүүгийн байгууллагаас 1,5 тэрбум төгрөгийн “Чингис бонд” гаргаж, зээл авсан байх. Дараа нь “Самурай бонд” гаргасан.
-Энэ мөнгөөр яах гэж байгаа юм бэ? гэдэг асуултыг бүгдээрээ л асуудаг. Энэ мөнгөөр өөрийнхөө үйл ажиллагааг явуулж, ард түмнийхээ төлөө юм хийж байгаа. Наад зах нь эхлээд хаячихсан замуудад хөрөнгө оруулдаг юм байгаа биз дээ. 11 аймагт аппарат суурилууллаа. Энэ монголын ард түмэнд хэрэгтэй юу, хэрэгтэй шүү дээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 7 хоног бүр тайлан мэдээлэл өгч байна. Ийм юм хийж байна, одоо ийм явцтай байна гэх мэтээр. Ингэж ил тодоор тайлангаа тавьдаг Ерөнхий сайд урьд өмнө нь байл уу, бодоод үзээрэй. Ийм нээлттэй Ерөнхий сайд байл уу. Үүлтэй тэнгэрт амьдардаг юм шиг үзэгдэж харагддаггүй, харагдаж үзэгдэхээрээ хар нүдний шилтэй залуусаар хамгаалуулж, хүн амьтан ойртуулдаггүй, амнаас нь алт унах гэж байгаа юм шиг ярвайсан, ямба нь хэтэрсэн нөхдүүд л харагддаг байсныг ард түмэн мартаагүй байгаа шүү. Хоног бүр тайлангаа тавьдаг Засгийн газар бүү хэл яам агентлаг ч байхгүй. Үүнээс илүү яаж тайлан тавиулж, нээлттэй байлгах гэсэн юм. 200-300 мянга хүрч байсан портер нүүрсийг нь 80 мянга болгоод өглөө. 80 мянга болгоод өглөө гэсэн чинь АТГ “Ард түмнээ хямд нүүрсээр хангалаа” гэсэн юм шиг мөнгө төгрөг идсэн уусан болгож давхиад, там болсон замуудыг нь эхнээс нь янзлаад зам болгож эхлэхээр ажил хийхгүй байна гэж чичилж хойш татаад л, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр шоудлаа гэх, жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхээр ялгалаа гэх. Энэ мэтээр эрс шинэчлэл хийж байгаа Шинэчлэлийн Засгийн газрыг муухай харагдуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлүүлээд л байна шүү дээ.
Н.ЗАЯА