Үүний зэрэгцээ 1979 онд II Елизаветагийн нөхөр Эдинбургийн герцог, жонон Филипийн авга лорд Луис Маунтбеттен Ирландын Слайго гүнтний аймгийн Слайго-Бэй хотноо алагдсан. Хэт даврагч Ирландын бүгд найрамдахчуудын арми уг аллагыг зохион байгуулсан нь харилцаанд сөрөг нөлөөг үзүүлжээ.
Тавдугаар сарын 17–20-нд II Елизавета дагалдан яваа жонон Филипийн хамт Дублин, Килдэр, Типперэри болон Кроук хотод айлчилна. Кроук хот нь Ирландын тусгаар тогтнолын 1920 оны дайныг өдөөсөн түүхтэй. Тэр жил Британийнн цэргийнхэн болон цагдаа нар Кроук-парк цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн тэмцээн үзэхээр цугларсан олныг буудан 14 хүний амь үрэгдсэн юм.
Айлчлалын эхлэлд тус улсын ерөнхийлөгч Мэри Макэлис хатан хааныг нөхрийнх нь хамт Дублин дэх өргөөндөө угтан авлаа. Елизавета хэд хэдэн арга хэмжээнд оролцон “Дурсгалын цэцэрлэг” цогцолбор, Тринити-коллеж, Засгийн газрын ордноор зочлов. Дублины шилтгээнд хатан хаанд зориулсан албан ёсны дайллага дээр эрхэм дээдэс үг хэлжээ. Мөн энэ үеэр Ирландад Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Ирландын ерөнхий сайд Эндо Кеннитай хоёр талын харилцааг сайжруулах талаар ярилцана.
Ирландын ерөнхийлөгч Макэлис засаг барьж байгаа сүүлийн саруудад хатан хааны айлчлал болж байна. Ирландын ерөнхийлөгч 2011 оны сүүлээс өмнө албан тушаалаа өгөх юм. Ирландын өмнөх ерөнхий сайд Брайан Коуэн жилийн өмнө энэ айлчлалыг Макэлисийг албан тушаалаа өгөхөөс нь өмнө хийлгүүлэхээр найдаж буйгаа хэлж байсан юм. Айлчлалын өмнө Макэлис Ирландын RTE теле, радио компанид өгсөн ярилцлагадаа “одоо бол айлчлалын хамгийн таатай үе”, “түүхэн гайхамшигтай үйл явдал” гэж хэлжээ. Хатагтай Макэлисийн үзсэнээр талууд энэ айлчлалыг зохион байгуулсан нь энхийн үйл ажиллагаа амжилттай өрнөж буйг харуулж байгаа гэнэ.
Хатан хаан II Елизаветагийн айлчлал нь Нэгдсэн вант улс ба Ирландын хоорондын “улс төрийн хий үзэгдлүүдийг булшлах ёстой” гэж шинжээчид бичиж байна. Айлчлалын үр дүнд хоёр тал эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлсэн алхам хийх бололтой.
Олон нийтийн санал асуулгаар ирландчуудын 81 хувь нь хатан хааны айлчлалыг дэмжжээ. Гэхдээ айлчлалын эсэргүүцэж байгаа тодорхой хэмжээний хүмүүс ч байна.
Тухайлбал энэ айлчлалыг “Шинн фейн” гэдэг бүгд найрамдах намынхан эсэргүүцэж байгаа гэнэ. Намын төлөөлөгчид эхнээсээ үүнийг хэзээ ч дэмжихгүй гэж байсан юм. Хатан хааны айлчлалын үеэр хэд хэдэн зүүний намын, хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Гэхдээ орон нутгийн засаг, захиргаа тэднийг айлчлалын замаас хол байлгахаар амласан байлаа. Үүнтэй зэрэгцээд Ирландын цагдаагийн алба тус орны түүхэнд байгаагүй аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаатай зохион байгуулж байгөө бөгөөд 8000 гаруй цагдаа оролцох юм байна.
Айлчлалын өмнөхөн Дублины гудамжуудыг аюулгүй байдлын албаныхан шалган, гудамжны жагсаалын эсрэг мэргэшсэн мэргэжилтнүүдийг ус шүрших машинтай нь байрлуулаад байна. Орон нутгийн засаг захиргаа хатан хааныг дагалдан яваа Скотланд-ярдын ажилтнуудад зэвсэгтэй байхыг зөвшөөрчээ. Террорист халдлага болж магадгүй гэсэн түгшүүр айлчлалын өмнө нэмэгдсэн. Британийн нийслэлийн төвд Ирландын хэт даврагчдын тавьсан гэх тэсрэх төхөөрөмжийн тухай мэдээллийг Лондоны цагдаа авч Трафальгарын талбайн ойролцоох гудамжийг хааж шалгаж байсан юм.
Хэдэн долоо хоногийн өмнө Ирландын хэт даврагчдын “Жинхэнэ ИРА” (Real IRA) гэх бүлэглэл Британийн хааны айлчлалыг эсэргүүцэн Умарт Ирландад террорист халдлага хийнэ гэж сүрдүүлж байлаа. Ирландад хийж байгаа сүүлийн 100 жилийн эхнийх болох Их Британийн хатан хаан II Елизаветагийн дөрөв хоногийн айлчлал нь Дублин хотын дагуул хотод гар хийцийн тэсрэх бөмбөг илрүүлсэн мэдээгээр эхэлсэн юм. Sky News мэдээлснээр, хатан хааныг ирэхийн өмнө Мейнут хотын автобусны ачаанаас уг бөмбөгийг илрүүлжээ. Хэдэн цагийн дараа Дублины цагдаа нар трамвайн буудлаас бөмбөгтэй төстэй төхөөрөмжийг олж, армийн саперуудыг дуудан авчран шалгахад бөмбөгний хиймэл дүрс байжээ. Энэ үеэр Лондонд Букингемийн ордны ойролцоо сэжигтэй чемодан байсныг устгасан байна. Гэхдээ чемоданд тэсрэх төхөөрөмж байсангүй.
Иймэрхүү сонинтой байгаа ч хоёр тал энэ айлчлалыг хоёр үндэстний өмнөх сөргөлдөөнт үеийн хуудсыг эргүүлсэн түүхэн чухал үйл явдал болно хэмээн найдаж байна.