-Бид Үндсэн хуулийн өөрчлөлт рүү яаралтай орох ёстой. Тэр тусмаа иргэний хөдөлгөөнүүд, бүх нам ерөнхийдөө Монголын нийгмийн төлөөлөл хангалттай сайн орж ирсэн энэ парламент Үндсэн хуулийн асуудлыг ярьж, өөрчлөлт оруулах шийдлийг гаргах нь зөв алхам болно-
УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганы эхэнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ. Бүрэн эрхийнхээ хугацааны талыг нь туулчихаад одоо ийм шийдвэр гаргах нь хэр оновчтой вэ. Та хувьдаа энэ асуудалд ямар байр суурьтай байна. МҮАН энэ асуудлыг ярьсан уу?
-Нам, бүлэг энэ асуудлаар тухайлан хуралдаагүй. Ер нь бол Засгийн газрыг тэргүүлж байгаа хүн сайд нараа солих бүрэн эрх өөрт нь бий. Ерөнхий сайд шийдсэн бол тэрийг УИХ ёсоор нь болгох ёстой гэж бодож байна, зарчмын хувьд.
Гэхдээ Засгийн газрын сайд нарыг ганц нэгээр нь өөрчлөөд, тэр байтугай Засгийн газрыг бүхэлд нь өөрчлөөд бидний хүсэн хүлээж байгаа том өөрчлөлт Монголд ирнэ гэж би итгэхгүй байгаа. Энэ бол нэг их онцгой ач холбогдолтой улс төрийн том шийдэл болж чадахгүй.
-Тэгвэл та оронд нь юу санал болгож байгаа юм бэ?
-Бид Үндсэн хуулийн өөрчлөлт рүү яаралтай орох ёстой. Тэр тусмаа иргэний хөдөлгөөнүүд, бүх нам ерөнхийдөө Монголын нийгмийн төлөөлөл хангалттай сайн орж ирсэн энэ парламент Үндсэн хуулийн асуудлыг ярьж, өөрчлөлт оруулах шийдлийг гаргах нь зөв алхам болно гэсэн байр суурьтай байна. Засаг солигддог юм уу, хэн нэгэн сайдыг өөрчилснөөр өнөөдрийн Монголд нүүрлэсэн том хямрал, том зарчмын өөрчлөлт, энэ системийн алдаа завхралыг өөрчлөх тийм шийдэл болж чадахгүй.
-УИХ-ын хаврын чуулганы үеэр та МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл Засгийн газарт хамтарсан боловч 2012 оны сонгуульд ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид ийм байдлаар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тааруу байх юм бол Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг ч хөндөхөд болохгүй зүйлгүй гэж байр сууриа хатуу илэрхийлсэн. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудал орж ирэхээр та энэ асуудлаа дахин тавих уу?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд биелэлтийг ярих ёстой. Бүрэн эрхийн хугацааны тал нь өнгөрчихлөө, батлагдах ёстой хуулиудаас хэд нь батлагдав, амлалтууд ямар төвшинд явж байгаа юм, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байна вэ, цаашид хэдэн хувийг хэрэгжүүлэх боломжтой байгаа юм бэ гэдэг асуудлыг өнгөрсөн хавар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Намрын чуулган эхлэхээр энэ асуудлыг УИХ хэлэлцэж, эрчимжүүлэх арга хэмжээ авах байх гэж бодож байна.
Миний хувьд нэг л юмыг яриад байгаа, мөрөөдлийн бүх амлалтыг дөрвөн жилийн хугацаанд биелүүлэх боломжгүй, энэ дэнжгэр Засгийн газар. Тэгэхээр энийгээ бүхэлд нь ойлгож харах ёстой юм. Гэхдээ Н.Алтанхуягийн танхим мөрийн хөтөлбөрийг биелүүлж чадахгүй нь, түүний танхимыг өөрчилье гээд ч дараа нь хөтөлбөрийг 100 хувь биелүүлдэг Засаг гарах юм уу гэхээр бас үгүй.
Энэ маань юуг харуулаад байна вэ гэхээр ерөөсөө л бид Үндсэн хуулийн өөрчлөлт руу яаралтай орж, төр засгийн тогтворгүй байдал, дөрөв, дөрвөн жилээр амьдралаа төлөвлөдөг, нэг Засгийн газраас нөгөө Засгийн газрын хооронд амьдардаг, ямар ч бүтээн байгуулалт хийх бололцоо байхгүй, хэт улстөржсөн хоёр хуваагдсан улс төрийн энэ системийг халах цаг болсон байна гэж үзэж байгаа. Түүнээс биш нэг Засгийн газрыг нэг сайдыг юугаар ч дөрөөлөөд баалж болно, юугаар ч дөрөөлөөд огцруулж болно. Тэр бол асуудлын шийдэл биш шүү дээ.
-Өнөөгийн парламентад үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд Үндсэн хуульд цогцоор нь өөрчлөлт оруулж, батлах боломж байгаа юм уу. Парламент дахь намууд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэдгийг эхэлж ард түмнээсээ сонсох ёстой. Түүний дараа УИХ шийдвэрээ гаргах ёстой. Ер нь тэгээд амжих ч үгүй дээ, хоёр жил үлдлээ гэх юм. Энэ нь илүү хойш тавих хандлагыг харуулаад байх шиг?
-Аль болох яаралтай энэ асуудлыг шийдэх ёстой. Тэгэхгүй бол улам л буруу зүгт яваад байгааг бүгдээрээ хараад мэдэрч байна шүү дээ. Төр нэг л биш байна, энэ систем болохгүй байна гэж… Хэр хурдан өөрчлөлтийг хийж чадна, төдий чинээ л бидэнд хэрэгтэй. Хэрвээ парламентын төвшинд шийдэж чадахгүй бол ард түмний санал асуулгыг хэрэглэх бололцоо байгаа. Ард түмний санал асуулгын тухай хууль бий, 20 жилийн өмнө батлагдсан боловч нэг ч удаа хэрэглээгүй. Түүнийг хэрэглэх ёстой. Уг хуулийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах бүрэн бололцоо бий.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд өнөөгийн парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэх асуудлыг зарим гишүүн хөнддөг. Шинэ Үндсэн хуулийг баталж байх үед Монголын хүн ам одоогийнхтой харьцуулахад цөөн байсан. Харин одоо 3 сая руу дөхөж явна. Ийм үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой ч гэдэг юм уу. Нөгөө талдаа хууль боловсруулахад 76 гишүүн хүч хүрэхгүй байна гэх. Та санал нийлэх үү?
-Тийм хүмүүс бий. Гэхдээ би гишүүний тоог нэмэх нь ганц шийдэл, ганц гарц гэж харахгүй байгаа. Цогцоор нь төрийн бүтцээ харах ёстой. Гишүүдийн тоог нэмээд болчихно гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Ядаж л сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг, сөрөг хүчин нь эерэг хүчин болж тоглодог, хамтдаа нэг жолоон дээр сууж байж, нэг нь нөгөөгөө унагавал дараагийнх нь бидний олз учраас өнөөгийн эрх баригч хүчин муу байвал бидэнд сайн гэдэг ийм тоглоомын дүрмээр тоглож ирсэн, энэ дүрмийг халах ёстой. Тийм учраас парламент дахь гишүүдийн тоог нэмэх, хасах нь дараагийн асуудал. Ярьж байгаад шийдэж болно биз. Хамгийн чухал асуудал нь гишүүдийн тоо биш гэж би бодож байна.
-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, дүн тавих асуудлын нэг нь Засгийн газрын санаачилан хэрэгжүүлсэн “Эзэн-100” хөтөлбөр. Эдийн засагт эерэг нөлөөллүүд гарсан уу, та хувьдаа ямар дүн тавьж байгаа вэ?
-Ямар ч байсан Ерөнхий сайд хичээж ажилласан, Засгийн газар ажилласан. Зарим нэг эерэг үр дүн гарсан байх. Ханшнаас эхлээд. Гэхдээ онцгой сайн байсан гэж хэлэх үндэслэл байхгүй. Засгийн газар “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийнхээ тайланг тавина. Тэр үед гишүүд шүүж, ярилцана биз ээ.
Г.НАРАН